solongonews
Үзэмчин хонины махыг Шанхай, Шэнжэньд борлуулсан шинэ оролдлого
2016-12-15 15:46
- Дөрвөн мөчний мах бол байна. Одоогоор үхрийн махны захиалга өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Удахгүй нэг үхэр гаргана.
- Захиалсан махаа авлаа. Сав баглаа боодол нь маш сайн байна. Авсан мах гар дээр хүрч иртэл хөлдүү хэвээрээ ирлээ.
- Шэнжэньд тал нутгаас захиалсан махаа авлаа. Сав баглаа боодол, эвдэж бэлдсэн нь маш сайн. /“Хар хүүхэн мал аж ахуйн талбай”-н вичат группын ярианаас/

Сурвалжилага үргэлжилсээр арван нэгдүгээр сарын 18-ны өдөр бид Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингаар сурвалжилгаа үргэлжлүүлж билээ.

Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Жаран баг нь мал олонтой баг юм. Хошууныхаа бусад сум багийг бодвол нутаг бага, хүн ам олонтойгоос бэлчээрийн цөлжилт нэлээд хүнд байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд малын үнэ буурснаар тус багийн малчид газар нутгаа гадагш түрээслээд хот орох нь олширсон байна. Түрээсэлж авсан хүмүүс нь тус нутгийн бэлчээрийг нийлүүлээд хадлан болгож хувхайртал хаддаг. Ингэснээр бэлчээрийн ургац багасаж, хөрс муудах нөхцөлийг түргэсгэдэг байна. Энэ байдалд багийн удирдлагууд хэсэг хот орсон малчдыг буцаан авч ирж, нутаг түрээслэх гэрээнийх нь хугацааг богино болгох зэрэг арга хэмжээ авчээ. Мөн тус баг шаталсан чанартай бэлчээрлүүлэхийг зогсоох газар нутгаар тогтоогдож, Засгийн газраас олгох төсөл нэмэгдсэн болохоор малчдын идэвхийг ч их хэмжээнд дайчилж чадсан байна.

Сүүлийн жилүүдэд хонины махны үнэ буурснаар малчдын амьдралд хүндрэл учирсан юм. Жаран багийн дарга Эрдэмт малын үнийг хамгийн өндөр хэмжээнд байлгахын төлөө малчдаа дайчлан хошууныхаа махны компанид хүргэсэн байна. Хэдийгээр махны компанийн худалдан авах үнэ нь өөр газраас ирсэн явуулын худалдаачдыг бодвол жаахан өндөр байдаг боловч тээврийн зардал зэргээ нэмбэл бараг л адилхан очдог байлаа.

Тэгвэл хонио чухам хэрхэн борлуулбал ашгийг хамгийн өндөр хэмжээнд хүртэж чадах вэ? Энэ нь тус багийн намын дарга Хас-Очир болон багийн дарга Эрдэмтийн хамгийн санаа зовдог зүйл байлаа. Харин нэг өдөр багийн дарга малчдынхаа гэрээр явж байхад багийн чинээлэг амьдралтай Ван Жиюүнгийнх гаднаа хөлдөөх агуулах байгуулж, энэ жилийн худалдах хургаа нэгийг ч явуулын худалдаачинд өгөөгүй бөгөөд давхар ашиг олсныг мэджээ. Багийн дарга энэхүү “Ололт”-доо маш олзуурхан, биднийг дагуулан тус айлыг зорьж билээ.

Ван Жиюүн хэдийгээр хятад үндэстэн боловч эрт үеэсээ мал аж ахуйн нутагт ирж амьдарсан болохоор Баруун Үзэмчин нутагт идээшин дассан байна. Насаараа хонь хариулж, хүнд хэцүүг үзсэн аав нь хонь малынхаа ихэнх ашгийг явуулын худалдаачинд алдаж байгааг харсан Ван Жиюүний охин Хархүүхэн энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Хархүүхэн Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиа дүүргэсний дараа Бээжинд хэсэг хугацаанд ажиллаж, Бээжин, Шанхай зэрэг газраар нэлээд өргөн нийгмийн харилцаатай болсон байна. Ялангуяа түүний хэдэн эгч нь ч Бээжин, Шанхай зэрэг газраар ажиллаж амьдардаг болохоор нийгмийн харилцаа сайтай аж. Энэ нь түүний вичат группээр их хотын зах зээлийг нээж, том хотын иргэдийн хоолны ширээн дээр Үзэмчин хонины махыг гаргаж чадсан хамгийн гол давуу тал гэдэгт эргэлзэхгүй.

Өнгөрсөн жилийн 10 дугаар сард вичат дээрээ хонь гаргаж байгаа зургаа тавьсанд Бээжингийн найзууд нь удаа дараалан утастаж, хонины махных нь тухай асууж байсан бөгөөд амталж үзэхийг хүссэн байна. Хэн мэдэх билээ. Энэ гэнэтийн тохиол нь Хархүүхний вичатыг ашиглан хонины мах борлуулж, шинэ техник технологийн эрин дэх шинэ хэлбэрийн худалдаачин буюу шинэ малчин болох замыг нээсэн гэдгийг тэр өөрөө ч бодоогүй байжээ.

Найзынхаа хүсэлтийг зөвшөөрөн түүнд хонины махаа явуулсан байна. Найз нь хүлээн авсан тухайн өдрөөс түүнээс нэг хонь авахыг хүссэн байна. Харин тэрээр үүгээр худалдаа хийнэ гэж санаанд ороо ч үгүй байжээ. Хэдэн хоногийн дараа бас нэг найз нь түүнээс хонины мах авахаар болжээ. Хонины махаа ингэж борлуулбал наад зах нь явуулын наймаачинд ашгаа алдахгүй гэдгийг тэрээр гэнэт ухаарсан байна. Ингээд тэрээр вичат групп байгуулан Бээжин, Шанхай, Шэнжэнь дэх найзуудаа группдээ оруулан хонины махны интернэт сүлжээн дэх борлуулалтаа эхлүүлжээ.

Өнгөрсөн жил бага хэмжээнд эхлүүлсэн вичат худалдаа нь энэ жил нэлээд туршлага хуримтлуулснаар барахгүй хэрэглэгч олонтой болжээ. Энэ жил тэрээр гаднаа 20 тоннын багтаамжтай хөлдөөх агуулах байгуулж, хялбар савлагаа хийх тоног төхөөрөмж зэргийг оруулсан бөгөөд илгээмж явуулахын тулд шуудангийн газартай хамтын ажиллагаа байгуулан, Хятадын нийт нутаг руу шууд түргэн илгээмж явуулах болжээ. Энэ жил борлуулах гэж байсан 200 гаруй хургаа худалдаагүй байна. Харин гаднаа гарган савлагаа хийн, вичатаар дамжуулан борлуулжээ. Энэ байдал нь явуулын наймаачинд өгснөөс 30 хувийн илүү ашиг олсон байна.

- Ингэж худалдаа хийгээд жилийн нүүрийг үзлээ. Аливаа зүйлийг хийж үзвэл бас болдог юм байна. Бизнес маань их сайн байна. Энэ нь манай мал аж ахуйн орны үхэр хонин цэвэр маханд байгаа юм. Хотын хэрэглэгчдийн одоогийн хамгийн чухалд үзэж байгаа зүйл бол эрүүл мэндийн асуудал болно. Манай Үзэмчин үхэр хонины мах яг энэ шаардлагад нийцэж байна. Ингэж хийсэн маань хэдийгээр ажил ихтэй байсан ч наад зах нь малчид насаараа үйлээ үзэн өсгөсөн малын ашиг орлогоо явуулын наймаачинд алдахгүй юм гэж Хархүүхэн ярив.

Одоогийн байдлаар Бээжин, Шанхай, Шэнжэнь зэрэг хотоор “Хархүүхэн мал аж ахуйн талбай”-н нэр дэлгэрснээр түүний борлуулалтын цар хүрээ ч өргөжин тэлсээр байна.

- Дараагийн алхамд гэртээ мал нядлах газар гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Үзэмчин хониор гол болгосон компани байгуулж, өнөөгийн хийж байгаа вичат борлуулалтын арга хэлбэрээ сайжруулан, бусад малчдыг ч чинээлэг замд дагуулахаар хичээнэ. Засгийн дэмжлэг байвал, хар замаас гэр хүртэл хар зам тавьж өгвөл аль ч газрын худалдан авагчдыг татаж болно гэв.

- Хүнд хэцүү зүйл байна уу?

Байлгүй яах вэ, нэг хонийг Шэнжэнь хүртэл шуудангаар явуулахад зардал нь 200 юаниар нэмэгддэг. Дараа нь шуудангаар явуулах асуудлыг шийдчихвэл миний бизнес улам сайн болно гэж билээ.

Зохиогч: Алтан-Уул, Гүнбилэг
Найруулагч: УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл