solongonews
Монгол дээлийг 70.000-100.000 төгрөгөөр оёж байлаа
2016-01-26 10:08
Уншигчдынхаа ажлаас хөнгөвчлөх зорилгоор торгоны үнийг сонирхсоноо энд бичье.

        Уншигчдынхаа ажлаас хөнгөвчлөх зорилгоор торгоны үнийг сонирхсоноо энд бичье.  Хаа очиж торгоны үнэ өмнөх жилийнхээ ханштай адил шахам байна.  Энэ жилийн хувьд үйтэн хуар, хамба хэлэн, даавуун дээл гэхээсээ илүүтэй торгыг илүүд үзэж худалдан авч байв. 

“Урт цагаан”-д торго бөс даавуу, оёдол засварын хэд хэдэн газар бий. “Урт цагаан”-ы хамгийн зүүн хаалганд байрлах  бөс барааны “Торгоны дэлгүүр”-ээр оров. Тус дэлгүүрийн торгоны үнэ 3500 төгрөгөөс эхэлж байлаа. Үнээ дагаад чанар нь нэмэгдэх нь гарцаагүй. Үндсэндээ хээтэй хээгүй,  хэр чанартайгэдгээс үнэ шууд хамаарна хэмээн худалдагч эгч хэлсэн юм.   Тус дэлгүүрийн хувьд чанартай торго нь 12.000-25.000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байв.  

Эсрэг талд нь байрлах хувцас захиалга, засвар болон бөс барааны худалдаатай торгоны дэлгүүрээр ороход нэг метр нь 8 000, 15 000, 25 000 төгрөг гээд янз бүрийн үнэтэй байсан юм. “Дээлийг 100.000 төгрөгөөр оёно. Тэгэхдээ захиалгаа ойрын хугацаанд өгөхгүй бол эрэлт их байна” хэмээн тус дэлгүүрийн оёдолчин хэллээ. Ер нь ихэнх оёдлын цехүүд 70.000-100.000 төгрөгөөр  дээл оёж байгаа гэдгийг тэднээс мэдсэн. 

Дараагаар нь “Мэргэжилтний 20”-ийн ойролцоо байдаг хэд хэдэн торгоны дэлгүүрээр орлоо. Үнийн хувьд тухайн дэлгүүрийн нэр хүндээс шалтгаалан харилцан адилгүй байлаа. “Тосон торго” дэлгүүрийн хувьд үйлчлүүлэгч ихтэй бужигнаж байсан ба торгоны үнийн хувьд 15.000-25.000 төгрөгийн хооронд байсан юм. Мөн дэлгүүрийн үүдэнд байх лангуунд 5.000-30.000, мөн 80.000 төгрөг бүр 300.000 төгрөгийн үнэ бүхий торго ч байлаа. Ижил нэртэй боловч “Голомт хотхон”-ы ойролцоо байх торгоны дэлгүүрт 4.000, 8.000, 10.000 төгрөг байсан бол чанартай нь 18.000-20.000 төгрөгийн үнэтэй аж.

Мөн торгоны өөр нэгэн дэлгүүрт хамба хилэн нь 18.000-20.000 төгрөг бол чисчүү торго нь  чанараасаа хамааран 12.000-25.000 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ дэлгүүрт эрэгтэй малгай 45.000 төгрөгийн үнэтэй байв. “Могул” энэтхэг барааны дэлгүүрт “сари” байхгүй харин торго зарж байлаа.Үнийн хувьд 14.000, 26.000, 60.000 төгрөг байв. “Торгоны зам” худалдааны төв нь торго, бөс даавууны төрөлжсөн худалдаатай бөгөөд олон төрлийн торго бөс даавуу байсан юм. 

Торгоны зам худалдааны төвд байрлах “Үлэмж гоо салон”-ы торго нь 6.000-25.000 мянган төгрөг юм. Өөр лангуунд торго нь 3.000 төгрөгөөс дээш үнэтэй бөгөөд чанартай нь 20.000 төгрөгөөс дээш байлаа. Эмжээрийн хувьд нэг орой нь 5 000 төгрөг юм.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл