
Энэ сарын 15-нд Монгол Улсад зохион байгуулагдах “Улаанбаатар-Өвөр Монголын соёлын долоо хоног-IV” арга хэмжээнд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын “Таван тансаг” хүүхдийн найрал дууны баг бүрэлдэхүүн оролцож, өөрсдийн уран бүтээлээсээ өргөн барина.
2006 оны 12 дугаар сард Хөлөнбуйр хотын Намын хороо, Засгийн газраас санаачлан 43 авьяаслаг багачуудаас бүрдсэн “Таван тансаг” хүүхдийн найрал дууны багийг үүсгэн байгуулжээ. Үеийн үед уламжлагдан ирсэн дуу, ардын дууг дуулахын зэрэгцээ бүжиг, тоглоом, магтаалыг дуундаа хавсарган дуулдаг байна. Тус баг бүрэлдэхүүн байгуулагдсан 10 жилийн хугацаанд Өвөр Монгол, Бээжин, Сянган, Тайвань, Америк, Орос зэрэг гадаад дотоодын орнуудаар хэдэн зуун удаа тоглолт хийж, тал нутгийн урлагийг дэлхийд сонордуулсан юм.
Бяцхан авьяастнууд маань хамгийн өхөөрдөм хөөрхөн дүр төрхөөр, гоц гойд тоглолтоороо Монгол Улсын үзэгчидтэй уулзахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.
