solongonews
“Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-ын бага хуралд оролцлоо
2016-12-12 12:06
Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд тэргүүтэй мөн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Товуудорж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, тус газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Мандал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим болон Гадаад харилцааны газраас 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд анх удаагаа Бээжин хотод зохион байгуулсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-ын гишүүн, ажиглагч орнуудын Нийслэл хотын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны бага хуралд ажиглагч улсын хувьд амжилттай оролцлоо.

Энэхүү бага хурлаар нийт 11 улсын Нийслэл хотуудын цагдаагийн газрын дарга, орлогч дарга нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хамт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын холбогдох газрын төлөөлөгч нар тус тус оролцож, уг хамтын ажиллагааны байгууллагад тулгамдаж буй асуудал, үүнээс гишүүн, ажиглагч орнуудад тулгамдсан хамгийн том асуудал болох терроризм, экстремизм, мансууруулах бодис, галт зэвсэг хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг улс үндэстэн, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүдийн нөхцөл байдал, уг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулж, бэхжүүлэх дорвитой арга хэмжээ авах болсон тухай уулзалтын илтгэлд өгүүлэгдсэн.

Мөн Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ван Сяохунтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа, ялангуяа Нийслэл хотын цагдаагийн газруудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан ярилцсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Тусгай ажиллагааны газар нь өөрсдийн техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн үзэсгэлэн, галт зэвсэг хэрэглэх, гардан тулаан, мотоцикль жолоодох, буудлага хийх, гурван цогц тусгай ажиллагаа зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлж танилцуулсан.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр Фентай дүүргийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл