solongonews
Танил дотно Өвөр Монгол-2
2017-02-22 11:41
Урлагийн хүн гэмээнэ хайрыг түгээгч байдаг

      Солонго сэтгүүлийн шинэ оны анхны дугаарт өргөн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн Соёл Урлагийн Их Сургуулийн Театр урлагийн сургуулийн ахлах багш, хүндэт профессор, МУГЖ Л.Чаминчулуун, Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн, Хөххотын “Баатар” язгуур урлагийн сургуульд уригдан багшилж байгаа, МУСТА Ц.Бэрцэцэг нар “Танил дотно Өвөр Монгол” булангийн маань зочин хойморьт уригдлаа.- Сайн байцгаана уу, сайхан өвөлжиж байна уу?

Л.Чаминчулуун: - Сайхан өвөлжиж байна аа. Үгийн түрүүнд мэнд, өвсний түрүүнд агь гэдэг. Та бүхэн минь сайхан өвөлжиж байна уу, энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Ц.Бэрцэцэг: - Хүндэт олон та бүхэн маань сайн байцгаана уу.

 - Та энэ удаад Өвөр Монголд ямар зорилгоор, ямар ажлаар ирсэн бэ?

Л.Чаминчулуун: - Энэ удаад сургуулийнхаа ажлын зорилгоор ирлээ. Өвөр Монгол хүүхдүүдийг Монгол Улсын СУИС-д элсүүлэх элсэлтийн ажлаар дөрөв дэх удаа ирж байна. Өмнө нь ирээд арав гаруй хүүхэд элсүүлээд зарим нь Радио Телевизийн дээд сургуульд, зарим нь СУИС-ийн хөтлөгч, жүжигчний ангид суралцаж байна. 1980 оноос хойш 37 жил багшлах энэ хугацаанд түрүүчийн шавь нараас минь зургаан гавьяат, дөч гаруй МУСТА төрөөд байна.

-  Та Өвөр Монголд сургалтууд явуулдаг. Өвөр Монгол шавь нар нь хэр сурч байна, монгол шавь нараас нь ялгаатай болов уу?

Л.Чаминчулуун: - Ялгаа бол бий. Янз бүрийн насны шавь нар дунд сурахын төлөө цөхрөлтгүй хичээл зүтгэлтэй олон шавь нар бий. Баруун Сөнид нутагтай Эрхэмжаргал, Эрээн хотын Сүмбэр, Зүүн Сөнидийн Сүртбаатар зэрэг олон хичээнгүй шавь нар бий дээ. Сүүлийн үед би бяцхан хүүхдүүдэд заах аргазүйгээр өөрийгөө хөглөж эхэлсэн. Учир нь монгол хэл устчих вий, тэр сайхан тансаг баялаг хэллэгүүд алга болчих вий гэж эмзэглэж явдаг учир бяцхан хүүхдүүдэд зүйр цэцэн үгийг маш сайн зааж өгдөг. Хүүхдүүд үүнийг хэл зүгшрүүлэх үгтэй андуурах тал бий. Зүйр үг бол хүний оюун ухаанд, чин зүрхэнд нь нөлөөлж байдаг, оюун ухааныг хөглөж, алдаа оноогоо засахад, сайн зүйл рүү чиглүүлэхэд маш онцгой нөлөөлдөг. Уран уншлага гэдэг онолын хувьд ярих урлагийн дээд хэлбэр. Харин миний хувьд үгээр урлах ухаан юм. Яруу найраг, өгүүллэг, шүлэг, үлгэр, ёгт үлгэр уншина гэдэг бүгд өөр өөрийн гэсэн дэг жаягтай. Сургалтад нөлөөлдөг нэг арга бий. Хүүхэд хоосон хуурайгаар цээжилдэг, нэг их өндөр дуугаар хашгирч уншдаг тэр алдааг нь засч өгөх нь чухал.

Ер нь Өвөр Монголд маш олон сайхан шавь нар минь бий. Тэдний дундаас Бэрцэцэг шавь маань Өвөр Монгол хүүхдүүддээ монгол хэлээ мартахгүй байх, монгол хэлний ариун тансаг, сонсголонтой дуудлага зүйг заасаар байгаад нь би хувьдаа их баярлаж явдаг. СУИС-д суралцаж байхдаа надаар хичээл заалгаж байсан, монгол хэлний дуудлага зүй, эх хэлнийхээ ариун дагшин байдлыг сурсан. Энд олон сайхан шавьтай болж, багагүй хүмүүс шавийг минь мэддэг болчихсон, ийм мундаг байгаад нь бахархууштай. Багш хүн гэдэг сайхан юм байна. Хаа ч очсон “багш минь” гээд хүрээд ирэхээр сэтгэлд хичнээн сайхан, шавь нараараа бахархаж сэтгэл өег явна даа.

- Өвөр Монгол орон таны анх ирж байсан тэр үеэс хэр их өөрчлөгдсөн байх юм?

Л.Чаминчулуун: - Би 2005 онд “Инээдтэй үдэш”-ийг анх хийж эхэлсэн үеэс эхлээд олон жил дараалан оролцож уран бүтээлээ туурвин, Өвөр Монгол үзэгчиддээ танил болсон. Одоо бол маш өөр болжээ. Оюун санаа, ухаан бодлоороо, хүнтэй харилцах харилцаа, юмыг дүгнэж цэгнэх ухаан өөрчлөгдсөн нь маш бахархалтай. Энэ бол гаднах өнгө, хувцас, гоё сайхан байшинтай зүйрлэшгүй. Өөртөө итгэх итгэлтэй, бусдад өөрийгөө таниулах чадвартай, өөрөө хүний төлөө сайн сайхныг хийх ухаантай. Энэ нандин чанар Өвөр Монголчуудын дунд бий болчихсон. Гэхдээ Өвөр Монголын залуучууд маань маш их уншаасай, ардын аман зохиолтойгоо илүү танилцаасай, үлгэрийг хүүхдүүддээ уншиж өгөөсэй. Зүйр цэцэн үгийн утгын ухааныг зөв ойлгуулж өгөөсэй гэж маш их хүсдэг дээ.  

- Бэрцэцэг таны хувьд Өвөр Монгол оронд олон жил ажиллаж, амьдарч, олон сайхан шавь нар төрүүллээ. Таны хувьд Өвөр Монгол орон хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ?

Ц.Бэрцэцэг: - 2005 оны 6 дугаар сард Хөххотын “Баатар” язгуур урлагийн сургуульд анхныхаа хичээлийг орж байлаа. Цаг хугацаа гэдэг ёстой л харвасан сум шиг хурдан юм. Нэг л мэдэхэд энд ирээд 12 жилийн нүүр үзсэн байна. Тэр үеийн Өвөр Монгол, өнөөгийн Өвөр Монгол үнэндээ тэнгэр газар шиг ялгаатай. Урлагийн хүний хувьд урлаг соёлын хүрээнээс зах зухаас нь хэлэхэд дуулаачийн урлагт гэхэд л асар том хувирал гарсан. 2005 онд Өвөр Монголд зохиолын дуу гэдэг дөнгөж нахиалж эхэлж байсан бол одоо тодорхой түвшинд хүрсэн. Хүчээ аваад, үзэгч түмнээ байлдан дагуулаад, гарсан дуу болгон нь хит болж байна. Тухайлбал, жил бүрийн Цагаан сарын тоглолтыг харахад л хувцаслалт, тайзны соёл, үзүүлж байгаа тоглолтууд нь хүртэл асар том зөрүүтэй. Энгийн ард түмний хувьд ч гэсэн үзэл бодол, үг хэл, бүх зүйл нь өдрөөс өдөрт өнгө орж, урган цэцэглэж байгаа нь нүдэнд ил харагдаж байна.

- Урлагийн хүн болох хүсэлтэй, Монгол Улсад сургуульд элсэх, монгол багшийн шавь болох сонирхолтой Өвөр Монгол хүүхэд, залуучууд маань юун дээр голлон анхаарах ёстой вэ?

Л.Чаминчулуун: - Байгалиас заяасан авьяастай байх хэрэгтэй. Авьяас их, бага гэж байдаггүй. Тэр авьяасыг хөгжүүлэх хичээл зүтгэл маш чухал. Шантрашгүй, залхууралгүй хичээж зүтгэж чадаж гэмээнэ зорьсондоо хүрнэ. Өвөр Монголд нэг онцлог бий. Айл бүр ганц ганцхан хүүхэдтэй, хүүхдүүд эрх талдаа өсчихсөн байдаг. Монголд очоод нэлээд хатуужилтай, чанга сурах шаардлага тавихад эхлээд шантарч байснаа сүүлдээ шантрахаа больдог. Багш хүний хувьд уураг тархинд нь ухамсрыг суулгаж өгөх үүрэгтэй. “Гол нь чи яах гэж ирсэн юм бэ гэдгээ ухамсарла, зорилгодоо тэмүүл”. Сайн шилдэг уран бүтээлч болвол өөрт нь, ард олонд хэрэгтэй.

Ц.Бэрцэцэг: - Нэмж хэлэхэд ганц ганцхан хүүхэдтэй айлын эрдэнэ болсон, амьдралын нугачаа бүдрэлийг үзээгүй хүүхдүүд байдаг нь үнэн. Тэд эхлээд бүх зүйлийг гоё сайхнаар бодож ирдэг. Амьдрал дандаа чихэр биш гэдгийг ойлгож, бэрхшээл байдаг гэдгийг ухамсартаа суулгах хэрэгтэй. Тиймээс багш нар “Сайн, муу аль аль нь хосолдог орчлон шүү, бэрхшээлийг давж, тэсвэр тэвчээртэй байж, зорилгодоо хүрэх их хүчийг өөртөө бий болгох хэрэгтэй” гэдгийг ойлгуулж өгдөг.

Л.Чаминчулуун: - Манай сургалт бол сонгодог сургалт байдаг. Сонгодог сургалтын арга зүйг сурч, өөрийгөө хөгжүүлэх тэсвэр тэвчээрийг бий болгох хэрэгтэй. Энэ бол маш чанга сургалт. Хүнээс нэлээд их хүч, ухаан, аргачлалыг шаарддаг. Тиймээс үүнийг сурчихсан байхад тодорхой хэмжээний түвшинд хүрдэг. Нэг түвшинд гараад ирчихсэн байхад өөрийгөө хөгжүүлэх чадвар аяндаа бий болдог. Урлагийн хүн хамгийн гол нь түмэн олондоо ямагт хайр түгээж байх хэрэгтэй. Үзэгчидтэйгээ жинхэнэ хайрын, зүрхний нарийн шижмээр холбогддог тэр ур авьяасыг эзэмших л хамгийн чухал. Тайзан дээрээс үзэгчиддээ зүрхнээсээ зүрхэнд нь хүрэх гүүр болох аргачлалыг багш хүн чиглүүлж өгдөг, түүнийг хүүхдүүд өөрсдөө хөгжүүлэх шаардлагатай. Энэ дашрамд сонирхуулахад, миний хувьд монголдоо өөрийнхөө нэрэмжит уран уншлагын уралдаан явуулдаг. Өвөр Монголдоо бас уран уншлагын нэг уралдаан зохион байгуулах юмсан гэж бодож явдаг юм. Энэ нэг их удахгүй бодит ажил болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тиймээс та нар минь дэмжээрэй, эцэг, эхчүүд хүүхдүүдээ идэвхжүүлээд оролцуурай. Одон телевизийн зарим уран бүтээлчид бас дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ сайхан ажил минь нэг л өдөр биеллээ олно биз ээ. 

- Уран бүтээлч хүмүүс зочилсон учир сүүлийн үеийн уран бүтээлийн ургацаас тань сонирхъё?

Л.Чаминчулуун: - Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 26-нд Монголд “Инээдмийн цэцэрлэг” тоглолтоо хийсэн. Өвөр Монгол шавь нараасаа  Эрхэмжаргал, Сүмбэр, Хөлөнбуйраас Орчлон нэртэй бяцхан шавь, Шулуунхөхөөс Аминаа, Шулуунцагаанаас Дүүлээ гэсэн шавь нараа урьж оролцуулсан. Мөн “Шилний эмгэн шилдэг эмгэн боллоо” гэсэн нэртэй анхны DVD-гээ гаргалаа.

Ц.Бэрцэцэг: - 12 жилийн хугацаанд Өвөр Монголын дуулаачийн урлагт өөрийн хэмжээний өнгө аясыг гаргаж, олон уран бүтээлчид төрүүлэн, уралдаан тэмцээнүүдэд оролцуулсан, олон уран бүтээлүүд мөн гаргалаа. Харин 2016 оноос эхлээд хүүхдийн уран бүтээл рүү орж эхэлсэн. Монгол хэл минь устаж үгүй болох вий гэсэн аюул хотод орж ирж байгаа хүүхдүүдэд илүү нүүрлэх болсонтой холбоотой “Уран тагнай” нэртэй монгол хэл боловсролын төв байгуулагдсан. Монгол хэл соёлоо хамгаалахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулах үүднээс энд ажиллаж эхэлсэн юм. Одоо 200 гаруй хүүхэд сургаад байна. Харин өөрийн ажиллаж байгаа “Баатар” язгуур урлагийн сургуульдаа “Уянгат жиргээ” хүүхдийн найрал дууны дугуйлан хичээллүүлж байна. Манай онцлог бол найрал дууг мэргэжлийн түвшинд, мөн орос, англи, итали гээд гадаад хэл дээр дуулуулж сургаж байгаа. Үүнээс гадна, 2016 онд хүүхдийн 12 дуу төрсөн. Эрэгтэй хүүхдийн “Цоглог” хамтлаг байгуулж, “Сайн байна уу” дуугаа Эгшиг сайтад оруулсан. “Ирээдүйн одод” нэртэй бяцхан охидын хамтлаг байгуулсан гэх зэрэг урлаг, уран бүтээлийн ургац арвинтай жил болж өнгөрлөө.

- Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүний хувьд та Өвөр Монголд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа талаар ярина уу?

Ц.Бэрцэцэг: - МИН 2010 онд есөн хүний Удирдах Зөвлөлтэйгөөр байгуулагдсан,  Хөххот дахь Ерөнхий Консулын газраа түшиглэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг Төрийн Бус Байгууллага. Улс алслаад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд маань сайн тал байхад бас саад бэрхшээл тохиолдох үе бий. Ийм үед нь тэдэндээ тус дэм болоход бидний гол зорилго оршдог. Жил бүрийн хамгийн том ажил маань хүүхдийн баярт зориулан 6-р сарын 1-нд Өвөр Монгол дахь монгол хүүхдүүдийнхээ дунд гар зургийн уралдаан явуулдаг. Багаас нь мэдлэг өгөх, хоёр улсын харилцааг өргөжүүлэх зорилгоор Хятад, Монголын найрамдлын сэдэвтэй явагддаг. Сүүлийн үед улам өргөжөөд хятад хүүхдүүдийг оролцуулдаг болсон. Түүнээс гадна, Монгол Улсдаа төдийгүй хүний нутагт асуудал тохиолдсон хүмүүст хандивын аяныг өрнүүлж тусалдаг. Бидний хандивын аянд хамрагдсан хүмүүс эрүүл саруул болсон олон жишээ бий. Бас хамгийн сүүлд “Эх дэлхийгээ аваръя” ТББ-ын Замын-Үүдэд мод тарих үйл ажиллагаанд оролцсон гэх зэрэг хэдийгээр хилийн чанадад байгаа ч гэсэн эх орондоо хувь нэмрээ оруулах, эх орныхоо иргэдэд үйлчлэх үйл ажиллагаанууд зохиож байдаг. Нийгэмлэгээрээ дамжаад Өвөр Монголд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ харахад хүний газар эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээж, тэмүүлэлтэй, ухамсартай, хөдөлмөрч, бие биедээ тустай сайхан амьдарч байгаа нь ажиглагддаг. Буруу гишгэвэл эх орны минь нэр гарна шүү гэж боддог хүмүүс их олон болсон нь маш сайхан санагддаг даа.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан та нартаа баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань оргилсон яруу амжилт, амьдралд тань хэмжээлшгүй их аз жаргалыг ерөөе.

                                                                                                 Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл