БИ ЯАХ ВЭ?...
2015-12-28 18:21
Хааяахан балгадаг байсан нөхөр нь аажим аажмаар өдөр бүхэн уудаг болж, ажил амьдралаа алдан, нүдэн дээр нь өрхийн мөнгө санхүү уруудахыг харах тийм амар гэж үү?
Хүүхдүүд эцэг эхийнхээ зан байдлын төлөө гэмшил, ичгүүр, хариуцлагыг мэдэрдэг ч гэсэн тэд юу ч хийж чаддаггүй билээ. Ичгүүр, гутралд шаналсан хүүхэд хичээлдээ муудаж, хүсэл мөрөөдлөө орхиж, ирээдүйн тэмүүлэлгүй, итгэл урамгүй нэгэн болох нь олонтаа. Заримдаа гэр орноосоо дайжиж, буруу замд цулбуур алдах энүүхэнд. Тиймээс ээжүүд юуны өмнө энэ бүхэнд хүүхдүүд огт буруугүй гэдгийг дотночлон ойлгуулах нь чухал.
Амьдрал найрын ширээ биш болохоор айл гэр бүхэнд том бага асуудал бий. Хааяахан балгадаг байсан нөхөр нь аажим аажмаар өдөр бүхэн уудаг болж, ажил амьдралаа алдан, нүдэн дээр нь өрхийн мөнгө санхүү уруудахыг харах тийм амар гэж үү? Энэ бүхнээс илүүтэй сэтгэл санааны хямрал гутрал, айдас гэр бүлийнхэнд нь оногддог. Хэн ч зориуд архичин болдоггүй. Архи дасгаж донтуулах үйлчилгээтэй болохоор уух тусам их уумаар бодогдож, зөвхөн архиар өдөөгддөг түр зуурын хөөрөл, тааламжтай мэдрэмжийг амсахын тулд уух хэрэгцээ улам нэмэгдсээр өдөр хоног дамжин архины мэдэлд ордог.
Ийм тохиолдолд эхнэр хүний зайлшгүй хийх ёстой зарим нэгэн зүйл бий. Архидалтаас болж ганц эзэгтэй та биш, хүүхдүүд тань хохирогч болж шаналдгийг мартах учиргүй. Тэд үе үе айдас, гомдол, гутрал, бачимдлын холимог мэдрэмжийг амсдаг. Урьдын л адил эцэг эхээ хайрлахыг хүсдэг боловч урьдын энхрий дотно ээж аавыг нь (энэ цаг үед эмэгтэйчүүд бас архинд автах болсон учир ийн хамаатуулав) архи хулгайлчихсан байдаг юм.
Хүүхдүүд эцэг эхийнхээ зан байдлын төлөө гэмшил, ичгүүр, хариуцлагыг мэдэрдэг ч гэсэн тэд юу ч хийж чаддаггүй билээ. Ичгүүр, гутралд шаналсан хүүхэд хичээлдээ муудаж, хүсэл мөрөөдлөө орхиж, ирээдүйн тэмүүлэлгүй, итгэл урамгүй нэгэн болох нь олонтаа. Заримдаа гэр орноосоо дайжиж, буруу замд цулбуур алдах энүүхэнд. Тиймээс ээжүүд юуны өмнө энэ бүхэнд хүүхдүүд огт буруугүй гэдгийг дотночлон ойлгуулах нь чухал. Энэ бол зайлшгүй хийх эхний алхам. Дараагийн алхам бол хүн согтуу үедээ үйлдлээ бодитой зөв мэдэрдэггүй тул согтуу байхад нь зэмлэж, харааж загнаж хашгичин уурлах хэрэггүй. Ийм байдал гэр бүлд аймшгийн “дайн” өдөөж, зодоон цохионоор үргэлжилдгийг бүү мартаарай. Энэ бол та үр хүүхдүүдийнхээ төлөө, тэдний айдас хүйдэс гутралыг нэмэхгүй байхын төлөө хийж байгаа ухаан юм шүү. Харин дараа нь яах вэ? Энэ байдал үргэлжлэг гээд аядуун зөөлөн загнаж амьдралыг нүдээ анин туулах уу?
Архидалт бол өвчин, даамжирч архагшдаг өвчин. Гэсэн ч илааршин эдгэдэг өвчин. Гэхдээ сэтгэл зүйн заслыг гүйцэх эмчилгээ хаана ч үгүй гэдэг. Үүнд бүсгүй таны ухаан, тэвчээр ихээхэн үүрэгтэй байж мэднэ. Согтуу үедээ хүн гэр бүлдээ ямархан зовлон учруулж байгаагаа хэзээ ч ойлгон мэдэрдэггүй. Хөлчүү хүнд амьдрал жаргалтай сайхан санагддаг юм. Тиймээс танайхтай ижил архинд нэвчсэн хэн нэгнээ энэ донтлоос салгах хүсэлтэй өөр нэгэн гэр бүлийнхэнтэй харилцах нь тэвчихэд хэцүү цаг мөчид дэмжлэг тулгуур болж тусалдаг талтайг амьдралын цөөнгүй жишээ баталжээ.
Учир нь адилхан асуудалтай гэр бүлтэй байнга харилцах юм бол танай өрхийн эдийн засаг хэрхэн нурж байгаа, үр хүүхдүүд хэрхэн шаналж байгаа, гэр бүлийн харилцаа яаж муудан доройтож байгааг олж хардаг. Өөрийн гэр бүлээс илүү өрөөлийн амьдралыг харж ухамсарлах нь амар хялбар байдаг юм. Энэ үед архичдыг шууд зэмлэн буруутгахгүйгээр болж байгаа асуудлыг зүрх сэтгэлд нь гүнзгий ойлгуулж чадах аваас ингэж ухамсарлан ойлгосон цагт л архийг бүрмөсөн хаях тэвчээр заасан ухаантай шийдэл тэднээс өөрсдөөс нь гарах ёстой.
Ертөнцийн нарыг эрүүл саруул нүдээр харж, ажлаа нэр төртэй хийж, сайхан амьдрах уу?, шарталтанд идэгдэн тарчилж, эд эрхтнээ эрэмдэглэн эрүүл мэнд, эдийн засаг, хань ижил үр хүүхдээ онхид алдах уу? Энэ зааг ялгааг сэтгэл зүйн засал л зөв шийдэлд аваачдаг байна. Бас нэг зүйлийг санууштай. Тэдэнтэй ярилцахдаа ч, хэрэлдэж муудалцахдаа ч “архичин” гэдэг үгийг битгий хэрэглээрэй. Энэ үг тэдэнд үнэн хэрнээ айхтар гашуун сонсогдож, бүр эсрэгээрээ, “Би архичин” гэсэн сөрөг бодол үйлдэлд зарим үед итгүүлэн хөтөлнө, зарим үед зөрүүдлүүлэн хөтөлдөг юм шүү.
Ийм асуудалтай гэр бүл цөөнгүй. Тиймээс гэр бүлийн энэ мэт олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэн хүний санаа бодлыг хуваалцах хүсэлтээ “Монголжингоо” клубынхэн болон уншигчиддаа уламжилж байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
