Дурлал хаана байдаг вэ?
2015-12-28 18:21
Энэ асуулт та бүхэнд сонин санагдаж байгаа нь лавтай. Тэгээд ч “Мэдээж зүрх сэтгэлд” гэж хариулж суугаа бол уу. Өсвөр насныхан дурлал, шохоорхлыг ялгадаггүйгээс амьдралдаа алдах, итгэлгүй болох, сэтгэлээр унах тохиолдол олон.
Анхны дурлал бодит амьдралаас хол тасархай, нэг үгээр догдлуун романтик дасалт байдгийг сэтгэл зүйчид онцолдог. Өсвөр насныхан ийм үед хүнийг биш, харин өөрсдөө бий болгосон дүрийг хайрладаг юм. Харилцаа алхам алхмаар гүнзгийрсээр өнөөх дурласан хүн, санаанд бий болгосон дүрээс ялгаатай болохыг харж эхэлнэ. Үүний үр дүнд бодит байдал мөрөөдлөөс хол тасархай байсанд урам хугардаг, эсвэл хариугүй хайр сэтгэлээс болж гомдож шаналдаг, үгүй бол харилцан дурласан тохиолдолд өөрсдийн мэдрэмж улам ч хүчтэй гүнзгий болж, хэн нэгэнгүйгээр байж чадахгүйгээр тэмүүлэн дотносдог.

Ухаан алдам сэтгэл хөдлөл, хайрын гэгээн мэдрэмж бүхэн дурлал хайр байдаггүй, шохоорхол байх нь олонтаа. Зүрх сэтгэлийн тань хаалгыг тогшиж байгаа тэр л сайхан мэдрэмжийг дурлал уу? шохоорхол уу? гэдгийг яаж таних вэ... Ярвигтай ч гэлээ ялгаатай.
-Шохоорхол мөчийн дотор хаанаас ч юм гэнэт бий болдог. Дурлал харин тодорхой цаг хугацааны дараа зүрх сэтгэлд айлчилдаг.
-Шохоорхлыг тодорхойгүй байдлын мэдрэмж дагалддаг. Ямар нэг тэсч ядсан догдлолд автан хөөрөх мэтээр. Харин дурлал хүнийг өөрийн итгэлтэй болгодог. Тухайлахад, дурласан хүн нь хол байсан ч дэргэд мэтээр итгэлтэй санагдах.
-Шохоорхсон үед хурдан гэрлэмээр санагддаг. Түүнийг алдахаас айна. Дурлал хүнд бодит ухаарал, тэвчээр эргэцүүллийг давхар авчирдаг.
-Шохоорхол өөрийгөө бататгах хүсэлд дууддаг. Өөрийгөө баатар мэтээр, ер бусынаар харуулах зэргээр. Харин дурласан тохиолдолд “баатар” болж харагдахгүй байх нь тийм ч аймаар зүйл биш, шүүмжлэл ч дурлалын холбоог харин гүнзгийрүүлдэг юм.
-Шохоорхол цэвэр биеийн дур хүсэл байх нь олонтаа. Хэрвээ энэ жинхэнэ дурлал бол чамайг хайртай хүний чинь эелдэг үерхэл харин ч баярлуулах болно. Нэг ёсондоо та хоёр зөвхөн амраг биш, жинхэнэ найз нөхөд байна гэсэн үг.
-Шохоорхол төдий байсан хүмүүс амархан маргалддаг. Харин үнэхээр хайртай бол зан төлвийн ялгаанаас үл хамааран бие биеэ ойлгохыг эрмэлзэж, авахаасаа өгөх нь сайхан гэдгийг үнэн голоосоо жаргалтайгаар мэдэрдэг.
-Шохоорхол төдий дотноссон хүмүүс хол ирээдүйн тухай ховорхон боддог.
-Дурлал удаан хугацааны харилцаа, ижилсэн дасах үндсэн дээр хөгждөг. Хэдийгээр дурлал шохоорхол гэсэн 2 тохиолдолд сэтгэл хөдлөл адилхан байдаг ч шохоорхол гэнэтийн бөгөөд цочмог, үндэс суурь сул байдгаараа ялгаатай. Аз жаргалд хүргэдэг зам маш нарийхан учраас хос хоёр ганц хүн шиг болохоосоо нааш түүгээр явж чаддаггүйг залуус маань сэтгэлдээ тунгаахад илүүдэх юун...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
