
Шэнь Хунбяо ба “Босоо Монгол Хүн”
Нэгэн аварга том хүрэл хөшөө Парис хотын “Rue Soufflot” гудамжинд байрлах “Pantheon” дуганы үүдэнд сүндэрлэж, хотын иргэд, жуулчид, оюутнуудын анхаарлыг татаж байна хэмээн “LE FIGARO” сонин олон жилийн өмнө мэдээлж байсан аж. Энэхүү баримлын тухай олон олон сонирхолтой баримтуудыг хараад энэ тухай мэдээлэл цуглуулан та бүхэндээ сонирхуулахаар шийдсэн билээ.


“Pantheon” дуганы үүдэн дэх “Босоо Монгол Хүн”
Дөрвөн метр өндөртэй энэхүү баримлыг Хятадын Төвийн Уран зургийн дээд сургуулийн Уран баримлын салбарын дэд профессор Шэнь Хунбяо 2009 онд анх бүтээж байсан бөгөөд “Босоо Монгол Хүн /Мэн Гү Рэнь Жань/” нэртэй энэхүү баримлыг өмнө нь Бээжин Их Сургуульд дэлгэн, хүмүүсийн ярианы төвд орж байсан түүхтэй юм байна.
Шэнь Хунбяо 2007 онд Франц улсын Сорбонн Их Сургуулиас Дүрслэх урлагийн мэргэжлээр докторантын зэрэг хамгаалсан ба “Pantheon” дуганы үүдэнд байрлах түүний энэхүү уран бүтээлийг Сорбонн Их Сургууль мөнхөд хадгалан үлдээхээр шийдсэн байна. Харин “Босоо Монгол Хүн”-ийг Сорбонн Их Сургуульд нүүлгэлгүй, энд нь үүрд байрлуулах тухай саналыг асар олон интернет ашиглагчид тавьж байсан юм.
Шэнь Хунбяо уг уран бүтээлийнхээ тухай хэлэхдээ:
- Монгол хүнийг хүндлэн биширдэг сэтгэлээ энэхүү уран бүтээлээрээ тодруулсан. Мөн “Босоо Монгол Хүн”-ийг харсан хүн бүгд төв шударга хүн болохоор хичээгээсэй гэсэн зорилго тавьж байсан юм. Өөрөөр хэлбэл уг бүтээлийн маань утга учир нь монгол хүний чин үнэнч, төв шударга, тэвчээртэй, багтаамжтай зан чанарыг тодруулахад байгаа юм гэжээ. Мөн түүний энэхүү уран бүтээлийг сүүлийн жилүүдэд олон олон газарт байрлуулах болжээ.

Бээжин Их Сургуулийн хүрээн дэх “Босоо Монгол хүн”
Бээжин Их Сургуулийн дэргэдэх Гуан Хуа Менежментийн дээд сургуулийн хүрээнд байрлах “Босоо Монгол хүн”-ий тухай Шэнь Хунбяо хэлэхдээ:
- Эрч хүчний бэлгэ тэмдэг болно. “Оюун билэг бол эрч хүч” хэмээх утга учрыг сургуулийн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийг зорьсон. Нүцгэн баримал босгодгийн учир нь эрх чөлөөтэй сэтгэхийг уриалсан санаатай гэж тайлбарлажээ.

Алибаба группын хүрээнд байрлах “Босоо Монгол хүн”
Мөн Алибаба группийн хүрээнд байрлах “Босоо Монгол хүн” нь нээлттэй, багтаамжтай бодлогыг бэлгэдэн, уг группийн зорилготой нийцдэг аж.

Шэнь Хунбяогийн уран бүтээл "Халиун морь"
Шэнь Хунбяо 1968 онд БНХАУ-ын Ляонин мужийн Шэнь Ян хотод төржээ. 1993 онд тэрээр Төвийн Уран зургийн дээд сургуулийн Уран баримлын салбарт лектороор ажиллах болсон байна. Шэнь Хунбяо олон жилийн турш Бээжин, Парис, Монгол Улсаар явж байжээ. Үзэмчин нутгаар өөрийн уран бүтээлийн эх сурвалж болгодог байна. Монгол хүнээр сэдэв болгосон түүний нэгэн цуврал уран баримлууд нь монгол хүн болон тэдний амь насны эрч хүчийг тодруулан, ертөнцөд оршин амьдрахын төлөөх зүтгэл тэмцлийг нь өгүүлдэг байна.
Шэнь Хунбяогийн уран бүтээлээс:





/Зургийг интернетээс/
