solongonews
Үүх түүх өгүүлсэн Вэньдэн нутаг
2018-10-24 16:32
Шаньдүн мужийн Вэйхай хотын Вэньдэн дүүргийн Засгийн газар болон “Openings” сэтгүүлийн газраас зохион байгуулсан “Гадаадын сэтгүүлчдийн нүдэн дэх Вэньдэн нутаг” сурвалжлагын аянд хамрагдан 10-р сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Шаньдүн мужид байрлах Вэньдэн нутагтай танилцах боломж сэтгүүлч надад тохиосон юм.

Хятадын таван ариун оргилын нэг гэгдэх Тайшань уул, алдарт Күнзтэй холбоотой түүх дурсгалын газрууд, үзэсгэлэнт байгальтай гэж дуулж байснаас өөрийн биеэрээ очиж нүдээр үзнэ гэхээс сэтгэл хөгсөж явлаа.

Газар нутгийн хувьд томгүй хэрнээ хүн амын тоогоороо Хятад улсдаа 2-рт ордог. Эдийн засгийн хувьд Хятад улсдаа 3-рт жагсах баян чинээлэг мужуудын нэг бол Шаньдүн. Нийтдээ 155.8 мянган километр газар нутагтай, 99.46 сая хүн амтай энэ муж Хятадын зүүн хэсэгт, Шар мөрний адагт оршдог. Бөхай тэнгис, Шар тэнгисээр хүрээлэгдсэн Шаньдүн муж нь зүүн тийшээ Япон, Солонгосын хойг, баруун хойшоо Хубэй муж, өмнө зүгт Хэнан мужтай хил залгаа юм. Нийтдээ 17 хот, 138 дүүрэгтэй ажээ.

Энэ удаагийн сурвалжлагын арга хэмжээнд Монгол Улс, ОХУ болон Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч миний биеийг багтаасан Хятад улсын олон муж хотуудаас ирсэн 20 гаруй сэтгүүлчид 2 өдрийн сурвалжлагын аянд мордсон юм.

Шаньдүний ирээдүйн хөгжлийг “Уул нь ногоон, ус нь тунгалаг Шаньдүн” гэсэн тавхан үгээр томьёолжээ. Энэ муж усан онгоц, хурдны галт тэрэгний үйлдвэрлэл, Америк орхоодой, эрдэнэ шиш, улаан буудайн тариалалт, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргээс их хэмжээний орлого олдог бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятадад эхний гуравт ордог.

Аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүх дурсгалыг өөрийн давуу тал болгон хөгжүүлж байгаа билээ. Тэр дунд Шаньдүн мужийн Вэйхай хотын Вэньдэн дүүрэг нь Хятадын халуун рашааны нутаг, Хятадын урт наслалттай нутаг, Хятадын эрүүл мэндээ хамгаалах хамгийн үзэсгэлэнтэй газар, Хятадын шилдэг аялал жуулчлалын хот, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний Байгаль орчныг хамгаалах загвар хот хэмээгдсэн утгаар нь энэ удаагийн сурвалжлагын сэдвийг Америкийн хүн орхоодой, боов боорцог, үзэсгэлэнт тосгон, халуун рашаан, уул усны домог, Лу хатгамал, багаж хэрэгслийн аж үйлдвэрийг бидний сурвалжлагын хөтөлбөрт оруулсан юм.

Хятадын халуун рашааны нутаг

Эрт дээр үеэс энэ нутаг нь бие сувилан, буян дуудах шидэт нутаг хэмээгдсээр ирсэн. Вэнь Дэнгийн халуун рашаан нь бүр ч алдартай. Биньхайгаас гадна Вэнь Дэн хотын эргэн тойронд Чи Литан, Тан Сүньтан, Хү ЛэйТан, Да Ин Тан, Тан Бө Тан зэрэг 5 байгалийн халуун рашаан байдаг бөгөөд усны чанар, усны температур нь маш тохиромжтой, кали, натри, кальци зэрэг 20 гаруй төрлийн элементүүд нь эмчилгээний үйл хэргийн гүйцэтгэн, эрүүл мэндэд асар их ач холбогдолтой байдаг. Мэдрэлийг зохицуулан, бодисын солилцоог дэмжин, зүрх судасны болон тархины судасны тогтолцоог сайжруулж, дотоод шүүрлийн зохицуулалт, дархлааг сайжруулдаг. Вэньдэн нутгийн хүмүүс эрт дээр үеэсээ халуун рашаанд дуртай байдаг бол Вэньдэн нь өнөөдөр Хятадын "Халуун рашааны нутаг" хэмээх сайхан алдартай болсон.

Хол нутгаас ирсэн сэтгүүлч биднийг халуун рашаанд орох 2 цаг гаруйн хугацаа өгсөн билээ. Халуун рашаан нь үнэхээрийн гайхамшигтай, бүх биеийн ядаргаа тайлагдаж, сэтгэл сэргэлээ. Бас ууж болдог гэхээр нь ууж үзлээ, өнгөгүй амтгүй ус. Халуун рашааны өөрийн халууны хэм нь +80 хэдэн градус байсныг +40 хэдэн градус болгон буруулан, дотно гадна нуур хэлбэртэй болгон бүтээн байгуулж, Хятад улсын олон муж хот тэрчлэн гадаад улсын жуулчдыг жилийн дөрвөн улиралд хүлээн авдаг байна. Тус нутгийн эдийн засгийн орлогын нэг нь мөн халуун рашаан, аялал жуулчлал юм.

Америк хүн орхоодойн нутаг

Вэньдэнд үйлдвэрлэж буй олон төрлийн эрүүл мэнд, тэжээлийн бүтээгдэхүүнүүдээс Америк орхоодой нь хамгийн алдартай.

Хятадын хэмжээнд Америк орхоодой үйлдвэрлэгч хамгийн том газар бол Вэньдэнд байдаг ба орхоодойн тариалангийн талбай нь 3,6 мянга гаруй га талбайд хүрнэ. Орхоодойн ерөнхий уналт нь Хятадын хэмжээнд 60 хувийг эзэлдэг ба дэлхийн бүх үйлдвэрлэлийн хэмжээний 23 хувийг эзэлж байна. Вэньдэний орхоодой нь уналт сайтай төдийгүй чанар нь ч сайн байдаг. Вэньдэний Америк орхоодойд агуулагдах сапонины ерөнхий хэмжээ нь 8.8 хувьд хүрдэг ба импортын орхоодойгоос бүр 3.21 хувиар илүү байдаг бөгөөд селений агууламж нь гадаадаас импортолсон орхоодойгоос 8 дахин их байдаг байна.

1981 онд Вэньдэн дүүрэгт 11 Америк орхоодой тарьж, түүнээс 8 нь ургаж амжилт олсноор Вэньдэн нь Хятад улсын анхны Америк орхоодой тарин амжилт олсон бүс нутаг болж, түүнээс хойш Вэньдэн болон Америк орхоодой хоёр салшгүй хувь барилдлагатай болсон юм. Одоо 40 гаруй жил болсон бөгөөд Вэньдэн нь Хятад улсын хамгийн том Америк орхоодойн үйлдвэрлэлийн бүс нутаг болжээ.

Вэньдэн нутгийн Америк орхоодой нь Хятад улсын газар зүйн заалтын баталгаажуулалтын эрхийг авч, 2015 оны Хятад улсын брэнд үнэ цэнэ жагсаалт, 2017 оны Хятад улсын хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүсийн олон нийтийн брэндийн жагсаалтад орсон яруу алдартай.

Сүүлийн жилүүдэд Вэньдэн нь Америк орхоодойн өвөрмөц нөөц баялагтаа түшиглэн эмийн материал, эмийн үйлдвэрлэл, худалдаа логистик, аялал жуулчлалын салбарыг нэгтгэн Америк орхоодой үйлдвэрлэлийн хэлхээ байгуулжээ.

Өнгөрсөн жил Вэньдэн нь Хятадын анхны Америк орхоодойн солилцооны төвийг байгуулж, Америк орхоодойн уламжлалт борлуулалт, бараа түүхий эдийн арилжаа ба цахим худалдааны тавцанг нэгтгэж, сургалт, бизнес эрхлэх, турших, аялал жуулчлалд анхаарлаа хандуулж, хүмүүст үйлчилгээ үзүүлэх, борлуулалтын тавцан, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг ханган, бэлэн бараа, цахим худалдаа, дунд болон урт хугацааны арилжааг нэгтгэсэн зах зээлийн тогтолцоог бий болгож, Вэньдэн дүүргийг Хятад улсын хамгийн том Америк орхоодой түгээх бүс болгожээ.

Америк орхоодойн солилцооны төв нь Вэйхай хотын Вэньдэн дүүрэгт байрлаж, Вэньдэн дүүргийн Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт 110 сая юанийн хөрөнгө оруулалттай баригдаж, төслийн нийт талбай нь ойролцоогоор 11000 ㎡ болно. Төслийн дагуу Америк орхоодойн соёл үзэсгэлэнгийн газар, Америк орхоодойн солилцооны төв, Шаньдүний Америк орхоодойн аж үйлдвэр тариачдын ажил эрхлэх инкубацын бааз багтжээ. Холбоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт хийснээр Америк орхоодойн аж үйлдвэр илүү сайн хөгжсөн байна.

Бас нэг сонирхолтой нь Америк орхоодой нь 4-5 жилийн ургалтын хугацаа шаарддаг ба Америк орхоодой тарьсан газар 10-15 жил Америк орхоодой тарьж болохгүй гэнэ. Энэ утгаараа газар нутаг их хэрэглэдэг юм байна.

Америк орхоодой нь зөвхөн хүнсэнд хэрэглэдэг биш, бас архи нэрдэг ба эмд орж эмчилгээний нөлөө үзүүлдэг. Жинь И-Ян эмийн үйлдвэрийн групп нь 1956 онд байгуулагдаж, 60 жилийн турш архи нэрсэн түүхтэй мэргэжлийн архи нэрдэг компани юм. Вэньдэний Шюэбай архи, эмийн дарс, эрүүл мэндийн дарс зэрэг 100 гаруй бүтээгдэхүүнтэй бөгөөд Хятадын умард хэсгийн хамгийн том эрүүл мэндийн дарс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, улсын дотоодын 10 гаруй муж, ӨЗО, хот ба Солонгос, Шинэ Зеланд болон бусад улс орнуудад экспортолдог.

Одоо тус групп нь 150 сая юанийн хөрөнгө оруулан GMP-д шаарддаг гүнзгий боловсруулах семинар байгуулан Америк орхоодойн жилийн боловсруулах хэмжээ 4000 тонн хүрдэг болжээ. Мөн эмийн бэлдмэл нь GMP гэрчилгээ авч, Вэйхай хотын цорын ганц Хятад улсын үндэсний зөвшөөрлийг авсан хятад эм боловсруулах аж ахуйн нэгж болжээ. Америк орхоодойн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг даган Америк орхоодойн зүсмэл, Америк орхоодойн эсийн нунтаг, Америк орхоодойн зөгийн бал, Америк орхоодойн шингэн, Америк орхоодойн кофе зэрэг бүтээгдэхүүнийг судлан гаргажээ.

Боорцогны нутаг

Вэньдэн нутгийн боов боорцог нь 300 жилийн үүх түүхтэй байдаг. Цагаан сар болон бусад баяр дурсгалт өдрөөр Вэньдэн нутгийн ард чавга, ембүү, зараа зэрэг хэлбэртэй олон төрлийн боов боорцог жигнэж, амьдрал нь эрүүл энх, баян чинээлэг байхыг бэлгэддэг. Хурим найрын үед бадам цэцэг хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь хуримлан айл болсны дараа зол жаргалаар дүүрэн, үр хүүхэдтэй болохыг бэлэгшээдэг. Хүүхдийн төрсөн өдрөөр барын толгойн хэлбэртэй болон хулууны хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь тэднийг хурдан өсөж, эрүүл энх байгаасай гэсэн бэлгэдэл аж.

Цагаан сарын боорцогны хамгийн онцлогтой нь зараа хэлбэртэй боорцог. Зараа нь тус нутгийн бэлгэдэл бөгөөд зарааны бие дээрх өргөс нь гаднаас юм үүрч авчран амьдралыг маань баяжуулдаг хэмээн үздэг. Иймд цагаан сараар тухайн нутгийн ард иргэд гурилаар янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог хийж, хар буурцгаар нүд хийн хайчаар хайчлан ам болон өргөс гаргаж, баяжин хэмээ бэлэгшээдэг.

Амьдралын түвшин сайжрахын зэрэгцээ зөвхөн баяр дурсгалын өдрөөр хийдэг янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог нь Вэньдэн нутгийн ард түмний өдөр тутмын амьдралд нь хэрэглэгдэх болжээ. Тус боорцог нь эдийн засгийн хөгжилд боломж хангасан бөгөөд бизнесийн замыг нээж, олон янз хэлбэрийг бүтээж, олон талын хөгжлийг бий болгож, нэг атга гурил нь мянган жилийн уламжлалтай Вэньдэн нутгийн соёлын үнэр амтыг илэрхийлж, Вэньдэн нутгийн ард түмний зол жаргалтай амьдралыг харуулжээ.

Жяодүн боорцог нь хийц ур мэргэжлээрээ 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шаньдүн мужийн биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ. Энэхүү гайхамшигт зүйлээ энэ нутгийн ард сайхан уламжлан хөгжүүлж, улсын дотоодын маш олон муж хотуудаар гаргаж байна.

Эртний соёлт нутаг

“Вэньдэн” хэмээх нэр нь МЭӨ 219 онд Чин Шыхуан зүүн тийш аялж, тус нутгийн соёл иргэншил, байгалийн үзэмжид сэтгэл хорогдож, соёл боловсролтой хүмүүсийг хуран цуглуулж ярилцсанаас эхлэлтэй. “Вэньдэн” хэмээх хоёр үг нь тус хотын соёл иргэншлийн төлөөлөл болох бөгөөд тус нутагт соёлын хөрсийг бий болгожээ.

Чүнь Чю гүрний үед тус нутаг нь “Соёлт хүмүүсийн өлгий” хэмээн нэрлэгдсэн байна. Мин, Чин гүрний үед соёлт хүмүүсийг бэлтгэдэг 1300 гаруй жилийн түүхтэй шалгалтын явцад тус нутгаас “Нэгэн үеийн хаант багш” Шюй Шылинь, “Нэг шалгалтаар долоон соёлт хүн”, “Нэг айлаас дөрвөн соёлт хүн”,  “Гурван үеэрээ соёлт хүн”, “Эцэг хүү хоёул соёлт хүн”, “Ах дүү хоёул соёлт хүн” болсон түүхийг бүтээсэн бөгөөд үүгээр тус нутгийн нэр төр нь алдаршжээ.

“Вэньдэн соёл” алдаршихын дагаад тус нэр нь “Хичээн суралцаж, томоохон амжилт гаргах” хүсэл мөрөөдлийн төлөөлөл болжээ. Тус нутгаас эрт үед алдарт хүмүүс олон гарсан бөгөөд удам угсаагаараа соёлтой, боловсролтой нэр нөлөөтэй хүмүүсийг бий болгожээ.

Өнөөдөр тус хотын нутгаар аялахад “Соёл”-ын үнэр үнэртэх бөгөөд нүдэнд харагдана. Өнөөгөөс 1500 жилийн өмнөх нутгийн онцлог болсон барилга нь Чинь Шыхуаны үеийн соёлтой хүмүүсийг цуглуулж хэлэлцүүлэг хийсэн тухайн үеийн дүр төрх нүднээ ил. Вэньдэн соёлын талбай дээр тус нутгийн алдар цуутай хүмүүсийн хөрөг зургаар чимэгдэж, соёлын өлгий, эрдэнийн уурхай хэмээх санааг илэрхийлнэ.

Вэньдэнээс эхтэй Күнь Юй уулан дээр Бумбын сургаалыг үүсгэн байгуулагч Ван Чунян Чанчүнь бумба, Ван Чү-И зэрэг долоон шавийн хамт тус сургаалын багийг байгуулж, энэ нь Юань гүрний үед их хөгжин дэлгэрчээ.

1219 онд Чингис хаан өмнөд нутгийг байлдан довтолсон бөгөөд 1222 онд 72 настай Чанчүнь бумба хоёр жил гаруйн хугацааг зарцуулан Чингис хаанд бараалхан золгож, Бумбын сургаалыг уламжилжээ. Чанчүнь бумба тус аянаа Вэнь Дэн хотын Күнь Юй уулнаас эхлүүлсэн үүх түүхтэй.

Түүхийн хэрэг учраас мянган жилийн тэртээг харна. Хан, Тан гүрний үед Күнь Юй ууланд сүм хийд олон болжээ. Уулын оройд байгаа томоохон чулуун дээр 5700 гаруй үгтэй “Тайшан өвөөгийн Бумбын сургаал”-ын дээд доод хоёр ботийг сийлсэн гэнэ. Тус үсгийг Алтан улс болон Юань гүрний үед сийлсэн гэдэг. Бумбын сургаалын бий болсон нь зөвхөн Күнь Юй ууланд сүг сүнс оруулсан төдий биш, харин “Хүн байгаль нэгдэж, үнэнч сэтгэлийг эрхэмлэж, байгальдаа буцах” сургаал, соёлыг харуулжээ.

Лу хатгамлын нутаг

Лу хатгамал нь 2009 онд Шаньдүн мужийн биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ. Хатгамал бол Хятадын түүхэн дурсгалуудын нэг юм. Лу хатгамал бол Хятадын найман том хатгамлын нэг, ардын дунд түгээмэл уламжлагдсаар ирсэн хатгамлын хэлбэр болно. Мөн Хятад үндэстний өнө удаан түүхтэй хатгамлын соёлын чухал бүрэлдэхүүн хэрэг. Шаньдүн, Хэбэй, Хэнань зэрэг бүс нутгаар хатгамал нь зөвхөн хувцас, өдөр тутмын хэрэгцээтэй байдаг биш, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болсон байна.  Вэй Хай хотын Вэньдэн дүүрэг нь Жяодүн хойгийн зүүн биед байршдаг бөгөөд өмнө талаараа Шар тэнгис, Зүүн талаараа Солонгос улстай хөршилдөг. Газар зүйн байрлалаасаа болж барууны нэхмэлийн урлаг ардын дунд түгээмэл орж ирснээр уламжлалт Лу хатгамалчид цагаан өнгийн даавуу буюу хөвөн даавуутай холимог даавуун дээр ч хатган янз бүрийн гоёл чимэглэлийн хатгамлыг бүтээжээ. Тэр нь гоёмсог хэв маягтай, баялаг сайхан өнгө будагтай, орон нутгийн онцлог шинжтэй гэдгээрээ хүмүүст таашаагдлаа.

Вэньдэн нутгийн Лу хатгамал нь Хятад болон Барууны урлагийг уялдуулан бүтээсэн хатгамал. Эрт Чүнь Чю гүрний үеэс Лу хатгамал үүсэлтэй, Чиньгийн үед хөгжин дэлгэрч, Ханьгийн үед түгээмэл болж ирсэн. Шинэ урлалууд нь ч одоог хүртэл 100 гаруй жилийн түүхтэй. Чин Чаогийн сүүлээр Хятад улсад барууны соёл их хэмжээгээр орж ирсэн билээ. Барууны нэхмэл чимэглэлийн гар урлал болон уламжлалт хатгамлыг уялдуулан бүтээсэн хатгамал нь Вэньдэн нутгийн зах зээлд орж ирэн Вэньдэнгийн Лу хатгамлыг хурдтай хөгжүүлжээ. 19 дүгээр зууны сүүлээс 20 дугаар зууны эхэн хүртэл Лу хатгамал нь бараг бүх тосгонд түгжээ.

Вэньдэн нь Лу хатгамлын нутаг хэмээгдсэн яруу алдартай, цаг эриний хурдтай хөгжлийг даган гар хатгамал-машин хатгамал-компьютер хатгамлын хөгжлийг биелүүлсэн байна.

Аж үйлдвэрлэл хөгжсөн нутаг

Аж үйлдвэрлэл бол Вэньдэний хөгжлийн тулгуур. Тяньрүнь тахир тэнхлэгийн ХХК нь 1954 оны 03 сард байгуулагджээ. Тахир тэнхлэг бол дотоод шаталтын хөдөлгүүрийн таван үндсэн бүрэлдэхүүний нэг, хөдөлгүүрийн зүрх хэмээгддэг. Уг компани нь “Тянь” брэндийн тахир тэнхлэгийг судлах ба үйлдвэрлэхээр Хятадын хамгийн том авто машины бүрэлдэхүүн хэсгийн мэргэжлийн үйлдвэрлэл аж ахуйн нэгж.

Шинийг санаачлах технологийн шинэчлэлд тус компани нь их анхаарал хандуулдаг. “Үндэснээс зөвшөөрөлтэй үйлдвэрлэлийн технологийн төв”, “Үндэсний докторын эрдэм шинжилгээний станц”, “Шаньдүн мужийн Академич эрдэм шинжилгээний станц”, “Шаньдүн мужийн тахир тэнхлэг инженерийн технологийн судалгааны төв” зэрэг судалгаа шинжилгээний тавцантай. Сүүлийн жилүүдэд 300 сая юанийн хөрөнгө оруулан техникийн өөрчлөлт хийж, дэлхийн хамгийн дэвшилтэт үйлдвэрлэлийн болон туршилтын тоног төхөөрөмжийг оруулснаар Хятадын үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд явж байна. Одоог болоход Тяньрүнь компанийн бараа бүтээгдэхүүн нь Хятадын 31 муж хотоор борлуулагдаж, бүтээгдэхүүнээрээ зах зээлийн 40 гаруй хувийг эзлэн, Mercedes-Benz, Volvo, Жили зэрэг улсын дотоод болон гадаадын алдартай үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа явуулж байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанар, брэндийн бүтээн байгуулалт, компанийн соёл зэрэг талд амжилтад хүрч, энэ жил Шаньдун мужийн шилдэг 100 шинэлэг аж ахуйн нэгжийн нэгээр сонгогдсон байна. Мөн тус компанийн үйлдвэрлэсэн “Тянь” брэндийн тахир тэнхлэг нь “Хятадын өндөр чанартай брэнд бүтээгдэхүүн”, “Үндэсний хөгжил шинэчлэлийн комисс, машин механизмын холбооноос томилсон авто машины үндэсний брэнд”-ээр шагнагджээ. Эндээс бүхий л хөгжил шинэ техник технологийн дэвшлийг харж болно.

Үнэхээр ч байгаль орчин, түүх соёлын дурсгалт газрууд мөн орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн энэ муж чанартай бараа, сайн үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлсэн машин механизмын үйлдвэрлэл зэрэг олон зүйлээрээ бусдын анхаарлыг татаж, давуу талаа түшиглэн дэлхийн дэвшсэн хөгжилд мөр зэрэгцэн урагшилж байна.

Нэг хотоор аялж, мянган жилийн түүхтэй танилцана гэдэг нь тус хотод биеллээ олжээ. Түүхийн урт аянд мянган жил аялж, Бумбын сургаал, Ли Лү соёл зэрэг Хятадын эртний сонгодог соёлыг бий болгосон бөгөөд “Вэньдэн соёл”-ын агуулгыг баяжуулж, тус жижигхэн хот нь эртний үүх түүх, соёл иргэншлийг харуулсан хот болжээ.

Вэньдэн нутгийн үүх түүх, үзмэр нь мянган жилийг түүхийг хэлхэж, ууланд нь гарахаар зураг мэт харагддаг тус нутгийн түүхийн ул мөр, утга агуулга харсан хүн бүхний сэтгэлд үлдэнэ.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл