solongonews
Монгол гэрийн цээрүүд
2014-11-19 10:51
Гэр дотроос гадагш ус цацаж болохгүй, үүдний сахиусыг цочооно гэж цээрлэдэг.

        Монгол гэрийн босгыг сандайлж, үүд алдлах, гэрийн хатавчаар шагайх, хаалганы омгоос гараар дүүжлэгдэх зэргийг чанд цээрлэнэ. Үүнийг өлзий бус ёртой гэж хэлдэг.
Өглөө эрт гэр дотор гиншиж болохгүй, гэрт өглөө эрт гиншвэл солиотой болно гэдэг. Гэрт сүвээ (ташаа)тулах, нуруу үүрэх, явган суух, хуруугаа салаавчлан өвдгөө тэврэн суух, хөлөө ачиж суухыг цээрлэнэ.
Ханын толгойноос хувцас өлгөхийг цээрлэж, гал голомтоо хутга мэсээр чичиж хутгахгүй, галын хайч, шилээврээр хатавч үүдээ цохихыг цээрлэнэ.


        Тулган дээр гаанс тогшдоггүй, нэг гэр дотор хоёр шүүр барьж зэргээр шүүрддэггүй. Хог новш ба үнсийг хольдоггүй, хүүхдийг гал үнсээр наадуулж тоглуулахгүй. Өлгөмөл үүдний буруу талаар орж гарч болохгүй. Ширээний зүйдлийг ханзны ирмэг буюу үүдний зүг хандуулж тавихгүй, заавал хөндлөн хандуулж тавих хэрэгтэй, эс тийм бол хэрэг явдал, хэрүүл цуугиан тасардаггүй гэж цээрлэдэг байна.
        Зуухан дээр хөлөө тавих буюу сандайлан сууж болохгүй. Шанагаар юм утгаад аяга саванд хийхдээ заавал дотогш хандуулах хэрэгтэй, гадагш хандуулах нь цээртэй. Гэр дотроос гадагш ус цацаж болохгүй, үүдний сахиусыг цочооно гэж цээрлэдэг.

        Толгойноос дээш хэсэгт хоосон аяга буюу шүүр тавьж унтахыг цээрлэнэ. Хувцсаа эвхэж хураахад хувцасныхаа заамыг үүд өөд хандуулж тавьдаггүй. Хог новш, үнс асгахдаа замдаа гоожуулахыг цээрлэнэ. Гэрт элгээ тэврэх, гэрийн хоймор зүг хөл хандуулан хэвтэхийг цээрлэнэ. Босгон дээр аливаа хог новш хүргэхийг тас цээрлэнэ.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл