О.Баярцэцэг:Туръя гэвэл амттанг “алгасах” тэвчээртэй байгаарай
2015-12-28 18:21
Урин дулаан ирж, зузаан хувцсаа тайлж гоолиг биеэрээ гангарах улирал айсуй. Яг энэ үед охид бүсгүйчүүд маань хэрхэн жингээ хасах, таргалалттай яаж тэмцэх аргаа олж ядан байна уу. Тэгвэл гоолиг бие, гоо үзэсгэлэнгийн тэмцэлд ялалт байгуулж чадсан О.Баярцэцэгийг та бүхэнтэй уулзуулж байна. Тэрээр жингээ хаяж чадсан нууцаасаа ийн хуваалцсан юм.
-Сайн байна уу. Таргалалтыг ялж чадсан таны зургийг хараад олон хүн фэйсбүүкт сэтгэгдлээ үлдээсэн байна лээ. Яаж ийм гоё болж чадсан юм бэ?
-Баярлалаа. Цаашдаа бүр гоё болохын төлөө хичээж байна даа. Би гурван хүүхэдтэй. Гурав төрөхдөө гурвуулан дээр нь эргээд турж чадлаа. Одоо гэдсээ арилгах үлдлээ. Анхны төрөлт дээр 15 кг жин нэмсэн. Хүүхдээ хөхүүлээд сургуульдаа явсаар нэг л мэдэхэд яс арьс болтлоо турчихсан. Хоёр дох хүүхдээ төрүүлэхдээ 22 кг жин нэмж бүр 82 кг болсон. Төрснөөсөө хойш 3-4 сарын дараа туръя гэж бодоод дээс тоглож, хашаандаа их гүйдэг байсан. Их ч хөдөлгөөнтэй байдаг байлаа. Хооллолтын хувьд 18.00 цагаас хойш юм иддэггүй байсан. Чихэр, шоколаданд ч бас нэг их дурладаггүй байлаа.

-Тэгвэл та хөдөлгөөнөөрөө турсан юм уу. Хажуугаар нь ямар хоолны дэглэм барьсан бэ?
-Гол нь хөдөлгөөн их чухал. Би хүүхэдгүй хүн шиг л их хөдөлгөөнтэй байдаг байсан. Байнга бүжиглэдэг. Нөхөр ажилтай гээд орой ирнэ. Тэр хооронд нь охинтойгоо хамт бүжиглээд л өнжинө шүү дээ. Хүн яаж турдаг онцлогоо мэддэг байх хэрэгтэй.
-Хүн хүнд тохирсон турах онцлог гэж байдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэр онцлогоо өөрөө дэглэм барих явцад ойлгоод авчихна даа. Миний хувьд орой хоол иддэггүй. Хоолны орцондоо сүртэй хорьсон зүйл ч нэг их байхгүй дээ. Угаасаа чихэр, амттанг их идэж сураагүй хүн л дээ.
-Тэгвэл гурав дахь хүүхдээ төрүүлээд хэдэн кг жин нэмсэн бэ?
-Бага хүүхдээ төрүүлээд би 27 кг нэмж, 87 кг болсон. Охин маань хоёр сартайдаа угжаар хооллодог болсон болохоор турна гэж шийдээд 18.00 цагаас хойш юм идэхээ байсан.
-Ингэж дэглэм барьж эхлэхэд хэцүү байсан биз дээ. Яаж өөрийгөө ялан дийлэв?
-Хэцүү байсаан. Гэхдээ өөрөө турж чаддаг гэдгээ мэддэг байсан болохоор тэвчихэд амар байсан. Эмэгтэй хүн өөрөө л хүсвэл хэдэн ч кг хүртлээ турж чадна. Энэ чадвар эмэгтэй хүнд л байдаг шүү дээ.
-Таны ярианаас ажаад байхад турах гэж байгаа хүн сэтгэлээрээ их хүчтэй байх хэрэгтэй юм шиг санагдлаа?
-Тийм шүү. Турах гэж байгаа хүн “Би турна”, “Би чадна” гэж байнга бодох хэрэгтэй л дээ. Эсвэл хүнээс голдоо ортол таргалалтын талаарх муухай үг сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм.
-Та одоо хэдээс хэдэн кг болж тураад байна вэ?
-Гурав дахь хүүхдээ төрүүлээд 87 кг болж таргалсан. Одоо 64 кг болж турж чадсан. Турах бүрт л гэдэс сул үлдээд байдаг болохоор гэдсээ гоё болгох дасгал хийж байгаа. Өөртөө нэг сарын хугацаа өгсөн. Талд нь орчихоод байна. Үр дүнг нь үзэх гээд хичээж байна даа.
-Нээрээ, заримдаа бүр амттан идэхгүй л бол болохгүй юм шиг хэцүү үе байдаг шүү дээ. Тэр үедээ та өөрийгөө яаж ялдаг вэ.
-Амттанг өдрийн цагаар идэж болно. Гэхдээ маш багаар идэхэд болно. Миний ах “Амттан идээд яг сайхан амтлаад ирэнгүүт амнаасаа гаргаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй” гэж хүүхэд байхад хэлдэг байсан юм. Тэрийг бодоод нэг их амттан идээд байдаггүй юм. Ээж минь ч гэсэн шүдийг минь хайрлаад тэгж их амттан өгч сургаагүй. Би сая төрснийхөө дараа л анх удаа шүдний эмнэлэг орлоо. Буруу ургасан агт араагаа авахуулахдаа үнэндээ төрөхдөө өвдсөнөөс ч илүү өвдсөн. Тэгээд шүдээ бүр их хайрласан даа.
-Ийм сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлж, уншигч бүсгүйчүүдэд маань үнэтэй мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Эмэгтэйчүүд минь турах гэж байгаа нь энэ гээд элдэв юм хэрэглэж эрүүл мэндээрээ битгий хохироосой. Хүний эрүүл мэнд дахиад олддоггүй юм шүү. Эрүүл аргаар өөрийнхөө хүчээр турж, гоё сайхан биеийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ тэмцээрэй. Дасгал хөдөлгөөнөөр турж сайхан болоорой. Хамгийн хэцүү нь эхлэхдээ л байдаг юм. Өөртөө зав гаргаж байгаарай.
10 минут дасгал хийхэд л их нөлөөлдөг юм шүү дээ. Мэдээлэл хөгжсөн өнөө үед дасгал хөдөлгөөнөөр зөв аргаар турах нь хамгийн чухал гэдгийг дахин сануулъя.
Гоо үзэсгэлэнгээрээ хорвоог чимж, гоё сайхнаараа нөхрөө чимж, гоолиг сайхан биеэ өөрөө бүтээгээрэй. Гоо үзэсгэлэн чинь зөвхөн чиний гарт шүү л гэж хэлье дээ. Туръя гэж бодож байгаа бүх охиддоо амжилт хүсье.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
