
Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзнээр хэн тодорсныг даваа гарагт Шведийн Стокгольм хотноо Нобелийн хороо танилцуулжээ.
Тэд бол Харвардын их сургуулийн профессор Оливер Харт /Их Британи/, Массачусетсийн Технологийн дээд сургуулийн профессор Бенгт Холмстром /Финланд/ нар юм.
“Гэрээний онол”-д оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тэдэнд эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг олгохоор шийдвэрлэлээ гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.
Компаниудын хувьд ажилтнууд, бизнесийн түнш болон хувьцаа эзэмшигчид зэрэг талуудтай хамгийн таатай нөхцлөөр хэрхэн гэрээ байгуулж болохыг тэд судалж боловсруулжээ.
Энэ онолыг бизнесийн менежмент, хууль эрхзүй зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Нобелийн хороо мэдэгдэхдээ “Харт, Холмстром нар төрийн болон хувийн байгууллагууд гэрээ байгуулахдаа ашиглах шинэ аргачлалуудыг танилцууллаа” гэв.
Нобелийн шагналыг 8 сая швед крон буюу 930 мянга орчим ам.долларын мөнгөн шагнал дагалддаг.
