Дэлхийн 34 улс оронд хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-г танилцуулсан “Монголын нууц товчоо”-ны цуглуулга танилцуулга ном саяхан хэвлэгдэн уншигчидтай золголоо.
Дэлхий даяар Монгол тулгатны сүр хүчийг тунхаглаж, алдар нэрээ дэлхий дахинд дуурсгасан их эзэн Чингис хааны түүх намтрыг тэмдэглэсэн “Монголын нууц товчоо” олон олон харь хэлнээ орчуулагдан олон дахин хэвлэгдэж ирсэн. Чонос Цогтнаран гуайн цуглуулсан “Монголын нууц товчоо” өнөөдөр болоход 30 гаруй улс орны хориод хэлний, 800 гаруй хэвлэлийн 1000 гаруй дэвтэрт хүрчээ. Тэрбээр олон жилийн турш цуглуулан хураасан цуглуулгаа олны хүртээл болгож, угсаа үндэстнийхээ бахархалд гэрэл гэгээ нэмэх хүсэл бодлоор харийн болон өөрийн үндэстний хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-ны бар хэвлэл ба холбогдох ховор чухал материалыг нэгтгэн танилцуулсан “Монголын нууц товчоо”-ны цуглуулга танилцуулга хэмээх бүтээлээ хэвлүүлсэн байна.
Тус номдоо харь гадаад үндэстэн ба Монгол үндэстний эрдэмтэн мэргэдийн “Монголын нууц товчоо”-нд анхаарлаа хэр зэрэг хандуулж ирсэн тойм байдлыг тусган харуулахыг хичээсний зэрэгцээ Монголын өндөрлөгийн нүүдэлчин түмний түүх, хэл, утга зохиол, нийгэм зүй, хүн судлал, улс төр, арилжаа худалдаа, цэргийн явдал, гүн ухаан, анагаах ухаан зэрэгт холбогдох асуудлыг нарийвчлан судлахад ховор нандин материал хангасан “Монголын нууц товчоо”-г эрдэмтэн мэргэд ямар түвшинд хэрхэн судалсан тухай танилцуулсан байна.
