Солонго мэдээллийн төвийн “Танил дотно Өвөр Монгол-1” чөлөөт ярилцлагын зочин хойморт “Ээж минь дээ” дуугаараа Монгол Улсдаа төдийгүй дэлхий дахинаа хүндлэгдсэн Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Утга зохиолын шүүмжлэгч, судлаач доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж, “Зөөлөн зөөлөн замбуулин” дуугаараа үзэгч олныхоо хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор, профессор Лханаагийн Мөнхтөр нарыг урьсан юм.

- Аян замдаа сайн явж байна уу. Энэ удаад Өвөр Монголд ямар ажлаар явна даа?
- За баярлалаа. Аян замдаа сайн явж байна. Нутгаас гараад хориод хонож явна. Ланжөүгийн Баруун Хойдын Үндэстний Их сургуулийн Монгол Судлалын Их сургуулийн эрдэмтдийн урилгаар тэнд цөөн цагийн лекц унших, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажилладаг профессоруудтай ярилцах, ном зохиолын тал дээр санал зөвлөгөө өгөх зэрэг ажлаар яваад ирлээ.
- Ер нь та Өвөр Монгол оронд анх хэзээ ирж байв. Өвөр Монгол төдийгүй Хятад улсын хооронд уран бүтээлийн болон өөр ажил хэргийн харилцаа холбоотой байдаг байх?
- 1990-ээд оны сүүлээр анх ирж байсан. Би Их сургуулийн багш байсан хүн, багшлах ажлынхаа шугамаар Бээжин хот руу ихэвчлэн галт тэргээр явдаг. Тэр тохиолдолд ихэнхдээ ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод буудаг. Ер нь Хөххот миний сэтгэл зүрхэнд их олон жилийн өмнөөс танил болсон газар юм. Үүнээс гадна, эрдэмтэд, яруу найрагчид, утга зохиол судлаачид нь сэтгэлд их дотно болсон.
- Таны олон сайхан шавь нар Өвөр Монголд, БНХАУ-д байдаг?
- Тийм ээ, насаараа явсан зам минь багш учир энд тэнд явахад шавь нар минь бишгүй л тааралдах юм.
- Энэ удаад Хөххотод ирээд ямар үйл ажиллагаанд оролцов?
- Явуулын хүн болохоор тухайн үед болж, таарч байгаа үйл ажиллагаануудад оролцдог. Энэ удаад “Хөх гудамныхан” нэртэй яруу найраг сонирхдог, эхлэн бичигч залуусын дугуйлангийн намрын нээлтэд уригдаж оролцлоо. Залуу уран бүтээлчдийн авьяасыг дэмжих тал дээр хийж байгаа их сайхан ажлын эхлэл. Бас хэд хэдэн хүмүүсийн сэтгэгдэл сонслоо. Их сайхан санагдаж байлаа.
- Ер нь Өвөр Монголын утга зохиол, яруу найраг, ялангуяа залуу үеийнхний талаар танд ямархуу санагдаж байна?
- Ер нь өөдрөг сэтгэгдэл төрж байна. Нэг үе Өвөр Монголын уран зохиол ер нь Монголын уран зохиолтой харьцуулахад жаахан дутмаг тал ажиглагддаг байсан. Одоо сүүлийн арав гаруй жилд илт ажиглагдахаар нэг их ялгаа бараг харагдахгүй болсон байна. Монголд яригддаг зүйл бүгд харагдаж байна, уран зохиолын аргаар дүрслэн үзүүлдэг дүрслэлтэй, бичлэгийн өөрийн гэсэн өвөрмөц аяс барилтай олон залуу найрагчид гарч ирсэн байна, Үргэлжилсэн үгийн хувьд ч гэсэн их дэвшилттэй талууд харагддаг. Өвөр Монголоос гадна, Монгол туургатны амьдардаг бусад олон газар орнуудаас Монгол Улсад магистр, докторант хамгаалахаар маш олон хүн Монгол Улсад очдог. Тэдний дипломын ажлын сэдэв голдуу хоёр газар байгаа ард түмний уран зохиолын төсөөтэй шинж төдийхэн сэдэвт түшиглэсэн байдаг байсан бол одоо ерөнхийдөө нэлээд гүнзгийрсэн, ахиж дэвшсэн. Онолын тал руугаа илүү эрэлхийлсэн сэдэв сонгодог болсон байна лээ. Уран зохиол, яруу найргийн хувьд бол их өөдрөг, өнгөтэй сайхан санагдаж байна.
- Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр Бээжингийн Олон Улсын Радиод ажиллаж байсан. Одоо Монгол Улсын сонсогчдод зориулсан Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хоёр байгууллагад ажиллахад ямар ялгаа, өөрчлөлт, хөгжил ажиглагдаж байна вэ?
- Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улсад хандсан нэвтрүүлэгт хоёр жил гаруй ажилласан. Одоо Өвөр Монголын Төв радиогийн “Талын дуу хоолой” радиод мэргэжилтнээр уригдаад байна. Монголын сонсогчдод зориулан бэлтгэж буй нэвтрүүлгийн хувьд монгол хүний сонсох тааламж буюу сонирхолд зохицуулах гэж их хичээж, Монгол Улсын сэтгүүлчдээс, Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас суралцаж байгаа нь маш сайхан санагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч, сурвалжлагч залуучууд хоёр хоёроороо Монгол Улсад гурав гурван сараар ээлжилж сууж байгаа. Тэдний гол дадлага бол үндсэндээ халхын аман аялга, Монгол Улсын Улаанбаатар хотод сууж байгаа хүмүүсийн ярианы аялга зөрүүг ойлгож, өөрийнхөө нэвтрүүлгийн хөтлөлтөд анхаарч байгаа нь үнэхээр орчин гэдэг их нөлөөлдөг гэдгийг харуулж байна. Тиймээс тэд маань кирил бичиг сурч байна. Кирилээр нэвтрүүлгээ бэлтгэж байна. ингээд ирэхээр аялгын зөрөө бага гардаг юм байна. Их бүтээлч, сайхан залуучуудтай хамт ажиллаж байна.

- Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцах уу?
Ч.Дагвадорж:
- Уран бүтээлээ туурвисаар л байна. Дууны яруу найргаа ч гэсэн туурвиж л байгаа. 2015 оны эцэс, 2016 оны эхээр “Монгол голомт минь” нэртэй яруу найргийн ном гаргасан. 2016 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл Америкийн Нэгдсэн Улсад байж байгаад ирсэн. Тэнд байх хугацаандаа Америкийн тухай ч тэр, өөр эх орон, хайр сэтгэл зэрэг уламжлалт сэдвүүдээр ч гэсэн олон шүлгүүд бичсэн. Тэдгээр шинэ яруу найргаа эмхтгэж 2016 оны 8 дугаар сард номоо хэвлүүлсэн.
- Таны бүтээлээс монгол бичгээр хөрвүүлэгдэж Өвөр Монголын уншигчиддаа хүрсэн байдаг?
- Судалгаа, шүүмжлэлийн өгүүллүүдээс эрдэм шинжилгээний бичиг, миний шүлгүүдээс бас уран зохиолын сэтгүүлүүдэд мэр сэр буусан нь байдаг. “Шанзны эгшиг” нэртэй хүүрнэл зохиолын түүвэр Өвөр Монголын яруу найрагч Шагдарын Мэргэний буулгаснаар Өвөр Монгол, мөн монгол туургатны уншигчдад хүрсэн.
Л.Мөнхтөр:
- Миний хувьд ч мөн уран бүтээлээ хийсээр явна. 2016 онд “Эссэ бодролын сэтгэл” нэртэй ном гаргасан. Энэ ном маань монгол бичиг, кирил бичгээр хадмал гаргасан учир бүх монголчууд маань унших боломжтой. Өвөр Монголд сүлжээ борлуулалтаар уншигчдад маань хүрдэг юм шиг байна лээ. Хоёр дахь удаагийн хэвлэлээ гаргасан. Одоогийн байдлаар нүдний тухай ном гаргахаар бэлтгээд байгаа. Өвөр Монгол нутагт сууж байх хугацаандаа эх барьж авах болов уу гэж бодож байна. Мэдээж, шүлэг яруу найргийн сүүлийн үеийн бүтээлүүдээ бас эмхтгэж байгаа.
- Хятад хэл дээр гарсан бүтээлүүд байдаг байх?
- Сэтгүүлүүд, хэвлэлүүдэд бол хятад, англи хэлээр гарсан нь бий. Харин ном бол одоохондоо хараахан алга байна.
- Сэтгүүлзүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд Өвөр Монголын сэтгүүлзүйн салбарын хөгжлийн тухайд та юу хэлэх вэ?
- Өвөр Монгол орон, Монгол Улсын сэтгүүлзүйн салбар бол хоорондоо жаахан ялгаатай. Монголын хувьд ерөнхийдөө чөлөөт сэтгэлгээ, сэтгүүлчийн эрэгцүүлэлд тойм түлхүү байдаг. Өвөр Монголын сэтгүүлзүй бол бодит байдал, тухайн үйл явдлыг тоочин зурах нь арай илүү юм уу гэж боддог. Бусдаар бол сурвалжлага, найруулал, бүх зүйлээ хийгээд л явж байна. Зарчмын хувьд нэг тиймэрхүү ялгаанууд байна уу гэж харагддаг. Бидэнд бол өөрсдийнх нь үзэл бодол их ордог. Ертөнцийг, орчныг өөрийнхөө орчноос харж чөлөөтэй хэлж чаддаг. Харин Өвөр Монголын сэтгүүлзүйн хувьд тухайн зүйлийг бодит байдлаас нь нэг шугам дээр, тэр шугамнаасаа хоёр тийш нэг их гажаад байхгүйгээр ажилладаг. Энэ бол улс орны нийгмийн тогтолцоотой холбоотой болов уу гэж би боддог л доо. Гэхдээ аль аль нь л үнэний эрэлд, хөгжлийн эрэлд, бүтээж туурвиж байгаа хүмүүсийн бүтээл туурвилыг бусдад хүргэх энэ эрэлдээ хамтдаа л явж байна.
- Уран бүтээлч хүмүүс ирсэн учир бүтээлээсээ сонирхуулж болох уу?
Л.Мөнхтөр: - Монголчууд маань найр наадамд очихдоо сайн морио унаж, сайхан дээлээ өмсөж очдог уламжлалтай. Түүн шиг би бас Өвөр Монголын ард түмнийхээ сонсох дуртай “Зөөлөн зөөлөн замбуулин” дууныхаа шүлэг байх хэлбэрийг нь богинохон хэлж өгье. Энэ шүлэг минь дуу болохоосоо өмнө:
- Болжмор үүрээ зассан харгана
Ижий минь алгаа дэлгэсэн юм шиг байдаг
Ботгондоо яарсан ингэний буулиан
Ээрэм талынх нь уянга байдаг
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдаг
Уужуу тайван ухаант аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг
Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг
Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Ч.Дагвадорж: - Эхийн сэтгэл гэдэг шүлгээ хэлье
Үр минь дээ, чи гэх нь дуулдах мөртлөө үзэгдэхгүй юм аа, ээж минь
Халуун нулимс нь асгарах мөртлөө харагдахгүй юм аа, ээж минь
Тал нутагтаа ч очихоо болио шив дээ гэж ээж гомдоллох юм
Таныг байхгүйд яах вэ дээ гэж өөрийгөө би зөвтгөх юм аа
Үргэлжлэн цэнхэрлэх нутгийг чинь
Үүрээд явчихсан биш дээ
Үр минь чи даанч яав
Үеийн минь хэдэн буурал л үлдсэн юм
Үнсүүлээд ирэхэд л боллоо шүү дээ
Үр минь чи даанч яав
Үрчлээт нүүрээ алгаараа шудрахад нулимс нь мэлтрээд
Үүр шөнийн заагаар ээжийн дуу сонсогдох юм
Үрээ хээр морь нь гэнэ гэнэхэн үүрсээд
Үргэлж нойрсдоггүй хорвоод өр нулимстай хонуулах юм
Хөлөө ч хучуулаагүй, цээжээ ч түшүүлээгүй
Хөөрхий ээжийгээ бодох бүрийд өрөвдөх юм
Үүл хэд нүүж, улирал хэд сэлсэн ч гэлээ
Үрт эх эндэж болдоггүй хүний хорвоод
Ууланд яваа үрийнхээ сэтгэлийг
Уяртал аргадах ээж минь даанч хөөрхий
Үр минь дээ, чи гэх нь дуулдах мөртлөө үзэгдэхгүй юм аа, ээж минь
Халуун нулимс нь асгарах мөртлөө харагдахгүй юм аа, ээж минь гэсэн шүлгээ та бүхэндээ хэллээ. Энэ дашрамд дурдахад, Солонго мэдээллийн төв биднийг зочноор урьж ярилцлага хийж байгаа энэ ялдамд Солонго мэдээллийн төв, Солонго сэтгүүлийн хамт олонд халуун баяр хүргье. Намайг Монгол Улсын Их сургуульд багшилж байх үед харсаар байхад манай тэнхимд Солонго сэтгүүлийг бөөнөөр нь авчраад овоолоод орхичихдог байсан. Авах хүн нь авдаг, авахгүйдээ тэр сэтгүүл манайд байж л байдаг байсан. Одоо тэр үеэс тун их өөр болсон байна. Солонго мэдээллийн төв их олон сувагтай, Монгол Улсад Төлөөлөгчийн газартай болсон байна. Хаа сайгүй түгээгддэг болжээ. Сүүлийн хоёр, гурван Солонго сэтгүүлийг уншиж байхад кирил бичиг дээр алдаа мадаггүй болсон, хэл найруулгын хувьд их сайжирсан, маш цэгцэрсэн нь илт харагдаж байдаг. Тиймээс Солонго мэдээллийн төвийн хамт олонд онцгойлон халуун талархал хүргье. Яагаад гэвэл энэ бол хоёр орны дунд хэл, соёлын гүүр болж байгаа учраас та бүхний ажил үйлсээр их бахархаж байна.
- Анх Өвөр Монголд төдийгүй Хятад улсад ирж байсан тэр үеэс одоо тодорхой хугацааны дараа ирээд харахад ямар өөрчлөлт ялгаа ажиглагдаж байна?
Л.Мөнхтөр:
- Өвөр Монголын ард түмний дунд аймаг, хошуудаар нь маш олон зочилж байсан. Сүүлийн хориод жилд Өвөр Монголын хөгжил их өөр болсон. Газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт гэх зэрэг олон талаар асар ихээр өөрчлөгдсөн. Тэр дундаа соёл, урлаг, яруу найраг, дуу хөгжим гээд урлаг соёлын салбар бол мэдэгдэхүйц их өөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол Улсаас ирж байгаа уран бүтээлчид, Монгол Улсын уран бүтээлүүд чөлөөтэй нэвтэрдэг болсонтой холбоотой. Одон телевизийг хүртэл харж байхад хөтлөгч, нэвтрүүлэгчид нь мэдэгдэхүйц сайн халх аялгуутай болсон юм шиг санагддаг болсон. Чухам бид дассан уу, эсвэл тэд маань биднийг дагаж авиа нь өөрчлөгдсөн үү гэдгийг олж анзаарахгүй байгаа болохоос биш соёлын харилцаа ямар нэг байдлаар нэвтэрсэн нь нэгнээсээ суралцахад чухал нөлөөтэй. Ялангуяа, сүүлийн үеийн шүлэг, яруу найргийн хувьд ч тэр монгол залуустай их ойрхон сэтгэдэг, ойрхон сэтгэлтэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хоёр орны хоорондын соёлын харилцаа, харилцан нэгэндээ чөлөөтэй зорчиж явдаг, бие биеэсээ сурч судалдаг болсон байгаа нь маш олзуурхууштай.
Ч.Дагвадорж: - Тийм ээ, би бас санал нэгтэй байна. Үнэхээр монгол туургатан гэж хэлж болох байх. Хятад улсын монголчуудын нутгаар зөндөө л зочилдог. Хүрээд очиход л эхлээд хүний нүдэнд тордог байшин барилгаасаа эхлээд уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагчдынх нь бодож сэтгэж байгаа нь хүртэл орчин үе рүүгээ их хандсан сэтгэлгээтэй болжээ. Мэдээж, тэдний дунд үндэсний ёс заншил, уламжлал хадгалагдсаар байгаад нь бахархаж байна.
- Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь гялалзсан их амжилтыг хамт олон болон үзэгчдийнхээ өмнөөс хүсье.
Э.ҮРЖИНХАНД
