solongonews
Бүсгүйчүүдээ, сар шинийн баяраар ийм арга хэрэглэвэл ямар вэ?...
2015-12-28 18:21
Энэ удаад ”Монголжингоо”-гийн бүсгүйчүүд та нартайгаа жингээ барих тухай биш, харин таныг, танай гэр бүлийг тэр чигээр нь илэрхийлэх идээ будааны тухай ярилцмаар санагдлаа.
Орчин үед сар шинийн идээ будааны гол утга учир бараг алдагдсан. Уламжлалт ул, хавсаа боовоор зассан таваг, ууц хоёроор л ялгарахаас бус бусад нь бараг л шинэ жил, хурим ёслол, хэн нэгний төрсөн өдрийн баярын ширээнээс ялгарах юмгүй эрээлдэг болсон. Зарим айл утсан загас, бялуу ширээндээ голлуулсан байх нь ч бий. Ийм ширээ зассан айлд ороход тийм ч таатай байдаггүй. Сар шинийн баяр биш байсан бол өөр хэрэг л дээ. Гэхдээ л хүний хүсэл сонирхлыг хазаарлаж болох биш, элдэв амттан өрж ширээгээ дүүргэх дуртай эзэгтэй тантай бодлоо хуваалцах гэсэн юм.
1.Олон жижиг чихэр, жимсний тавагны оронд босоо таваг хэрэглэвэл зүгээр юм. Сүүлийн үед томоос жижиг хүртлээ дээш угсарсан таваг энд тэндхийн дэлгүүрт харагдах болсон. Ийм тавганд амттанаа хийж дүүргээрэй.
2.Битүүлэгний цагаан идээ, зууш, салат зэргийг харин олон жижиг тавганд бага багаар хийж тавибал тун зүгээр. Учир нь хэн нэгэн үлдээлгүй идэхэд тохиромжтой. Дуусчихвал сэргээгээд дүүргэнэ биз. Хэт том тавганд овоолж хийвэл, аягалахдаа унагаж асгах, адаглаад хатаж хуурайшаад өнгө зүсгүй болдог. Хүний өмнө тавихад эвгүй, хаяхад хайран болно.
 
Саяхандаа... хэсэг залуустай сар шинийн идээ будааны тухай ярилцаж суухад “Дээрээсээ хатчихсан муудсан ч байж болох зүйлсээ ид гээд шахаад байх нь тун ч хэцүү шүү” гэж  ам алдана лээ. Тиймээс л идээ будаагаа ч арчлах хэрэгтэй гэдгийг ухаарснаа та нартайгаа хуваалцаж байгаа минь энэ. Мөн ихэнх залуу эрчүүдэд таалагддаггүй нэг зүйл байдаг юм байна. Энэ нь ширдэг дрожоо хайрлан дэвссэн гялгар уут юм гэнэ. Бүсгүйчүүд ч яахав, бие биенийхээ зовлонг ойлгох хойно нэг их тоохгүй. Гялгар уутны оронд үүдэндээ улавч тавьчихвал амар гэж нэг бус залуу хэлж байна. Тиймээс энэ тухай бодоод нэг үзээрэй.
 
3. Хэрвээ ойр ойрхон цай чанахаас төвөгшөөж том халуун сав ашигладаг бол үргэлж дүүрэн байлгаарай. Дундуур цай аяндаа хөрч, үлбэгэр болдог. Ийм цай ямар мэдрэмж төрүүлдгийг бүсгүй та мэдэх биз ээ. 
4. Сар шинийн цайны аяга аль болох жижиг байвал зүгээр. Том аяганд дундуур цай хийж өгөх нь билэгдэлгүй. Дүүргээд хийчихвэл олон хүн ууж баралгүй орхидог талтай. Тэгээд ч жижиг аяга ширээнд бага зай эзэлдэг. 
5. Ууц хөндөхөд зориулсан хутгаа маш сайн хурцлаарай. Мохоо хутгаар ууц хөндөхөд өөх тосны үйрмэг их унадаг, тэгээд ч ийм хутгаар хөндсөн ууц битүүлэг энд тэндээ эрвийж сэрвийгээд өнгөгүй харагддаг юм шүү.
 
6. Эцэст нь зочдоо үдсний дараа тавагтай идээгээ бүтээх тусгай марль заавал бэлдээрэй. Идээ тавгаа цаг тутамд бүтээх нь олон давуу талтай. Нарийн тоос тоосонцор буухаас, зориуд бэлдэж зүссэн өрөм хатаж хорчийхоос сэргийлдэг. Хорхой ааруул, зефир, пастель гээд л олон зүйлсээр идээгээ чимдэг айл өрх олон. Эдгээр амттан ус чийгээ алдаж хатахаараа өнгө зүсгүй болдгийг та нар минь мэднэ. Тиймээс идээ тавгаа бүтээж заншвал шинэ хуучиртал өнгөлөг идээтэй байж болох юм шүү.
   
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл