solongonews
Бүжгийн “Цолмон”
2021-08-24 15:50
Бүжгийн “Цолмон”

   

Үүрийг чимж цолмон гийдэг, өглөөг чимж наран манддагийн адил бүжгийн тэнгэрийг гэрэлтүүлэн Цолмонцэцэг заяасан гэмээр.
Хятадын Өвөр Монголын Өртөө Засах орны Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд “Цолмон” бүжгийн сургалтын төвийг ажиллуулдаг Цолмонцэцэг 1980-аад онд Хятадын хөдөө орон нутагт анх эхлэн телевизтэй болж байх үеэр төрсөн хүүхэд болохоор телевиз үзэн бүжиг сонирхон дуурайн бүжиглэдэг байжээ.

Түүний бүжгийн анхны тайз нь Зүүн Үзэмчин хошууны Хөтөл-Овоо багийн овооны наадам байлаа. Телевизээс үзэж сурсан Энэтхэг бүжгийг овооны наадам дээр бүжиглээд нутгийн олондоо таашаагдан жаал бүжигчин алдрыг хүртэж билээ хэмээн дурсан санах агшинд Цолмонцэцэгийн царайд жаргалын мишээл тодорно.

Уудам талын өрцөд унага тугалтайгаа тоглож өссөн тэрээр үеийн найз нараа цуглуулан тэдэнд бүжиглэн тоглож үзүүлнэ. Нэг удаа ээж нь сургууль дээр нь эргэж очиход ангиас нь хайгаад олдсонгүй. Гэтэл Цолмонцэцэг тамирын талбайд хэдэн хүүхэд тойруулан суулгаад өөрөө дунд нь бүжиглэж байсан тухай ээж нь дандаа дурсан ярьдаг гэнэ.

Бүжигт төрөлхийн авьяаслаг, бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй жижигхэн охин сургуулийнхаа бүжигчин болж нутаг орныхоо их бага найр наадамд үргэлж харагдах болжээ. Хөдөө орон нутагт малчин амьдралтай тэднийх бага насны түүнийг тусгай бүжгийн мэргэжлийн ангид сургах нөхцөл боломжгүй байв. Хожим нь дунд сургуульд орж хошууны төв Улиастай сууринд очсоны дараа аав ээж нь түүнийг сургуулийн тусгай бүжгийн мэргэжлийн ангид хүргэдэг болжээ. Ингэснээр түүний бүжиглэх авьяас улам бүр тодорч ёстой л бүжигчин болов. Тэрээр арван жилээ амжилттай дүүргээд Зүүн Үзэмчин хошууны урлагийн бүлгэм болох “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээгдсэн Улаанмөчирт тусгай бүжигчнээр элсжээ.

Арван хэдхэн настай Цолмонцэцэг хошууныхаа Улаанмөчирийн нэгэн гишүүн болж, бүжигчин болох хүсэл мөрөөдөл нь биеллээ. Хошуу, аймаг, ӨЗО цаашлаад улсын гадна дотнын их бага тэмцээн уралдааны тайзнаа олон удаа бүжиглэж явсан тэрээр хүмүүсийн алга ташилт, магтаал сайшаалын үгэнд сэтгэл ханаж санаа амар суусангүй. Өөрийн мэддэг чаддагаа, ялангуяа бүжгийн авьяас билгээ бусдад уламжлахаар 2012 онд Улаанмөчирийн бүжигчний ажил албаа орхин Улиастай сууринд “Цолмон” бүжгийн сургалтын төвийг нээж, хүүхэд багачуудад бүжиг зааж эхэлсэн байна. Түүний цуцалтгүй чармайлтаар өдгөө 300 гаруй хүүхэд бүжгийн сургалтад хамрагдсанаас 20 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй сургалт явуулжээ. Тэрээр амьдралын боломжгүй хэрнээ бүжиг, урлагт авьяастай хүүхэд, ихэр хүүхэд, олон хүүхэдтэй айлын хүүхдүүдээс сонгон үнэ төлбөргүйгээр бүжгийн ангидаа элсүүлэн тэдэнд амьдралын халуун дулаан уур амьсгалыг илүү ихээр мэдрүүлэн тусламж дэмжлэгээ үзүүлсээр иржээ.

Тэрээр бүжгээ системтэйгээр заадаг бөгөөд хүүхэд багачуудын хичээлээс гадуурх амьдралыг баяжуулж, дур сонирхлыг нь хөгжүүлж, авьяас чадварыг нь бадрааж, идэвх зүтгэлийг нь хөтлөн дагуулснаар “Цолмон” сургалтын төвийн хүүхдүүд “Ёохор”, “Хөөрхөн хүүхэд”, “Цацал”, “Аварга зээрд”, “Талын баясал” зэрэг бүжгээрээ Монгол Улс, Хөххот, Хөлөнбуйр зэрэг газар оронд болсон улс орны том том уралдаан тэмцээнд манлайлж алтан медалиар шагнагджээ. Мөн 2016 оноос эхлэн түүний зааж сургасан хүүхдүүд жил дараалан Өвөр Монголын Монгол Одон Телевизийн “Авьяаслаг хүүхэд” цагаан сарын үдэшлэгт оролцсоор ирсэн төдийгүй аймаг, хошууныхаа цагаан сарын үдэшлэгт идэвхтэй оролцож иржээ. Жил бүр хүүхдийн уран сайхны тоглолт зохион байгуулан малчиддаа зориулан тайлан тоглолт хийж, нийгэм нийтийн өндөр үнэлгээг хүртсээр иржээ.

Залуу хүний хувьд дуртай хайртай зүйлийнхээ төлөө сурч судлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хамгийн эрхэм зорилго болгон ур чадвараа бадраан дур сонирхолдоо хөтлөгдөн яваа хүний нэг бол Цолмонцэцэг юм. Тэрээр Улаанмөчирийн бүжигчин байхдаа Жинин хотын бүжгийн тусгай мэргэжлийн сургуульд суралцан бүжгийн мэргэжлээ дээшлүүлсэн бол 2018 онд бүжиг дэглээчийн мэргэжлээр Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалан амжилт дүүрэн буцан ирж бүжгийн сургалтын төвөө өргөтгөн байгуулжээ.

20-иод жил тайзнаа бүжиглэж явсан тэрээр сүүлийн 10-аад жилийн хугацаанд бүжгийн багшаар ажиллахдаа хүүхэд багачуудад бүжгийг зааж сургахдаа тэднийг зөвхөн бүжигчин болгох зорилгоор биш тэдний бие махбодыг чийрэгжүүлэн дур сонирхол, авьяас билгийг нь баг наснаас нь хөгжүүлэхийг зорьдог байна.

Бүжгээр ажилд орж бүжгээр үйлс босгосон Цолмонцэцэгийг нутаг усныхан бүжгийн “Цолмон” гэдэг. Үнэндээ бүжиг түүний хувьд амьдрал, үйлс нь юм.

Зохиогч: Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА Т.Буянхишиг
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл