
БНХАУ-ын Өөрчлөлт, хөгжлийн улсын хорооноос мэдэгдэж буйгаар дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийг харгалзан шатахуун, түлшний жижиглэнгийн үнийг тонн тутамд 465 юань буюу 67.4 ам.доллараар бууруулах юм байна.
Хятад улсын баримталж буй үнийн бодлогын дагуу олон улсын зах зээл дэх түүхий нефтийн үнэ нэг тонн тутамд 50 орчим юаньтай тэнцэх хэмжээгээр буурсан, эсвэл өссөн тохиолдолд, мөн энэ ханш ажлын 10 хоногийн турш тогтвортой байвал дотоодын зах зээл дэх жижиглэнгийн худалдааны үнэд зохицуулалт хийдэг.
Өөрчлөлт, хөгжлийн улсын хороо газрын тос, шатахууны томоохон компаниуд буюу Хятадын нефтийн үндэсний корпораци, Синопек болон бусад газруудад энэ бодлогын дагуу үнийн зохицуулалт хийхийг анхааруулж байсан юм.
