solongonews
Г.Эрдэнэчимэг: “Мөнх тэнгэрийн хурай” шинэ дуугаа хийж байна
2018-01-18 12:02
Дуучин Г.Эрдэнэчимэг 1984 онд Архангай аймгийн Булган суманд Гантөгөсийн хайртай охин болон мэндэлсэн байна. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ийн ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн оржээ. Одоогоос 8 жилийн өмнө МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө хоёр охин, нэг хүүтэй. Г.Эрдэнэчимэг оёдол үйлэнд уран нэгэн. Саяхнаас өөрийн гэсэн оёдлын төвтэй болсон тэрээр нөхөр, хүүхдийнхээ хувцсыг өөрийн гараар оёж, үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа чадварлаг хэдэн оёдолчин ажиллуулж байгаа аж.

Дуучин Г.Эрдэнэчимэг

- Сайн байна уу? Та “Монголоороо төв”-ийнхөө тухай бидэнд танилцуулаач?

“Монголоороо төв” маань өөрөө урлантай. Урланд монгол хувцас, эсгий ширмэл ширдэг зэргийг урладаг. Мөн уртын дууны сургалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгаа. Дээлийн хувьд бол судалгаатай, голдуу 13, 15 дугаар зуун буюу түүнээс өмнөх үеийн дээлийн загварыг сэргээж урлахыг зорьдог. Язгуур монгол хувцсаа хийх бодолтой. Мөн хүмүүсийн хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээ ямар байна гэдгийг бас харна. Өнгөрсөн долоон сард Монголоос олдсон 15 дугаар зууны үеийн монгол хатны дээлийн загварыг сэргээж, дээл урласан. Намар мөн Киданы үеийн эмэгтэйн дээлийн олдвороос загвар авч, дээлийн загвар сэргээж хийсэн байгаа. Өөрийнхөө урланд зориулж нээсэн дэлгүүр маань өнгөрсөн 06 дугаар сарын 20-ноос ажиллаж эхэлсэн.

- Та өөрөө дизайн хийдэг үү?

Би яг мэргэжлийн дизайнер бол биш. Гэхдээ өнгө, донж дээр хүнээс дутахааргүй. Мэргэжлийн дизайнертай хамтарч, загварынхаа түүхийг нь судлаад, хамтдаа ярилцаад л хийдэг.

15 дугаар зууны үеийн монгол хатны дээлийн загварыг сэргээж урласан дээл

Киданы үеийн эмэгтэй дээлний загварыг сэргээж урласан пальто

- Ер нь ингэж түүхээс сэдэвлэж хийсэн дээлийг өдөр тутамд өмсөхөөс илүү баяр наадмаар өмсдөг байх. Тийм ээ?

Пальтонуудыг бол мэдээж өдөр тутамд өмсөж байгаа. Ер нь хувцас хэр эвтэйхэн байдаг вэ гэдгээс шалтгаална. Биед хэр эвтэйхэн байна, хөдөлгөөнд их тээргүй байна гэдгээс л шалтгаалж өдөр тутамд өмсөх эсэхээ л тогтоно. Тиймээс ер нь тухайн хүний сонирхлоор л шийднэ гэсэн үг. Ерөнхийдөө цагаан сар, наадам гэх хоёр том баяраар онцгой олноор зарагдана. Гэхдээ бусад саруудад ч гэсэн тасралтгүй зарагдсаар л байгаа. Өвөр Монголчууд манайхаас нэлээд их худалдан авалт хийдэг.

- Хүмүүс мэдээж сайхан харагдаж, таалагдаж байгаа болохоор худалдан авалт хийж байгаа, гэхдээ өөр ямар нэгэн шалтгаанаас худалдан авалт хийж байгаа болов уу?

Мэдэхгүй дээ. Ямар ч байсан гадуур салонуудаар явсны эцэст сонголтоо хийдэг л байх гэж боддог. Магадгүй зарим нь Жавхлан, Эрдэнэчимэг хоёрыг зорьж ирээд, тэдний хийсэн хувцаснаас авна гэдэг ч байж магадгүй.

Монголын үзэсгэлэнт бүсгүйн нэг хэмээгддэг Г.Эрдэнэчимэг 

- Та өөрөө уртын дуучин хүн. Уртын дууны сургалтад тань голдуу ямар хүмүүс байдаг вэ?

Ерөнхийдөө ажил дээр гарчихсан, насанд хүрсэн хүмүүс ирдэг. Мэргэжлийн уртын дуучин биш, өөр мэргэжилтэй, багаасаа дуулдаг байгаад дуугаа сэргээхийг хүссэн хүмүүс их байдаг.

- Та бизнес, уран бүтээл хоёрынхоо алинд нь илүү сэтгэл тавьдаг вэ?

Хүмүүс бизнес л гээд байгаа. Миний хувьд энэ чиглэлээр ашиг олоод байгаа юм байхгүй л дээ. Жишээ нь хувцасны урлан гэхэд нөхөр, хүүхдүүдээ хувцаслаад, цаана нь ажилчдаа цалинжуулж чадвал болно гэж боддог. Хамгийн хайртай зүйл маань мэдээж уран бүтээл. Тийм ч учраас уран бүтээлээ хэзээ ч орхихгүй.

- Та шинэ дуу хийж байгаа гэсэн?

Шинэ дуу хийсэн. Нөхөр маань үгийг нь бичиж өгсөн. “Мөнх тэнгэрийн хурай” гэх дуу. Эрдэнэбатын хөгжим, Жавхлангийн шүлэг, нар, сар, галыг магтан дуулсан. Монголыг хүчтэй байхыг уриалсан, хүчийг нь дуудсан тийм дуу байгаа. Одоогоор клипнийхээ зураг авалтад орохоор бэлтгэж байна. Сар шинээс өмнө цацагдана.

- Баяр хүргэе! Ингэхэд танай гэр бүл ер нь бүгд монголоороо гоёдог уу?

Тийм шүү дээ. Бид үлгэрлэж яваа гэр бүл гэж боддог. Тиймээс бидэнд том хариуцлага байгаа гэж ойлгодог. Хүмүүст эвтэйхэн санагдах, цаашдаа бас дуурайгаад өмсөж болохоор хувцаснууд өмсөхийг хичээдэг.

- Монгол дээл оёдог газар маш олон болсон. Танай онцлог тал юу вэ?

Яг ер нь язгуур монгол хувцаснуудыг хийхийг хүсдэг. Жишээ нь зах, ерөнхийдөө өнгө аяс нь Монголыг илэрхийлсэн, хаана ч өмсөөд очиход “Энэ ямар үндэстэн бэ” гэж асууж, сонирхохоор тийм хэмжээнд байгаасай гэж хүсдэг.

"Монголоороо төв"-ийн сүүлийн үеийн шинэ загварууд

- Таны ирэх жилийн загварын хандлага юу байна? Ер нь монголчууд ямар загваруудыг илүү сонирхож байна вэ?

Хүмүүс ерөнхийдөө босоо захад илүү дуртай байгаа. Босоо захаар дагнаж хийж байгаа салонууд их байгаа л даа. Манайх бол босоо захаас татгалздаг. Яагаад гэхээр, би нэг удаа Бээжинд очоод Хятадын үндэстний уламжлалт хувцасны дэлгүүрийг сонирхож ороход тэр чигээрээ босоо захтай дээл байсан. Тэгээд л “язгуурын монгол хувцсыг бид хийх ёстой юм байна” гэдгийг маш сайн ойлгосон. Босоо захтай байсан ч ядаж л өнгөний хувьд, материалын сонголт зэрэг талд арай өөрөөр шийдэх ёстой юм байна гэж гүн гүнзгий ойлгосон. Хэтэрхий торон, гялгар, босоо захтай болоод ирэхээр яг цэвэр хятад загвар юм шиг харагддаг. Тийм ч учраас арай илүү Монголыг илэрхийлсэн хувцас хийхийг хүсэж байна.

- Та яагаад “Монголоороо төв”-ийг ажиллуулах болсон бэ? Таны загваруудыг хүмүүс яг дуурайж хийвэл?

Бидний ахуйн хэрэгцээнд маш их хэрэгтэй байсан. Эсвэл өөрөө урлах, эсвэл урлантай болох гэдэг л хоёр сонголт байсан болохоор ямар ч байсан урлантай болох нь өөрсдийнхөө хувцсыг хийгээд, мөн бусад хүмүүст хувцас хийж өгөх боломжтой юм байна гэж бодсон. Загварын хувьд хүмүүс дуурайвал сайн л гэж боддог. Энэ бол миний хувийн өмч биш, Монгол Улсын л хувцас шүү дээ. Би түүхээс уншиж хийсэн байж, минийх гээд байвал хувиа хичээсэн хэрэг болно. Олон хүмүүс өмсөж байвал сайн л байна.

"Монголоороо" дэлгүүрийн дотоод үзэмж

Г.Эрдэнэчимэгийн ээжийн урласан эсгий ширдэг

- Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна. 

Баярлалаа.

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ, С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл