Хилийн чанад дахь хөмрөг нь Хятадын худалдагчид болон хилийн чанад дахь хэрэглэгчдийн хооронд гүүрийн үйлчилгээ үзүүлдэг. Цар тахлын хугацаанд хилийн чанад дахь хөмрөгийн тусламжтайгаар Хятадын худалдагчид өндөр борлуулалтад хүрч чадсан байна
Хятадын Худалдааны Яамны сайд Ван Вэньтао сүүлийн өдөр 2021 онд гадаад худалдааг тогтворжуулах арга хэмжээний тухайд:
- Хилийн чанад дахь хөмрөгийн цар хүрээг өргөжүүлж, хилийн чанад дахь хөмрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хурдтай хэрэгжүүлэхийг түлхүү дэмжинэ гэж илэрхийллээ.
Хилийн чанад дахь хөмрөгийн загвар ямар давуу талтай вэ. Цаашид хил дамнасан цахим худалдааг хэрхэн хөгжүүлэх вэ?
Дэлхий нийтийн нөхцөл байдлыг бодолхийлж, хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжинэ.
Нин Бө хотын Хао Я Импорт Экспортын ХХК бол Нин Бө хотын хил дамнасан цахим худалдааны тэргүүлэгч компани юм. Тус компани дэлхийн олон улс оронд 20 хөмрөг, маркетингийн төв байгуулсан, 400 мянган мкв талбай эзэлдэг. 2020 онд хилийн чанад дахь хөмрөгийн загварыг ашигласан болохоор тус компанийн худалдааны эргэлт 2019 онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Тус компани арван жилийн өмнө нэгжийн үнэ бага, бага ашигтай өдөр тутмын барааг голчлон борлуулдаг байв. Харин өдгөө Европ, Америкийн зах зээлд 20 гаруй салбарын 15 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүн борлуулж, өдрийн дундаж захиалгын хэмжээ 30 мянга гаруйд хүрч байна. Хилийн чанад дахь хөмрөгийн загварыг ашигласан нь Хао Я компани уламжлалт гадаад худалдааны хэлбэрээ амжилттай өөрчилсний нууц жор юм. 400 мянган мкв эзэлдэг хилийн чанад дахь хөмрөг нь хилийн чанадад бараа бүтээгдэхүүн хадгалахаар зогсохгүй тээвэрлэлт, борлуулалт зэрэг цогц чиг үүрэгтэй. Бусад экспортын компаниудад бараа бүтээгдэхүүнээ хадгалах үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Хармөрөн мужийн Э Сүтун Олон Улсын Ложистикийн ХХК 2015 онд ОХУ-ын Москва хотод хилийн чанад дахь хөмрөг нээсэн. Энэ нь ОХУ дахь Хятадын хил дамнасан цахим худалдааны компанийн байгуулсан анхны хилийн чанад дахь хөмрөг юм. 11 мянган мкв талбай эзэлдэг бөгөөд Оросын орон нутагт буухиа хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Фү Жянь мужийн Зүн Тэн Сүлжээний ХХК нь хил дамнасан цахим худалдааны худалдаа эрхлэгчдэд гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани дэлхийн хэмжээнд хилийн чанад дахь 36 хөмрөг байгуулсан нь 700 мянган мкв талбайг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр хилийн чанад дахь хөмрөг нь хилийн чанад дахь хэрэглэгчид болон Хятад худалдагчдын хооронд "дамжин өнгөрөх өртөө" болж байна. Хятадын Худалдааны Яамны вэбсайтад хилийн чанад дахь хөмрөгийн загварын сайн ашигласан жишээ үзүүлэх компанийн нэрсийн жагсаалтад Хао Я Импорт Экспортын ХХК, Э Сүтун Олон Улсын Ложистик ХХК, Зүн Тэн Сүлжээний ХХК зэрэг долоон компани багтаж байна.
Статистик мэдээгээр Хятад улс одоо Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улс оронд нийт 1800 гаруй хилийн чанад дахь хөмрөг байдаг. Төрлийн хувьд Хятадын хилийн чанад дахь хөмрөгийг үндсэндээ гурван ангилалд хуваадаг. Үүнд: Хил дамнасан цахим худалдааны худалдагчдад зориулан гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлдэг хилийн чанад дахь хөмрөг; хил дамнасан цахим худалдааны платформтой, ихэвчлэн үйлчилгээ эрхэлдэг платформ дээр суурилсан хилийн чанад дахь хөмрөг; хөгжлийн агуу боломжтой, тодорхой шинж чанар бүхий хилийн чанад дахь хөмрөг.
Хятадын хилийн чанад дахь хөмрөгийн тоо улам нэмэгдэж байгаа нь хил дамнасан цахим худалдааны хурдтай хөгжлөөс шалтгаалсан юм.
Гаалийн Ерөнхий Газрын Статистикийн Шинжилгээний Газрын дарга Ли Күйвэнь:
- Шинээр гарч ирж буй худалдааны хэлбэрийн хувьд хил дамнасан цахим худалдаа нь онлайн гүйлгээ, богино гүйлгээний сүлжээ зэрэг давуу талуудаараа гадаад худалдааны компаниудад тахлын нөлөөнд хариу арга хэмжээ авахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Цар тахлын үед хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын худалдааны хэмжээ буураагүй. Харин өсөж, гадаад худалдааг тогтворжуулах чухал хүчин зүйл болжээ.
Хятадын Худалдааны Яамны Судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн дарга Жан Жяньпин:
- Хилийн чанад дахь хөмрөг нь хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд зайлшгүй чухал холбоос, чухал платформ болжээ. Дэлхийн улс орнуудад хилийн чанад дахь хөмрөг байгуулж, дараа нь бараа бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлийн дагуу тээвэрлэх, ангилах, савлах нь ложистикийн үр ашгийг дээшлүүлж, үйл ажиллагааны нийт зардлыг бууруулж чадна гэж хэлсэн байна.
Хил дамнасан цахим худалдааны барааны хүргэлтийг хурдасгаж байна
2020 онд Испанийн нэгэн хэрэглэгч Хятадад үйлдвэрлэсэн телевизорыг AliExpress платформ дээрээс худалдан авч, хилийн чанад дахь хөмрөгт захиалгаа өгснөөс хойш хагас өдрийн хугацаанд гэртээ хүргүүлжээ.
Хилийн чанад дахь хөмрөг нь "Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн"-ий "гадагшаа гарах" шинэ өртөө болов. Худалдааны Яамны холбогдох албаны хүн:
- Хил дамнасан цахим худалдаа зэрэг бизнесийн шинэ хэлбэр нь Хятад улсын гадаад худалдааны хөгжилд шинэ орон зай, шинэ эрч хүч өгч байна. Хилийн чанад дахь хөмрөг нь хил дамнасан цахим худалдааны компаниудад гадаадад нутагшуулсан бизнес үйл ажиллагаа эрхлэхэд чухал дэмжлэг болдог.
Логистик нь илүү хурдан болохоор хэрэглэгчид сэтгэл хангалуун байдаг. Уламжлалт ложистикийн загвартай харьцуулахад хилийн чанад дахь хөмрөг нь "Захиалга өгөхөөсөө өмнө бараагаа эхлээд хөмрөгтөө оруулаад бэлтгэх" загвараар ажиллаж байдаг. Эсвэл хэрэглэгчдийн захиалга өгсөн байршилд ойрхон газраас бараа хүргэдэг болохоор цаг хугацаа хэмнэж чадна. Жин Дүн групп Индонез улсад байгуулсан хадгалж, хүргэх ложистикт тулгуурлан бараа хүргэлтийн үйлчилгээ нь долоон арал, 483 хотыг хамарч байгаа бөгөөд захиалгын 85 хувийн хүргэх хугацааг өмнөх уламжлалт 5-7 хоногийг нэг өдөр болгож богиносгосон байна.
Худалдааны хангамжийн сүлжээг төлөвлөх нь илүү үндэслэлтэй, зохистой болжээ. Цай Нюо экспортын компанийн ложистикийн газрын ерөнхий менежер Шюү Вэй:
- Хилийн чанад дахь хөмрөгийн загвар нь худалдаачдад аль бүтээгдэхүүнийг экспортлох, хэзээ экспортлох, аль зах зээлд ачаа тээвэрлэх зэргийг бие даан төлөвлөх боломж олгодог. Хэрэглэгчдэд аль чадахаараа өндөр хэрэгцээтэй барааг урьдчилан хөмрөгт оруулахыг төлөвлөж өгөх боломжоор хангасан байна.
Сүүлийн жилүүдэд гадаад худалдааг тогтворжуулах чухал арга хэмжээнүүдийн нэг нь болж байгаа хилийн чанад дахь хөмрөгийн загвар нь төрийн бодлогын хүчтэй дэмжлэгийг хүртэж байна. 2014 онд "Гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих талаарх санал"-д хилийн чанад дахь хөмрөг зэрэг олон улсын маркетингийн сүлжээг байгуулахыг дурджээ; 2016 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д экспортын аж ахуйн нэгжүүдийн хилийн гадна хөмрөг байгуулахыг дэмжинэ гэж дурджээ; 2020 оны 11-р сард Төрийн Зөвлөлөөс "гадаад худалдааны инновацийн хөгжлийг дэмжих тухай хэрэгжилтийн санал"-д хил дамнасан цахим худалдаа зэрэг бизнесийн шинэ форматыг хөгжүүлэх бөгөөд хилийн чанад дахь хөмрөгийн бүтээн байгуулалтыг голчлон маш өргөнөөр хөгжүүлнэ гэж дурдсан байна.
Аз тохиолыг атгаж, шинэ үеийн ложистикийн системийг байгуулав
Цар тахал нь дэлхийн хэрэглэгчдийн онлайн дэлгүүрээс бараа худалдан авах хандлагыг нэмэгдүүлж, хил дамнасан цахим худалдаа нь хөгжлийн шинэ боломж олсон байна. Үүнд: Холбогдох компаниуд экспортын компаниудын хэрэгцээг хангах үүднээс хилийн чанад дахь хөмрөгийн бүтээн байгуулалтаа өргөжүүлж байна. Жэ Жян мужийн нэгэн экспортын компанийн хариуцлагатай албаны хүн:
- Өнгөрсөн оны эхний хагас жилд манай компани ложистикийн баталгаагүйгээс болж бусад хил дамнасан цахим худалдааны тавцангаа хаасан юм. Зөвхөн Цай Нюо ложистикийн үйлчилгээний онлайн дэлгүүрээ үлдээсэн боловч борлуулалт нь өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн юм. Энэ нь хилийн чанад дахь хөмрөгийн тусламжийн үр нөлөө эрс нэмэгдсэнийг харуулж байна гэж ярилаа.
Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Лю Шяндүн:
- Цар тахлын улмаас болсон хил дамнасан ложистик, ялангуяа хүйтэн гинжин ложистикийн эрсдэлийг бууруулахын тулд хилийн чанад дахь хөмрөг байгуулах нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдал болон жигд урсгалыг батлах үр дүнтэй арга хэмжээ юм. Одоогийн байдлаар Хятадын олон компаниуд хил дамнасан цахим худалдааны арга замыг ашиглан гадаадад хилийн чанад дахь хөмрөг байрлуулах ажлыг идэвхтэй явуулж байгаа нь экспорт, гадаад худалдааг тогтворжуулж, барааны хангалтын гинжин холбоог баталж, хилийн чанад дахь зах зээлийг хөгжүүлэхэд туслах болно гэж хэллээ.
Хилийн чанад дахь хөмрөг бол логистикийн хугацааг богиносгож, хил дамнасан цахим худалдааны худалдагчдад худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд туслах талаас илт давуу талтай байдаг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хилийн чанад дахь хөмрөг байгуулах нь геополитик, хууль эрх зүй, зах зээл зэрэг талын хамтын ажиллагааны эрсдэл тулгардаг. Үүнээс гадна, дэд бүтэц сул, барилгын өндөр өртөг, дарамтыг тэсвэрлэх чадвар доор зэрэг дутагдалтай талууд бий.
Лю Шяндүний санаачилж байгаагаар хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, ашиглалтын эрсдэлийн хувьд бид цаашдаа олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аж ахуйн нэгжүүд Хятад улсын гарын үсэг зурсан чөлөөт худалдааны гэрээ, эсвэл хөрөнгө оруулалтын гэрээний дүрмийг ашиглахад дэмжиж, орон нутгийн иргэдтэй сайн харилцаа тогтоон, нийгмийн хариуцлагаа биелүүлж, хилийн чанад дахь хөмрөгийн үйл ажиллагааг чин сэтгэлээсээ сурталчлах; Санхүүжилтийн зардлын хувьд хил дамнасан цахим худалдааны бизнесийн загварыг шинэчлэх, экспортын зээлийн тухай төрийн бодлогыг бүрэн ашиглах, гадаад дахь хөмрөгөө орон нутгийн нөхцөлийн дагуу бие дааж байгуулах, мөн хамтран байгуулах, түрээслэх зэрэг олон арга хэмжээ авч, хөрөнгө оруулалт, ашиглалтын эрсдэлээс аль болох зайлсхийх; Хил дамнасан ложистикийн интеграцын асуудлын хувьд хил дамнасан гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, хоёр талт буюу олон талын бодлогыг идэвхтэй ашиглах, хилийн чанад дахь хөмрөгийн байршлыг оновчтой болгох, хилийн чанад дахь хөмрөгийн онцлогтой үйл ажиллагааг баяжуулах, хангалтын гинжин хэлхээг шилдэг болгох замыг эрэлхийлэх ажлыг түргэсгэх хэрэгтэй.
2020 онд RCEP-ын цар хүрээнд хамтран ажиллах гарын үсэг зурсан нь хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, хилийн чанад дахь хөмрөг байгуулахад шинэ түүхэн боломж олгосон байна. Лю Шяндүн:
- RCEP-ын боомтын гаалийн татварыг бууруулах агуулга нь ЖДҮ-ийн экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн чөлөөт урсгалыг дэмжихэд хувь нэмэр оруулахаар үл барам хил дамнасан цахим худалдааны компаниудад хилийн чанад дахь хөмрөгийн барилга байгуулахад тохиромжтой нөхцөл бүрдүүлж өгсөн байна. Цаасгүй худалдаа, цахим баталгаажуулалт, гарын үсгийн хүчин төгөлдөр байдал гэх зэрэг дүрмүүд нь хилийн чанад дахь хөмрөгийг ухаалаг байгуулахад тустай. Хил дамнасан логистик, хүргэлтийн цаг хугацааг оновчтой болгож сайжруулдаг.
Үүнээс гадна, RCEP нь хил дамнасан мэдээллийн урсгал, хадгалалтын тал дээр холбогдох дүрэм тогтоосон. Энэ нь хил дамнасан цахим худалдааны үйл ажиллагаатай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Худалдааны Яамны Судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн дарга Жан Жяньпин:
- Цаашдын ирээдүйд хилийн чанад дахь хөмрөгийн тоо нэмэгдэж, үйл ажиллагааны үр ашиг улам сайжрах хандлагатай байна. Тодруулбал, шинэ үеийн ухаалаг логистик системийг байгуулснаар хилийн чанад дахь хөмрөг улам илүү чухал үүрэг гүйцэтгэж, хил дамнасан цахим худалдааны гадаад худалдааг тогтворжуулах явцад маш их хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.
Хилийн чанад дахь хөмрөг нь Хятадын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг "гадагш гарах"-д шинэ өртөө болж байна
● Өдгөө Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ болон бусад улс орон, бүс нутагт Хятадын нийт 1800 гаруй хилийн чанад дахь хөмрөг бий.
● Хятадын хилийн чанад дахь хөмрөгийг үндсэндээ гурван ангилалд хуваажээ:
– Хил дамнасан цахим худалдааны худалдагчдад зориулан гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлдэг хилийн чанад дахь хөмрөг;
– Хил дамнасан цахим худалдааны платформтой, ихэвчлэн үйлчилгээ эрхэлдэг платформ дээр суурилсан хилийн чанад дахь хөмрөг;
Хөгжлийн агуу боломжтой, тодорхой шинж чанар бүхий хилийн чанад дахь хөмрөг.
– 2020 оны 07-р сараас Хятадын Гаалийн Ерөнхий Газраас хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгжид (B2B) экспортлох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс эхэлж хилийн чанад дахь хөмрөг нь экспортын тусгай коридортой болсон байна.

2020 оны 11-р сарын 11-ний өдөр ажилтнууд Испаний Гвадалахара дахь хилийн чанад дахь хөмрөгөөс бараа ангилж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Мэн Динбө

Гвадалахара дахь хилийн чанад дахь хөмрөгөөс тухайн газрын ложистикийн ажилтнууд телевиз зөөж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Мэн Динбө
