Хятадын баруун хойд нутгийн Шиньжян Уйгурын өөртөө засах орон бол газар нутаг уудам, байгаль, хүмүүнлэгийн аялал жуулчлалын олон янзын нөөцтэй. Урьд зам тээврийн нөхцөл тааруу байсан нь гадаад дотоодын жуулчид Шиньжянд жуулчлахыг хязгаарлаж байсан гол хүчин зүйл байсан юм. Сүүлийн жилүүдэд, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт ахихын хэрээр Шиньжяны авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвэр зэрэг зам харилцааны сүлжээ хөгжлийн шинэ боломжийг ашиглаж, зам харилцааны дэд бүтэц түргэн боловсронгуй болж, Шиньжяны аялал жуулчлалын салбар чанаржин хөгжих таатай боломж бүрдүүлжээ.
Зам харилцааны дэд бүтэц бол аялал жуулчлалын салбарын хөгжлийн үндсэн баталгаа юм. Зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэхийн тулд Шиньжян “13-р таван жил”-ийн хугацаанд 1 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийж, 10 мянган км хурдны авто зам тавьж, мөн сянь нэг бүрт хурдны авто зам, суурин бүхэнд засмал зам, тосгон нэг бүрт хатуу хучилттай зам дэвсэх зорилт тавьжээ. ШУӨЗО-ны Аялал жуулчлал хөгжүүлэх комиссын дэд дарга Гули Аблим энэ тухайн танилцуулсан юм.
“Шиньжяны аялал жуулчлалын салбарын хөгжлийг зам харилцаа ихээр хязгаарлаж байв. Шиньжян газар нутаг уудам, зам тээврийн өртөг өндөр. Энэ онд бид аялал жуулчлалын салбарыг зам тээврийн байгууллага, иргэний агаарын тээвэр, төмөр зам зэрэг байгууллагатай холбож, аялал жуулчлалын авто замын системийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, хот ба аялал жуулчлалын бүс хоорондын зам харилцааны төлөвлөлтийг чангатгаж, хурдны зам дахь аялал жуулчлалын үйлчилгээний бүс зэрэг шинэчлэлийг ахиулж байна.”
Аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгарч буй зам харилцааны хүнд асуудлыг шийдэхийн тулд Шиньжяны төмөр замын салбар бүх Шиньжяны төмөр замын сүлжээний бүтцийг боловсронгуй болгож, гол гол аялал жуулчлалын маршрутын төлөвлөлтөд Үрэмч-Алтай, Үрэмч-Турфан, Хамил зэрэг чиглэлийн аялал жуулчлалын үйлчилгээний маршрут нээжээ. Үрэмчийн төмөр замын олон улсын аялал жуулчлалын компанийн ерөнхий менежер Хуан Тинфэнь энэ тухай танилцууллаа.
“Замын сүлжээний зураг төлөвлөлтийг сайжруулах замаар зам тээврийн бүтээгдэхүүнээ баялаг болгон, Ланьжөү-Шиньжяны хурдны төмөр замаар гол шугам болгосон, Шиньжяны өмнөд, хойд нутгийн төмөр замаар хоёр жигүүр болгосон төмөр замын хурдны зам харилцааны сүлжээ бүрдүүлж, замын сүлжээний давуу талдаа түшиглэн “Галт тэргээр Шиньжян нутгаар аялах брэнд” гаргаж, хойд Шиньжяны байгалийн үзэмжит бүс ба шилдэг маршрутыг холбосон. “Галт тэргээр Шиньжян нутгаар аялах брэнд”-ээр дамжин аялал жуучлалын бүсүүдийг холбож болох тул Шиньжяны аялал жуулчлалын эдийн засгийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.”
ШУӨЗО өргөн уудам нутагтай учраас агаарын маршрутын давуу талыг хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс иргэний агаарын тээвэр мөн гадаад дотоодын жуулчид Шиньжянд аялах тэргүүн сонголт болжээ. Одоо Шиньжяны нисэх онгоцны буудлын корпорацын нислэгийн маршрут 242 байгаагаас олон улс, бүс нутгийн маршрут 21 байна. 2017 онд Шиньжяны нисэх онгоцны буудлуудын хүлээн авсан буюу илгээн аянчдын тоо давхардсан тоогоор 30 саяд хүрчээ. Энэ оны эхний таван сард уламжлалт аялал жуулчлалын оргил үе болоогүй байсан ч Шиньжяны нисэх онгоцны буудлын хүлээн авсан, илгээсэн жуулчид давхардсан тоогоор 13 саяд хүрч, зорчигчдын тоо, нислэгийн ирж очсон удаа өмнөх оны мөн үеэс 15, 23 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Үрэмчийн нисэх онгоцны буудалд 45 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий терминалын шинэ барилга байгуулах, 180 нисэх онгоцны зогсоолд өргөтгөл хийх төсөл хэрэгжиж байна. Баригдаж дууссаны дараа 2025 он гэхэд жилд давхардсан тоогоор 48 сая жуулчин хүлээн авах буюу илгээх юм. Шиньжяны нисэх онгоцны буудлын корпорацын ерөнхий менежер, Үрэмчийн олон улсын нисэх онгоцны буудлын салбар компанийн менежер Тао Рүйминь: Тус корпорац цаашид нислэгийн сүлжээгээ сайжруулах, маршрутаа нягтруулах, нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, гаалийн бүрдүүлэлтийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, аялал жуулчлалын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэжээ.
“Энэ онд Үрэмчийн олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, ялангуяа Төв болон Баруун Ази, Төв, Зүүн Европт хүрэх маршрутыг нэмэгдүүлэхээр гол болгохын зэрэгцээ гаалийн бүрдүүлэлтийн орчныг сайжруулах талд арга хэмжээ хэрэгжүүлж байна. Зорчигчдын хүлээх, маршрутаа солих цагийг богиносгохын тулд гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ бид нислэгийн сүлжээний төлөвлөлтөө сайжруулж, Шиньжяны дотоодын маршрутыг нягтруулж байна. 13-р таван жилийн хугацаанд мөн хэдэн нисэх онгоцны буудал барих бүтээн байгуулалт хийж байгаа бөгөөд ашиглалтад буй нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслүүд хэрэгжиж байна. Энэ бүхэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, Шиньжяны зам харилцаа, аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулах болно.”
