Хүүхэд гаргахаа битгий хойшлуулаарай
2015-12-28 18:21
Би харьцангуй оройтож хүүхэд төрүүлсэн эх. Анхны хүүхдээ 27 настайдаа төрүүлж, хоёр дахийг нь 29 настайдаа төрүүлсэн. Эмэгтэй хүний хувьд төрөх хамгийн тохиромжтой нас нь 21-25 нас гэж дуулж байсан юм байна.
Оюутан ахуй цагаасаа хичээлдээ дарагдаад, юун хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл гэж явсаар ажилд ороод удаж байж нөхөртэйгөө танилцсан. Анхандаа хүүхэд гаргана гэхээс нэг л эвгүй, өөрөө өөрийгөө тэр чигээр нь алдах гэж байгаа юм шиг, хамаг сайхан бүхнээ золиослох гэж байгаа юм шиг л санагддаг байлаа. Гоолиг биеэ эвдэж, хормойгоо чирсэн хүүхэн болсноос ганцаараа явж байсан нь дээр гэж хүртэл бодож байсан гээч.
Нөхөр маань хүүхэд хүсдэг бол би эсрэгээрээ байсан юм шиг. Ямар азаар энхрий үрс минь ээждээ ирсэн юм бол доо гэж бодохоос өөрийн эрхгүй баярладаг шүү. Хүмүүсийг хараад байхад үр хүүхэд төрүүлээгүй айл цаанаа л нэг хоосон, хөндий, баяр хөөргүй юм шиг санагддаг болчихож. Хэрэв бид хүүхэдтэй болоогүй байсан бол тэдний л адил байх байсан даа.
Танилуудынхаа дотроос харж байхад 30 гарчихсан хэр нь хүүхэд гаргаагүй, нөхөргүй бүсгүйчүүдийн стресст орох, ааш муутай байх нь хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүүдийнхээс хамаагүй их юм шиг ажиглагддаг.
Төрсөн эмэгтэй хүн цаанаа л намбалаг, гэгээлэг, тайван, дотроосоо гэрэлтээд байдаг юм шиг санагддаг. Угаасаа анагаах ухаан ч эмэгтэй хүн хөгшрөх тусам хүүхэд олох боломж нь багасдгийг нотолчихсон шүү дээ.
Амьдралаа эргээд харахад би энэ энхрий нялх үрсээ төрүүлээгүй байсан бол өдийд хаана, яаж явах байсан бол гэхээс дотор харанхуйлаад ирдэг юм. Өмнө нь яаж амьдраад, амьдралынхаа утга учрыг юу гэж ойлгоод болоод байдаг байсан юм бол. “Ээж ээ” гэж хазгай мурийхан хэлэх бяцхан хүүгийнхээ дуунд уярч суухдаа хүүхэд төрүүлэхээс өмнөх амьдрал минь утга учиргүй мэт санагддаг.
Ажил алба хүнд хэрэгтэй л дээ. Мөнгө ч бас хэрэгтэй. Гэхдээ бидний амьдралын хамгийн том утга учир, хамгийн том хөрөнгө бол хүүхдүүд шүү дээ. Өтөл буурал болоход хүүхдүүд минь л биднийг өргөж тэтгэж, хөх тэнгэртээ буцах болоход бидний араас чин сэтгэлээсээ дурсамж хэлхэж, нулимстай үлдэх цорын ганц хүмүүс нь л тэд.
Тиймээс л хүүхэдтэй болохоо битгий хойшлуулаарай. Таныг ажил, амжилтаа хөөгөөд цаг хугацааг ч умартах зуур цаг хугацаа өөрөө таныг мартчихна шүү.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
