Сүүлийн жилүүдэд Шил нутгийн малчид маань уламжлалт маллах арга ухаанаа өөрчлөн, тэжээл бордоо хадгалахыг уялдуулан, өвөл төл тосож эхэлсэн ба гэрээ байгуулж борлуулах шинэ туршилт хэрэгжүүлээд маш сайн амжилтыг олсон байна.
Сөнид баруун хошууны Зүрх суурингийн Баянгол багийн малчин Мансангийнх 2011 оноос өвөл төл тоссон бөгөөд тэжээл бордоо хураан бордон таргалуулж борлуулах шинэ туршилтаа эхлүүлсэн юм. Хүүхдүүд нь ажил албатай хотод суудаг болохоор Мансан гуай хөгшинтэйгээ 300 гаруй хонь голтой малладаг байна. Энэ айлын дэд бүтцийн бүтээн байгуулалт сайн, 100 гаруй квадрат метр талбай бүхий пэн хороо, 50 квадрат метр метр талбайтай өвс хадгалах пэнтэй, малын ус ундны асуудал ч шийдэгдсэн бөгөөд жилдээ өвс бордоогоо хүрэлцэхүйц бэлтгэдэг. Өнгөрсөн жил бэлчээр сайн болохоор өвс хадаж хурааснаас гадна 10 тонн тэжээл бордоо нөөцөлж өвөл төл тосоход асуудалгүй болжээ.
Энэ жил Мансангийнх 200 гаруй төл тоссон байна. Жил бүрийн 12 дугаар сарын эхээр төл тосдог, гэхдээ эх малынхаа тарга хүчийг батлахын тулд төллөх эх малдаа сарын өмнөөс тэжээл бордоо бэлтгэж, өдөр нь бэлчээрлүүлж, орой хотлохын үед хонь бүрд 0.2-0.3 кг эрдэнэ шишний бордоо, бага хэмжээний өвс өгч хэвлэгтэй байлгадаг. Хонио төллөсний дараа тэжээлээ үргэлжлүүлэн өгч төл малаа ч бордоонд дасгаж, өдөр бүр тэжээл бордоо өгч, шинэ ногоонд залгатал нь тэжээдэг. Өнгөрсөн жил Мансангийнх 300 шахам төл тосож, 150 хургандаа тэжээл нөөцөлж, хөлдөөх агуулахынхантай гэрээ байгуулан борлуулсан байна. Өмнөх хоёр жил малын үнэ ханш сайн байхад эрт борлуулсан хурга нь дунджаар 830 юань хүрч байжээ. Гэтэл өнгөрсөн жил эрт борлуулсан хурга нь дөнгөж 400 гаруй юань л хүрсэн боловч зориг мохсонгүй. Энэ жил мөн эрт төл тосож тэжээл нөөцөлжээ. Мансан гуай жилдээ 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж зарах хургандаа тэжээл нөөцөлж, өглөө бүрийн 6 цагт хургыг эхээс нь салгаж бордож хашаа хүрээндээ бэлчээрлүүлдэг. 11 цагийн үед дахин хурааж ирэн бас нэг удаа бордож эхтэй нь нийлүүлж бэлчээрлүүлдэг. Үдээс хойш 6 цагт дахин салгаж бордоно. Бордох бүрд ус хангалттай уулгадаг бөгөөд анх бордоход хурга бүрд дунджаар 0,1 кг бордоо өгч байгаад бага багаар тэжээлийн хэмжээгээ нэмдэг байна.
— Манай суурингийн арван баг үрийн малаа төвлөрүүлэн маллаж, багаас тогтсон хугацаанд нэгдсэн байдлаар малчин өрхөд тарааж өгдөг. Өвлийн төл тосож тэжээл бордоо нөөцлөхдөө ерөнхийдөө 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тэжээж өвсөлдөг. Төл малын тэжээлийг зохицуулж анхны хагас сарын тэжээлийн хэмжээг 0.1 килограммаас давуулахгүй. Сүүлдэж хурганы тарга хүчийн байдалд зохицуулан тэжээлийн хэмжээг бага багаар нэмж, сүүлийн хагас сард идэх хэмжээгээр өгч тэжээгээд, ус унд нь хангалттай байлгах тал дээр онцгой анхаарч, зохистой бэлчээрлүүлэхийг уялдуулбал хурганы хүндийн жингийн хамгийн их нэмэгдлийг баталдаг. Ингээд хурга бүрээс илүү 100 гаруй юанийн цэвэр орлого олоход асуудалгүй гэж Мансан гуай өөрийн мал маллах туршлагаа ярив.
Өвлийн төл тосож тэжээлээр бордож борлуулах их туршилт Сөнид нутагт ид өрнөж, төл малаа эрт зардаг болсноос эх малын тарга хүч хэвээрээ байдгаас дараа жил нь төл тосоход эх мал нь тарга сайтай, сүү сайтай, төл мал нь бойжилт сайтай, бэлчээрийн хамгаалалт сайн, тэжээл өвс их хэрэглэхгүй, арчилгаа хийхэд хөдөлмөр хүч зарцуулах нь бага зэрэг олон ашигтай тал бий. Мансан гуай энэхүү ашгийг хүртсэн бөгөөд хол ойрын малчдаа дагуулан хөтлөж, мал маллах арга ухаанаа өөрчлөн малаа үнэ хүргэхээр ухаан зарж явна.
