2021 он бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй жил юм. ХКН бол ХХ зууны эхээр Орос оронд ялсан Октябрийн хувьгалын нөлөөгөөр Марксикм, Ленинизмийн үзэл санааг баримтлан Хятадад үндэсний хувьсгал өрнүүлэхийн төлөө байгуулагдсан нам юм. Анх цөөн тооны сэхээтнүүдийн дунд байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийд хамгийн олон гишүүнтэй, хамгийн том нам болсоны дээр төрийн эрх барих олон жилийн туршлагатай нам болон төлөвшсөн байна. Энэ 100 жилийн хугацаанд тус нам амаргүй олон сорилтуудыг даван гарч, асар их амжилт ололт олсон байдаг.
ХХ зууны эхээр Хятадын түүхэнд гарсан шинэ үзэгдэл бол улс төрийн намууд төрсөн явдал юм. Тухайн цагт үзэл санаа, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, намын зохион байгуулалтад орно гэдэг Дорно дахины ард түмний хувьд том дэвшил байлаа. Тэдгээр намууд улс орныхоо цаг үеийн шаардлага хийгээд хөгжлийн үзэл баримтлалын зөрүүтэй байдлаараа нэгдэх цагтаа нэгдэж явсаны эцсийн үр дүнд ХКН жинхэнэ утгаар Хятадын төрийн эрхэнд гарч чадсанаар өнөөгийн БНХАУ байгуулагдсан билээ. Үүнээс хойш өнөөг хүртэл тус нам төрийн эрхийг тасралтгүй барьсан тул өнөөгийн БНХАУ-ын түүх ба хөгжил дэвшлийн амжилт бол шууд тус намын удирдан жолоодох арга барилын тусгал хэмээн үзэж болно.
