Хятад улс саяхан “Шэньжэньд Хятадын онцлогтой социалист жишиг бүсийг түрүүлэн байгуулах шинэчлэлтийн туршилтын цэгийн төсөл (2020-2025 он) ”-ийг батлан тараажээ. Тус төсөлд Шэньжэнь гол гол салбар болон чухал үйл явцын шинэчлэлтийн талаар илүү бие даасан эрхтэй байхыг баталж, Шэньжэнь улам өндөр төвшин, дээд давхаргад илүү холын зорилт тавин шинэчлэл хийж нээлттэй байлгахыг дэмжихээ баталгаажуулжээ.
Тус төсөлд тэмдэглэхдээ, Шэньжэний банк санхүү, тээврийн салбарыг илүү нээлттэй байлгаж, Шэньжэньд байгаа эрх бүхий Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн санхүүжилт нийлүүлэхийг дэмжинэ. Эрх бүхий гадаадын банк санхүүгийн байгууллага Шэньжэньд хуулийн дагуу үнэт цаасны компани, сангийн менежментийн компани байгуулахыг дэмжинэ. Эрх бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Шэньжэньд хууль дүрмийн дагуу төлбөрийн бизнес эрхлэх зөвшөөрөл авахыг дэмжих ёстой гэжээ.
Төсөлд тэмдэглэхдээ, шударга нээлттэй зах зээлийн орчныг цаашид сайжруулж, Хятадын зах зээлд орохыг зөвшөөрөх нийтлэг сөрөг жагсаалтын суурин дээр Шэньжэний зах зээлд нэвтрэх хөнгөлөлттэй онцгой бодлогын жагсаалт боловсруулан, эрчим хүч, мэдээлэл холбоо, олон нийтийн салбар, зам тээвэр, боловсрол зэрэг салбарын зах зээлд нэвтрэхийг түлхүү дэмжих ёстой. Техникийн тэргүүлэх салбарт нийлүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид дэмжиж, шударга өрсөлдөх тогтолцоог сайжруулахыг дэмжинэ гэжээ.
Цахим юанийн судалгаа хэрэглээ болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих тухай тус төсөлд бас тодорхойлжээ.
