solongonews
Хятад зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо
2016-10-08 21:03
“Уугуул нутаг” нэртэй орчин үеийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

        “Уугуул нутаг” нэртэй орчин үеийн уран зургийн үзэсгэлэн өнөөдөр буюу 10 дугаар сарын 8-ны өдөр Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ. Бээжингийн Ли-Орон зай соёл урлагийн ХК-ийн куратор буюу уг үзэсгэлэнгийн ерөнхий куратор Гү Жэньчин үзэсгэлэнг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орон урлагийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Хятад зураачдын уран бүтээлүүдээс газар тариалангийн соёлыг тодорхой хэмжээнд ойлгож болох бол нөгөө талдаа бидний хувьд Монгол орны ахуй амьдрал, ёс заншил, байгаль орчин нь уран бүтээлийн шинэ мэдрэмжийг өгч чаддаг. Өнгөрсөн сард Монголын Уран Зургийн Галерей болон Шанхайн Хятад урлагийн ордон “Улсын уран зургийн галерейн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан ирэх онд Монголын 30 гаруй зураачийг Шанхай хотноо урин уран зургийн үзэсгэлэн хийхээр төлөвлөөд байгаагаа хэлэхэд таатай байна гэлээ.

        Үзэсгэлэнгийн үеэр мөн Монголын Уран Зургийн Галерейн захирал Н.Батбаатар, Хятад улсын нэрт уран зураач Чи Жылүн, Чэнь Вэйнун, Түн Яань Рү Нань нар үг хэлсэн юм.

        Хятад улcын 12 зураачийн нийт 38 уран бүтээл дэлгэгдсэн тус үзэсгэлэнг энэ сарын 28-ны өдрийг дуустал сонирхох боломжтой юм.

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл