
Энэхүү соёлын наадмыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монголын урлагийн ажилтны холбооноос хамтран зохион байгууллаа.
“Хятадын соёлын наадам”-д УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, БСШУ-ны яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Урлагийн ажилтны холбооны тэргүүн, гавъяат жүжигчин Б.Тунгалаг, Улаанбаатар хот дахь Монгол-Хятадын соёлын төвийн дарга Хасбагана болон аймгийн удирдлагууд оролцлоо.
Тус арга хэмжээ наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд 10:30 цагаас нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн юм.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БСШУ-ны яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Урлагийн ажилтны холбооны тэргүүн, гавъяат жүжигчин Б.Тунгалаг, Улаанбаатар хот дахь Монгол-Хятадын соёлын төвийн дарга Хасбагана нар үг хэлэв.
Энэ өдөр 12:00 цагаас аймгийн музейд “Бурхан багшийн дүр” үзэсгэлэн, 15:00 цагт Хүүхдийн номын ордонд Хятадын номын үзэсгэлэнг тус тус нээлээ.
Түүнчлэн 19:00 цагт төв талбайд БНХАУ-ын Ордос хотын үндэсний дуу бүжгийн чуулгын “Ордосын уянга” тоглолт хүндэтгэлийн концерт, 21:00 цагаас Монгол улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит филармонийн “Баян Монгол” жааз найрал чуулгын хүндэтгэлийн тоглолт болж, ирсэн зочид төлөөлөгчид болон тус аймгийн ард иргэд үзэж сонирхлоо.

Соёлын наадамд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Синь Хайлин болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтан, сурвалжлагч, орчуулагчид оролцсон байна.
Маргааш нь буюу наймдугаар сарын 5-ны өглөөний 08:30 зочид төлөөлөгчид хоёр баг болон тус аймгийн Ихтамир, Булган сум руу хөдөллөө. Нэг баг нь Ихтамир суманд очиж БНХАУ-ын Ордос хотын үндэсний дуу бүжгийн чуулгын “Ордосын уянга” тоглолтоос сумын ард иргэдэд үзүүлж сонирхуулав.
Харин Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын тоглолтыг Булган сумын ард иргэдэд үзүүлж сонирхуулан нэгэн өдрийг тус хоёр сумын ард иргэдтэй сайхан өнгөрүүллээ.
Түүнчлэн БНХАУ-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, хоёр улсын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид болон “Баян Монгол” чуулга, Ордос хотын үндэсний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид наймдугаар сарын 5-ны үдэш Цэцэрлэг хотноо ирж өдөр Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд үдшийн цэнгүүн зохион байгуулагдлаа.
Энэхүү үдшийн цэнгүүнд “Баян Монгол” чуулга, Ордос хотын үндэсний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид уран бүтээлээсээ толилууллаа.
Мөн үдшийн 21:00 цагаас Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд аймгийн ард иргэд болон зочид төлөөлөгчид “Баян Монгол” чуулгын үлээвэр найрал хөгжимтэй нийтийн бүжиг зохион байгуулсанаар энэхүү наадмын үйл ажиллагаа өндөрлөв.
Харин наймдугаар сарын 6-ны өглөө зочид төлөөлөгчид, хоёр орны сэтгүүлчид, уран бүтээлчдийн багт зориулсан бэсрэг наадмыг тус аймгийн Цэнхэр суманд зохион байгууллаа. Энэхүү наадам 16 бөх зодоглож, 21 даага уралдлаа.
Нар, хур тэгширсэн, хүн зон цэнгэсэн “Хятадын соёлын наадам” сайхан боллоо.







