
11-р сарын 06-наас 07-ны өдрүүдэд Бээжин хотын хэмжээнд цас орлоо. Үүний дотор Бээжингийн өвлийн олимпын Яньчингийн тэмцээний бүсэд их цас унажээ.
Яньчингийн тэмцээний бүс нь 2022 оны Бээжингийн өвлийн олимпын гурван том тэмцээний бүсийн нэг бөгөөд энд уулын цана, бобслей, чаргын тэцмээн явагдана.
Хүчтэй салхилан агаарын хэм буурч, их цас орсон нь гадагш зорчих, тэмцээний бүсэд ороход нэлээд хүндрэл авчирсан боловч харин цаашид тэмцээний замд цас хийхэд ашигтай юм. Төлөвлөгөө ёсоор энэ сарын 15-наас Яньчингийн тэмцээний бүсийн уулын цанын төвд хиймэл цас оруулах ажил эхлэх болно. Энэ сарын 07-ноос 15-ны өдрүүдэд агаарын хэм тэгээс доош хэмтэй байх тул цас дэвтэж хайлахгүй бөгөөд хойшид хиймэл цас оруулж цасыг зузаатгахад энэ удаагийн цас суурь болсон байна. Эх сурвалжид мэдээлснээр уулын цанын тэмцээний зам нь цасны нягтрал, хатуугийн хэмжээ болон зузаанд тодорхой шаардлагатай бөгөөд дундаж зузаан нь 1 метр орчим байх ёстой юм.
Яньчингийн тэмцээний бүсийн Уулын цанын төвийн үйл ажиллагааны ажлын хэсэг цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлэг болон холбогдох ажлын хуваарилалт авсны дараа замын цас мөсийг арилгасан байна.
Түүнчлэн их цас орсон цаг агаарыг ашиглан тэмцээний бүсийн баталгаажуулалтын ажлын хэсгийнхэн эмнэлгийн яаралтай тусламжийн дасгал сургуулилт хийжээ. Уулын түргэн тусламжийн машин илгээн, гэмтсэн тамирчдыг холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн цэгт хүргэж, уулаас буулгаж буй агуулгаар тус дасгал сургуулилт явагджээ.
