БНХАУ-ын зүүн нутгийн Шань Дүн мужийн Чин Дао хотын засгийн газар коронавирусний халдварын 12 шинэ тохиолдол илэрсний дараа хотынхоо бүх оршин суугчдад шинжилгээ хийхээр шийджээ.
Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр 2019 оны байдлаар Чин Дао хотын хүн ам 9.5 сая орчим байсан байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу ирэх гурав хоногт хотын таван дүүргийн оршин суугчдын шинжилгээг хийж дуусгах юм. Мөн тав хоногийн дотор Чиндао хотын бүх хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Аравдугаар сарын 11-нд Чин Дао хотын нэгэн эмнэлэгт коронавирусний халдварын шинж тэмдэггүй гурван шинэ тохиолдол илэрсний дараа хотын засгийн газар эпидемиологийн судалгааг түргэн шуурхай явуулжээ. Судалгаагаар гурван тохиолдлын ойрын хавьтлын 377 хүнийг шинжилгээнд хамруулахад шинж тэмдэггүй таван тээгч, батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн байна. Аравдугаар сарын 12-ны байдлаар "COVID-19"-ийн 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь шинж тэмдэггүй, зургаа нь шинж тэмдэгтэй илэрчээ. Одоогийн байдлаар хотын эмнэлгийн байгууллагуудын 143800 гаруй ажилтан болон бүх эмнэлгийн шинэ өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулснаас 114 862 хүний хариу гарсан бөгөөд бүгд сөрөг байна.
Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад нийтдээ 85578 хүн коронавирусний халдвар авснаас 80714 хүн эдгэрч, 4634 хүн нас бараад байна. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 230 хүн эмчлүүлж байна. Гаднаас 3799 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсний 2799 нь эдгэрчээ.
БНХАУ-ын засгийн газар дөрөвдүгээр сарын 01-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар ийм 32 тохиолдол бүртгэгдсэний 29 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 395 тээгч эмнэлгийн хяналтад байгаа юм байна.
