Эмэгтэй зохиолч гэж ярихаар манайхны дунд цөөхөн байдаг. Ялангуяа малчин бүсгүй зохиолч бүр ч тоотой хэдхэн. Бүсгүй хүн айл гэрийн бүтэн тулгуур болж ар гэрээ додомдох, балчир хүүхдээ хүмүүжүүлэх, өтгөс буурлуудаа асрах, оёдол үйл, сааль сүү, мал унаа гэх мэтчилэн өдөр бүр хийгээд барагдахгүй ажлыг үүрч явдаг нь үнэн. Ийнхүү “Саальчин” алдрыг өргөж, “Ээж” гэх агуу хүнд үүргийг хүлээж, “хань” гэх ёс журмыг сахиж, амьдрал үйлсээ өөд татаж яваа бүсгүйчүүдийн дундаас их ажлын чөлөө заваараа ном бичигтэй нөхөрлөн, үзэг цаас нийлүүлж эмэгтэй зохиолчийн эгнээнд нэрээ дуудуулж яваа нэгэн бол Шарнууд Хүүдүүт болно.
1985 онд Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын харьяат багийн малчин П.Арвин болон Соёлцэцэгийн охин үр нь болж заяасан тэрээр айл гэрийн буурай амьдралаас болж ахлах дунд сургуулиа дүүргэж чадахгүй, хөлсний ажил хийж эхэлжээ. Түүний аав П.Арвин гэж нутаг усандаа нэртэй уран зураач, сийлбэрчин, ардын урлан бүтээлч мөртөө ном сэтгүүл захиалан байнга уншдаг хүн байсан гэдэг. Ийнхүү хар багаасаа аавынхаа нөлөөг хүртэж өсөн торнисон Шарнууд Хүүдүүт ном зохиолтой танил дасал болж, бүр сүүлдээ өөрөө үзэг цаас нийлүүлж яруу найраг, өгүүллэг зэргийг бичиж оролдох болсон байжээ. Тэрээр үлгэрийн номоос “Хөх судар”, “Хөх судрын хуурын үлгэр”, “Сахиус өргөмжилсөн үлгэр”, “Гурван улсын үлгэр”, тууж романаас “Ганган хар”, “Тунгалаг тамир”, сэтгүүлээс “Өнөр цэцэг”, “Залуучууд”, “Эмэгтэйчүүд” зэргийг амтархан уншиж оюуны шимийг хүртсэн юм. Бага сургуульд байхад түүний өвөг нь таван жил дараалан түүнд “Нахиа”, “Цоморлог” захиалан уншуулдаг нь ном бичигтэй найз болж хүмүүжихэд нөлөөлсөн байх. Мөн “Шоргоолжны хаант улсаар сурвалжилсан тэмдэглэл” гэсэн хүүхдийн номыг олон удаа уншиж байсан бөгөөд Гэсэр хааны үлгэр, Чингис хааны үлгэр, Мангасын үлгэр зэрэг зурагт номуудыг хүүхэд насандаа уншиж байсан юм.
Амьдралын эрхээр суралцаж чадахгүй биеийн хүчний ажил хийж явснаа нэг мэдэхэд айл гэрийн эзэгтэй болсон Шарнууд Хүүдүүт хэдийгээр ном унших завшаан ховордсон боловч амьдрал дундах уйтгар гунигтай, баяр баясгалантай үе бүхнээ өдрийн тэмдэглэлийн хэлбэрээр бичиж тэмдэглэж тавьдаг байлаа. Хүний амьдралын замд сайн муу тохиохыг алийг тэр гэх билээ? Аав ээжийгээ санах, үрээ санах, ханьдаа гомдох сэтгэлийн шаналал зэрэг амьдралын гашууныг амсаж туулж явахдаа ном системтэй сайн унших бодолд хөтлөгджээ. Тэгээд “Нууц” гэдэг номыг уншив. Тус номыг уншсанаас өөрийгөө зоригжуулах сэтгэлгээтэй болж, бүсгүй хүн гэж хэзээд хатан ухаантай байх хэрэгтэй. Бүсгүй хүн гэдэг боол биш, зарц ч биш, заавал хатан байх хэрэгтэй гэсэн итгэл зоригийг олж, одоо ч гэсэн ирээдүйд ч хаягдмал бодис байж болохгүй гэдгийг өөрийн эрхгүй ухаарч мэдсэн байна. Ийнхүү тэрээр үргэлж ном уншихыг баримталсаар ирсэн бөгөөд ном уншсан сэтгэгдлээ бичиж, вичат дээрээ нийтлэн монгол ном борлуулах ажлыг ч зоригтой хийж эхэлжээ.
- Ном бичгээс олон арван зүйлийг олж мэддэг, ном бичиг бас хүнийг ухааруулдаг ид шидтэй. Энэхүү агуу их ид шидийг би бусад хүмүүстэй хуваалцахыг маш их хүсдэг. Вичат дээр борлуулж байгаа номуудаа урьдаар би заавал өөрөө уншиж сэтгэгдлээ бичиж нийтэлж, өөр бусад хүмүүсийн ном унших хүслийг төрүүлдэг. Энэхүү аргыг хэрэглэсний дараа бараг ном уншдаггүй нэлээд олон хүнийг ном уншдаг болгосон хэмээн Шарнууд Хүүдүүт сэтгэл хангалуун ярьж байлаа.
Сэтгэлийн гуниг уйтгар бүхнийг шүлэг найраглалтайгаа холбож явдаг Шарнууд Хүүдүүт найраглал бол сэтгэлийг гүйцэд илэрхийлж чаддаг хэмээн ойлгож, мөн найраглалыг сэтгэлийн дуу гэж боддог. Амьдралаас авсан аливаа бүхнээ найраглалаар бичээд л гаргачихвал сэтгэл санааны тайвшрал олдог. Мөн хүмүүст ярьж чадахгүй, хэлэх хэрэггүй сэтгэлийн гуниг учрал гэж бүсгүй хүнд байдаг. Эдгээр зүйлээ найраглалаар бичээд л гаргачихвал аливаа бүхэн бүр сайхан болдог хэмээн тэр ярина.
Шарнууд Хүүдүүтийн зохиол бүтээлийн тухай ярихад бага сургуульд байхдаа “Болжмор ээж”, “Хөөрхөн алаг гөлөг” зэрэг олон сайхан зохиол бичиж ангийн олондоо магтагдаж байв. Мөн сонин сэтгүүл дээр “Нутаг зүг”, “Сэтгэлийн шивнээ” гэх найраглал, “Сэтгэл” гэх богино өгүүллэгүүдээ нийтлүүлж байжээ. 2015 онд “Сэтгэлийн шивнээ” гэх хүүдээ бичсэн найраглалаараа аймгийн залуу зохиолчдын найраглалын тэмцээнд хоёрдугаар барын шагнал хүртжээ.
Тэрээр Ц.Хулангийн шүлгийг хамгаас илүү биширдэг. “Алтан зээсний ангир” гэх яруу найргийн номоос дуртай шүлгээ сонгож өдрийн дөрөв таван удаа уншдаг. Одоог болтол тус яруу найргийн түүврийг арваад удаа уншсан байна. Мөн Ц.Хуланг гадаад дүр байдлаас нь эхлээд дотоод сэтгэлийн гүнд нь хүртэл бахархаж биширдэг. Түүний шүлгийг урамгүй цагт уншвал тайвшрал олж баясан догдолдог, баяртай цагт уншвал баяр дээр баяр болдог гэнэ. Ер нь Ц.Хулангийн шүлгээс үнэлшгүй сэхээрэл олж, шимийг хүртсэн Шарнууд Хүүдүүт “Ц.Хулангийн дэргэд би унага шиг давхиж хүрнэ” гэсэн нэгэн яруу найргийг бичиж, сүүлийн үед Баруун Үзэмчин хошуунд болсон “Үзмийн цагаан уул” яруу найргийн тэмцээнд тус бүтээлээрээ оролцож, хянагчийн хатуухан шүүмжлэлийг хүлээсэн нь арай л таагүй санагдаж, шүлгийг минь гутаалаа хэмээн бодож байжээ. Харин гэртээ хариад нарийн нямбай уншин бодож үзэхэд бусад хүн хүлээж чадахгүй тийм нэг сэтгэлээр Ц.Хулангийн шүлэгт шунаж өөрийн яруу найрагтаа хандсан ч билүү гэж ойлгосон ажээ. Тэрхүү хянагчийн шүүмжлэл нь түүнд маш үнэтэй сургамж болсон ч байж мэднэ.
