
Зөөлөн бороо шивэрсэн дэлгэр зун хөдөө нутгаар сурвалжлахдаа бид хүн байгалийн сайхныг харан харан баясаж явлаа. 07-р сарын 07-ны өдөр манай сурвалжлах багийнхан өндгөн чулуун дээр монгол нутаг, монгол амьдралаа тэр хэвээр нь амилуулан зурж хол ойрдоо бахархагдаж яваа Ар Хорчин хошууны монгол бүсгүй Жинжүүгийнд хүрч очлоо.



Ур ухаан уран гараараа монгол урлагийн гоо сайхныг эрэлхийлж яваа энэ монголжин гоо бүсгүй хэдийгээр бага сургуулийн тавдугаар анги хүртлээ бичиг ном сурсан ч гэсэн түүний амьдралын тухай нарийн ажиглалт, уран сэтгэмжээс нь ундарсан уран зураг нь яг л эзэн шигээ уяхан зөөлөн, амьдлаг ухаалаг, түүний чулуун зураг нь харсан болгоны нүдийг хужирлаж, эрхгүй гайхаш алдуулна.
Тэрээр балчир багаасаа зураг зурах, оёдол үйлд онц сонирхолтой бөгөөд авьяастай хүүхэд. Хэдийгээр зургийн мэргэжлийг нэг өдөр ч сурч байгааүй тэрээр уран сэтгэмж, оролдлого хөдөлмөрөөрөө дөрвөн жилийн турш 400 гаруй нарийн хийцтэй урлалын бүтээгдэхүүн зурж бүтээсэн нь гайхалтай. Түүний чулуун зурагт найман шарга хатируулан айсуй, араг үүрсэн бүсгүй мишээн алхана... Мартагдмаар болсон монгол амьдрал дахин амилна. Жинжүү маань зургаа зурж эхлэхээр идэж уух, өвдөж зовохоо ч мартаж орхидог гэнэ.





Эцэг тэнгэрээс түүнд олноос онцгойрсон авьяас билэг соёрхсон ч амьдралын зам дахь өвчин зовлонг эрт мэдрүүлсэн нь энэхүү монгол бүсгүйг шалгаж буй гэмээр ч юм шиг. 15 жилийн өмнө Жинжүү лимба булчирхайн өвчний улмаас үг хэлэхэд бэрх болж, нэгэн үе дуугүйхэн амьдрал өнгөрүүлсэн аж.
Гэхдээ бие сэтгэлээ аргадах үүднээс, эсвэл үр ач нараа санаж мөрөөдөж зурсан зургаа дурсамж болгон үлдээх зорилгоор монгол амьдралыг чулуун дээр зурж амилуулахаар удаан жил хаясан үзэг балаа дөрвөн жилийн өмнөөс дахин барьж эхэлсэн байна.
Зураг зурах гэдэг үнэндээ тэсвэр тэвчээр, ухаан билэг шалгах нарийн ажил. Мөн хүнд өвчинд нэрвэгдсэн хүн чулуун дээрээ зураг зурах гэдэг тийм ч хялбар биш нь тодорхой байлаа. Чулуун дээр зурсан зургийг хадгалагдахад найдвартай, урагдаж ноорогдохгүй болохоор тэрээр цаасан дээр зурж байснаа болиод чулуун дээр зурж эхэлсэн юм байна.
Амьдралд хайртай хүн л амьдралыг ойлгож, амьдралыг урлаж, амьдралын утга агуулгыг сайн тодруулаж чаддаг аж.
