Тэр үе манайд нэг бархираа хүрэн тэмээ байж билээ. Хүрэн тэмээ маань номхон дөлгөөн ааштай, санаа сайтай тусч амьтан байлаа. Сум нэгдэлд очиж амуу будаа авах, аргал түлш тээх, адуу малд явах… зэрэг ажлын хүнд үүрэг номхон хүрэнд оногдоно.
Чухам “Номхон тэмээг ноолох нь сайхан, ноосыг нь аваад ээрэх сайхан” гэдгээр номхон хүрэнд ер нь сул өдөр гэж гардаггүй. 1977 оны төмөр зудын өвөл саяхан сургууль төгсөж ирсэн манай ах дүү хэдүүл номхон хүрэнгээ ээлжлэн унаж хонь малд ойр зуурт л явна. Номхон хүрэн маань үнэхээр бөх боргил, шандас чадалтай, идэш голдоггүй, дэрсэн намаа, хатсан хамхуул, морины хөлдүү хомоолоор өл залгадаг. Нэг удаа бид ах, дүү дөрвүүл номхон хүрэнгээ сөгдүүлж, хоёр нь хоёр бөхний дунд нь, бага дүү хүзүүн дээр нь, бага ах хойд бүхний араас зүүгдэж нэлээд зайтай байдаг өвсөн пин уруу тэшүүлсэн юм. Бархираа хүрэн мань гүйнэ, бид хэд гуян дээр нь гуядаж хөөрөн баясна. Үхрийн хэвтрийн хөрзөнг овоолж байсан аав далдаас энэ байдлыг харчихжээ. Тэгээд л биднийг: - Мал тамлалаа, монголын зулзага мөн уу та нар… гэж бургасны шавхарганы амтыг үзүүлсэн юм.
Том ах нэг удаа сум ороод ихэд оройтжээ. Тэр шөнө нь их шуургатай түнэр харанхуй байсан гэдэг. Том ахын хэлснээр, сумаас гарахад нэгэнт нар шингээд, явж байтал салхи ширүүсэж шуурга дэгдсэнээр төөрчихдөг болов уу гэж тун их айсан гэдэг. Тэгээд л номхон хүрэнгийн бурантгийг нь сул тавьж дураар нь явуулсанд нэг мэдэхэд гаднаа ирчхэж гэнэ. Одоо бодоход номхон хүрэн маань үнэхээр хүн шиг ухаантай шүү дээ. Нэгэн хавар би чөлөөгөөр гэртээ ирээд сургуульдаа явах болжээ. Яг төл тосох ажил ихтэй улирал байсан тул аав мань:
- Номхон хүрэнгээ унаад яв, сургуульдаа хүрээд номхон хүрэнгийнхээ бурантгийг урд бөхнөөс нь уяад наашаа гэрээ зүглүүлээд явуул, цагийн дараа гэртээ ирчихнэ гэдэг байна. Би хэлсэн ёсоор нь хийсэн, үнэхээр хариад ирчихсэн шүү, номхон хүрэн маань үнэхээр гэрсэг юм.
Зам харилцааны бааз төхөөрөмж тун хоцронгүй байсан тэр үед номхон хүрэн маань чухам аралд хүлбэл хурдан зав, чарга чирвэл чадалтай, унаад явахад урагштай, хөтлөөд гүйхэд хөнгөн, хүйтэн өдрүүдэд бөхөнд нь нүүрээ нааж дулаацаж байлаа. Хэвтүүлчихээд наран ээвэр биеийг нь налж зүүрмэглэж байсан удаа ч бий. Номхон хүрэнгийн зөөлөн зогдор ноолуурыг ээж минь зоолж ээрч, бор гэрийг маань уяж дохиж байсан.
Нэгэн өвлийн чөлөөний хугацаа болж сая л дөрвөн оны сурагч байсан би гэртээ харьжээ. Номхон хүрэн мань үзэгдэлгүй хэт хонолоо. Учир ухааныг нь ааваас зориглож байгаад асуув.
— Заа, яахав хүү минь! Өнөө“муу” номхон хүрэн чинь зэрэг дэвшжээ. Сумын нарийн бичгийн дарга нэг удаа унаад зөөлөн уян нуруутай сайн тэмээ гэдгийг хараад ихэд таалсан юм байна. Сумын нарийн бичгийн даргын унаа болж, хүйтэнд даарахгүй, хүнс элбэгтэй болж яваа юм даа… гэж аав маань гаанс тамхиа нэрэн хэлж байснаа: - Ай… ” гэж уртаар шүүрс алдаж билээ. “Яагаад санаа алдав?” гэж ааваасаа асууя гэсэн ч зориг хүрсэнгүй. Тэрхэн хором номхон хүрэн маань тэшиж айсуй шиг харагдаад, нүд маань зайртаж байсан даа.
