solongonews
А.Одончимэг: Шидтэн байдаг бол өөдөсхөн үртэй минь дахиад уулзуулаач гэж хүснэ дээ
2015-12-28 18:21
Гудамж талбайд тэр бүр ил гараад байдаггүй, нуугдаж амьдардаг хүүхдүүдийг та мэдэх үү. Ижий, аав нь тэдний төлөө бүх зүйлээсээ татгалзаж, үрээ гэсэн сэтгэлээс өөр хөрөнгөгүй үлддэг талаар та дуулж байсан уу. Тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй бяцхан үрсийн өр өвдөм амьдрал, гэр бүлийнхнийх нь зүрхэн дэх шаналлын талаар эрхэм уншигч тантай хуваалцахаар зорилоо. Ийм хүүхдүүд, гэр бүлүүдэд үнэ төлбөргүй сувилал ажиллуулж, тэдний төлөө өөрийгөө зориулсан нэгэн бүсгүйтэй уулзсан юм. Түүнийг А.Одончимэг гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суман дахь Шаргалжуут рашаанд Халуун Болор сувиллыг 17 дахь жилдээ ажиллуулж буй нэгэн.
Хүн өвчний өмнө үнэхээр сөхөрдөг юм билээ
 
Хүүг минь эх баригч жинлэхээр авч явж байхдаа плитан шалан дээр алдаж унагасан маш харамсалтай зүйл надад тохиолдсон юм. Тухайн үед би төрөх орон дээр хэвтэж байсан болохоор юу ч мэдээгүй. Хүү минь уйлж байснаа л гэнэт дуугүй болчихсон. Яг тэр үед л хүү минь унаад, маш хүнд бэртсэн байсан нь тэр байсан юм билээ.
-Шаргалжуутын рашаан сувиллын өлгий газарт та тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй байр, хоолоор хангадаг тухай дуулаад тантай уулзахаар зорьж ирлээ. Энэ сувиллаа үүсгэн байгуулсан түүхээс тань асуумаар байна?
 
-Энэ байгууллагыг үүсгэн цааш ажиллуулах түүх миний амьдралаас эхтэй юм. Анхны үрийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүн шиг минь зовж шаналж байгаа бяцхан үрсэд тусалж, чадах чинээгээрээ нэмэр болъё гэсэндээ энэ ажилд амь амьдралаа зориулж байна даа...
Тэрээр 17 жилийн турш тархины саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө амьдралаа зориулж явна.
Намайг анхны хүүхдээ дөнгөж төрүүлээд байхад эх баригч жинлэхээр авч явж байхдаа плитан шалан дээр алдаж унагасан маш харамсалтай зүйл надад тохиолдсон юм. Тухайн үед би төрөх орон дээр хэвтэж байсан болохоор юу ч мэдээгүй. Хүү минь уйлж байснаа л гэнэт дуугүй болчихсон. Яг тэр үед л хүү минь унаад, маш хүнд бэртсэн байсан нь тэр байсан юм билээ. Дараа нь эх баригч болон эмнэлгийнхэн надаас уучлал гуйгаад өнгөрсөн дөө. Хүү минь тухайн үедээ юу ч мэдэгдээгүй ч хэдхэн сарын дараа тархины маш хүнд саажилттай болсныг нь бид олж мэдсэн. Ийм хүнд үед хүүгийн минь эцэг биднийг орхиод явсан даа. Гэхдээ би бууж өгөөгүй ээ. Хүүгээ эмчлүүлэхийн тулд маш олон эмнэлэг, эмчилгээ сувилгааг дамжиж, амьдралын хатуу хүтүү бүхнийг хар залуу насандаа туулсаан. Хүн бол өвчний өмнө үнэхээр сөхөрдөг юм билээ. Хэчнээн зүтгэсэн ч энэ өвчнөөр хүүгээ алдсандаа маш их харамсдаг даа. Хэчнээн тэмцэж, үрийнхээ төлөө бүх зүйлээ зориулсан ч тэр минь энэ өвчнөөсөө болж маш удаан шаналж, зовсоор өөд болсон юм. Тиймээс л хайртай хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан энэхүү "Халуун Болор" төрийн бус байгууллагаа байгуулсан. Манай төв тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй байр, хоолоор үйлчлэхээс гадна тэдний ээжүүдэд хандсан олон үйл ажиллагаа явуулдаг. Яагаад гэвэл, ийм өвчтэй хүүхдүүдийн ээжүүд хэчнээн хэцүү орчинд амьдардгийг энгийн хүн төсөөлөх ч үгүй. Өдөрт хэд хэд удаа татаж унах, янз бүрээр хүндрэх гээд сэтгэлд багтамгүй их шаналлыг ээжүүд л үүрч явдаг. Тиймээс тэр эхчүүдийн сэтгэлийн зовлонг бага ч гэсэн нимгэлж, амрааж, үр хүүхдийг нь өөрийнх нь өмнөөс асарч, сувилж, өөрсдийг нь жаахан ч гэсэн баярлуулж, амраахыг хичээдэг юм. Яагаад гэвэл би тэдний зовлонг яс махандаа шингэтэл ойлгосон хүн шүү дээ.
 
-Уучлаарай, таны сэтгэлийн харууслыг сөхөж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Та хүүгийнхээ гэгээн буянд энэ төвөө ажиллуулж, сэтгэлээ тайтгаруулдаг байх нь ээ?
-Тийм ээ. Олон жилийн өмнө өөд болсон алгынхан чинээ хүүгийнхээ шарил дээр өөртөө тангараг тавьсан юм. "Ээж нь цав цагаан толгойтой, буурай болтлоо хүү шигээ ийм эмгэгтэй, зовлонтой олон хүүхдэд тус болж явна. Миний хүүгийн зовсон шиг энэ зовлонгоор эх, үрс дахин бүү хагацаасай. Үүний төлөө ээж нь бүх амьдралаа зориулна" гэж тангараг өргөсөн дөө.
 
1996 онд бид анх Шаргалжуут тосгонд гэр бүлээрээ шилжиж ирсэн юм. 1998 оноос хүүхдийн төлөө "Халуун Болор" төвөө байгуулсан. Тархины саажилттай олон хүүхдэд тусалж байгаа хөдөлмөрийг минь үнэлж Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрийг минь мялаасан. Мөн хүүхэд залуус, эмэгтэйчүүд, тосгоныхоо ард иргэдийн дунд 15 жилийн турш спорт, соёл урлагийн арга хэмжээнүүд, мөн хүмүүнлэгийн болоод соёл хүмүүжлийн маш олон ажлыг зохион байгуулж явууллаа. Үүнийг маань нам засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Үүнийхээ хажуугаар би олон олон залуусыг төрсөн өдрөөрөө ямар нэгэн сайн үйлс, гавьяатай үйлс бүтээе гэсэн уриалгыг гаргаж, Монгол Улсад анх сарлаг нутагшсан түүхэн домогт Хадаагийн булаг хэмээх газар анх сарлагийн наадгай-нутгийн ардын уламжлалт баяр наадмыг малчин залуусын дунд зохион байгуулж 10 дахь жилтэйгээ золголоо. Энэ 10 жилийн ойгоор 3 метр өндөртэй шүтээнийг нутгийн олондоо хүлээлгэж өгч байгаа. Хийсэн хөдөлмөрийг маань үнэлж, урам хайрлаж байсан нутгийнхаа ард түмэнд, малчин түмэндээ, орон нутгийнхаа удирдах байгууллагууддаа, Баянхонгор аймгийн Засаг дарга н.Жаргалсайхан, сумын Засаг дарга н.Төмөрбаатар, багийн Засаг дарга н.Бямбаабаатар нартаа гүн талархлаа илэрхийлье.
 
-Танай төвийг дэмжиж, хамтарч ажилладаг бусад хүмүүст ч мөн та талархлаа илэрхийлж болно шүү дээ?
-Бидэнд маш олон хүн тусламж дэмжлэг үзүүлдэг. Тэр бүх хүнд талархсанаа илэрхийлмээр байна. Тухайлбал, "Ноён капитал" компанийн захирал О.Намжинбаатар, "Петровис" компанийн захирал Ж.Оюунгэрэл, "Эрдэс импекс" компанийн захирал н.Батхишиг, "Жаст" компанийн захирал Г.Батхүү, уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Х.Наранхүү, "Сандвик Монгол" компанийн хамт олон, "Сансар" телевизийн хамт олон, "ТВ9", "С1", "UBS" телевизийн хамт олон, Улаан загалмайн хорооны ерөнхийлөгч асан Л.Одончимэд, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж, Баянхонгор сумын Газрын албаны хамт олонд гүн талархаж байгаагаа илэрхийлье.
 
Хүү минь ээждээ эргэж ирсэн юм шүү
 
Хамгийн ихээр зовоож байсан юм нь гэвэл хүүгийн минь шээс нь задгайрчихсан байсан юм. Хагалгаа хийхдээ шээсний сүвнийх нь судсыг таслаад шээс нь байнга дусалдаг, байнга шээс нь дусаад байхаар маш их хортой. Үүнээсээ болоод хоёр гуяных нь дотор тал нь шээсэндээ түлэгдээд цоорчихсон байсан.
 
А.Одончимэг тоглолтоосоо олсон орлогоороо сувиллынхаа хүүхдүүддээ асаргаа, сувилгаа, хоолыг нь хангаж өгдөг юм.
-Таны анхны сайхан үрд ийм харамсалтай зүйл тохиолдсонд эх хүнийхээ хувьд үнэхээр их эмгэнэж байгаагаа илэрхийлье. Үрийнхээ талаар жаахан дурсаач гэвэл та юу хэлэх вэ?
-Хүү минь ээжийгээ таньдаг, инээдэг байсан. Миний хурууг атгадаг байсан. Хүү минь дэндүү их бэртсэн байсан л даа. Хамгийн ихээр зовоож байсан юм нь гэвэл шээс нь задгайрчихсан байсан юм. Хагалгаа хийхдээ шээсний сүвнийх нь судсыг таслаад шээс нь байнга дусалдаг, байнга шээс нь дусаад байхаар маш их хортой. Үүнээсээ болоод хоёр гуяных нь дотор тал нь шээсэндээ түлэгдээд цоорчихсон байсан. Тэр үед Гандангийн хүүхдийн сэхээ л гэж байдаг байсан юм. Тэнд би ээж, аавтайгаа хүүхдээ авчирч эмчлүүлж байсан юм. Хүүхдийг минь дээшээ аваад явчихна. Би доор нь хүлээж байна. Хааяа нэг хонх дуугарч, /хүүгийн нэрийг нууцлав/ тэрний ээж дээшээ гарч ирээд хүүхдээ хөхүүлээрэй гэдэг. Ороод л хүүхдээ хөхүүлчихээд л байснаас биш хувцсыг нь задалж огт үзэж байгаагүй, дотор нь юу болж байгааг нэг ч удаа үзэж байгаагүй. Амьсгаа тасарсных нь дараа л хүүгээ хэчнээн зовж байсныг нь харсан. Тийм болчихсныг нь харах надад үнэхээр хэлж ярихын аргагүй хэцүү байсан. Тэгэхэд би их жаахан охин байж дээ. Тэр газар их аймшигтай газар байсан. Жаахан байж байгаад л тэрний ээж ороод ирээрэй гээд чанга яригчаар дууддаг. Баахан хүн пижигнэтэл шатаар дээшээ гараад л, буцаж ирэхдээ "Өнгөрчихлөө" гээд нулимсаа асгаруулан бууж ирдэг байж билээ. Магадгүй тэнд ээж нар "Хэзээ намайг дуудах бол" гэж айдастайгаар чих тавин түгшүүрлэн суудаг байсан байх. Одоо эмнэлэг хөгжөөд сайхан болжээ. Үүн шиг хэцүү газар одоо байдаггүй байлгүй дээ. Тэр үед би үнэхээр аймшигтай цаг үеийг давж байсаан. Түгшүүртэй. Тэр эмнэлэгт хамгийн нялх хүүхэдтэй нь би байсан. Хоёр хөхний минь сүү асгараад байдаг, гэвч хүү минь ухаангүй. Хөхөө хоёр варений шилэнд саагаад, ээж минь хажууд нус нулимстайгаа холилдоод хэцүү. Миний ээж бидний төлөө их ч зовсон доо. Өвчний өмнө хүн хэн ч байгаад ямар ч хүчгүйддэг нь үнэн юм билээ. Бидэнд юу ч байгаад ямар ч хэрэггүй байсан...
Хүүгээсээ хойш хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Хоёр дахь хүүхдээ тээж байхдаа маш их айдастай төрсөн дөө. "Одоо надаас ямар хүүхэд гарчих бол, түүнд минь юу тохиолдох бол" гээд л айгаад байдаг юм билээ. Анхны хүүхдийнхээ дараа би хоёр хөөрхөн хүү, хоёр хөөрхөн охинтой болсон. Одоо бол аз жаргалтай амьдарч байна даа.
 
-Магадгүй таны анхны хүүхэд танд эргэж ирсэн байх...
-Тийм ээ. Бүр хагалгааныхаа оёдолтойгоо эргэж ирсэн. Миний анхны хүү 3 ч удаа хагалгаанд орсон юм. Тэр бүх оёдол нь манай том хүүд одоо байдаг юм. Миний хүү ээждээ эргэж ирсээн.
 
-Хүмүүс зэрэгцээ ертөнц гэж байдаггүй л гэдэг. Үнэн хэрэгтээ тийм ертөнц байдаг байх?
-Байдаг байх аа. Би хүүгээсээ болоод маш их зүйлд итгэдэг болсон.
 
-Хүү тань зүүдэнд тань ирдэг байсан уу?
-Олон жилийн өмнө, дөнгөж өнгөрснийхөө дараа хүү минь зүүдэнд их ирдэг байсан. Би бүр унтаж чаддаггүй байсан. Шөнө хөх чинээд хэчнээн хэцүү гээч. Ингэж бодохоор л хамгийн муухай хагацал бол эх, үрийн л хагацал юм даа. Шөнө унтаж чадахгүй, чихэнд дуу нь сонстоно, байхгүй хүүхдийг орон дотроо тэмтэрч хайгаад хөхүүлэх гэнэ, хөхөө чинэхээр хүн чинь шөнө хөнжил дотроо хүүхдээ тэмтэрнэ шүү дээ. Гэтэл хүүхэд нь байхгүй... Хамт төрсөн хүүхдүүдийг нь харах бас маш их хэцүү. Одоо байсан бол хүү минь ийм байх байсан даа гээд л.
 
Хүүхдүүд минь намайг өндөр ээж гэдэг дээ
 
Манай нутгийн малчид үнэхээр сайхан сэтгэлтэй. Үнэгүй сүү, тараг, өрөм их авчирч өгнө. Тэрийг нь хурааж байгаад хүүхдүүдээ буцахад нь варений шилэнд хайлмаг хийж өгөөд, хоёр хоёр ширхэг гамбир хайрч өгөөд замдаа идээрэй гээд явуулдаг юм. Ингэхэд тэд маань намайг тэвэрч уйлна, "Сайн сууж байгаарай, өндөр ээж ээ. Хойтон жил ирнэ ээ" гээд л явдаг юм даа.
 
-Гэхдээ өнөөдөр таны хүүгийн нэрээр "Халуун Болор" төвд олон ээж, аавууд, хүүхдүүд талархсан сэтгэлээ шивнэж, үрд тань маш их буян илгээж байгаа гэж эх хүнийхээ хувьд би итгэж байна.
-Магадгүй чи Шаргалжуутад очоод "Халуун Болор" төвийн маань санал хүсэлтийн дэвтрийг уншвал бас л уйлах байх. Тэнд ээжүүд минь намайг өндөр ээж гэж нэрлэсэн байдаг юм. Манайд ирсэн хүүхдүүд арай чамай л зардалтайгаа ирээд буцдаг юм шүү дээ. Замдаа гуанзанд орж ганц хуушуур ч авч идэх мөнгөгүй... Манай нутгийн малчид үнэхээр сайхан сэтгэлтэй. Үнэгүй сүү, тараг, өрөм их авчирч өгнө. Тэрийг нь хурааж байгаад хүүхдүүдээ буцахад нь варений шилэнд хайлмаг хийж өгөөд, хоёр хоёр ширхэг гамбир хайрч өгөөд замдаа идээрэй гээд явуулдаг юм. Ингэхэд тэд маань намайг тэвэрч уйлна, "Сайн сууж байгаарай, өндөр ээж ээ. Хойтон жил ирнэ ээ" гээд л явдаг юм даа. Яг л энэ үед нь би хамгийн их аз жаргалтай байдаг. Би ямартаа ч энэ хүүхдийг баярлууллаа, энэ ээжид тусаллаа гэхээр сэтгэл өег байдаг юм. Зарим ээж "Энэ зах зээлийн нийгэмд үнэгүй хайлмаг, гамбир өгөх нь битгий хэл хар ус харамладаг хүмүүс ч байдаг даа" гэж халагладаг л юм. Төрсөн аав, ээж, ах дүү нь хүртэл хүүхэдтэй нь хамт ад үзээд загнадаг гээд л маш их зовлон ярьдаг юм шүү дээ. Ер нь ийм ээжүүд үнэхээр их зовлон дунд амьдардаг.
Ээжүүд минь намайг өндөр ээж гэж нэрлэсэн байдаг юм. Манайд ирсэн хүүхдүүд арай чамай л зардалтайгаа ирээд буцдаг юм шүү дээ. Замдаа гуанзанд орж ганц хуушуур ч авч идэх мөнгөгүй...
-"Халуун Болор" хэмээн энэхүү сувиллаа нэрлэсэн тань их учиртай мэт санагдсан. Энэ талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Болор гэдэг нь миний талийгаач хүүгийн нэрийн эхний үе юм. Халуун гэдгийн учир нь энэ буянтай рашааны халуун чанар хийгээд сэтгэлийн халуун дулааныг бэлгэдсэн хэрэг. Ийм л халуун дотно сэтгэлээрээ хүүхдүүдэд тусална гэж сэтгээд хүүхдийн төлөө "Халуун Болор" төв гэдэг нэрээ төрийн бус байгууллагадаа өгсөн юмаа.
 
-Танайх хүүхэд бүрт үнэ төлбөргүй байр, хоолоор үйлчилдэг юм байна. Энэ олон хүүхдэд ингэж чин сэтгэлээсээ үйлчлэхийн тулд санхүүжилт, орлогоо хаанаас олдог юм бэ?
-Бид анх үйл ажиллагаагаа нэг жижигхэн модон байшинд эхэлсэн дээ. Шаргалжуутад ажиллаж байсан Улаанбаатар хотын "Хүнс трейд" компанийн мэдлийн жижигхэн хүнсний дэлгүүрийн барилга байсан юм. Яваандаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, 6 монгол гэрээр үйлчилдэг болсон. Одоо бол "Халуун Болор" төвдөө орчин үеийн тохилог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувилал, асаргааны тусгай тоног төхөөрөмж бүхий барилгатай болохоор зориг шулуудаад зураг төслийг нь гаргуулаад барилгаа барих том зорилго тавиад байна. Одоогийн байдлаар энэ ажилд маань Монголын зураг, архитектурын холбооны н.Дорж захиралтай хамт олон зураг төслийг нь хийж байна. Мөн маш олон сайхан компани тусалж байгаа. Тэд бүгдэд маш их баярладаг юм шүү.
 
-Таны фэйсбүүк хуудсанд "Халуун Болор" төв гэсэн хаягтай барилгын зураг байна лээ. Тэр барилга удахгүй босох нь ээ.
-Тийм ээ. Таны харсан тэр барилгын загварыг амьдрал дээр бүтээн босгож, олон нялх үрсэд үнэ төлбөргүй сувилгаа, хоол, байраар нь хангаж өгөх гэсэн чин хүсэлтэй явна. Энэ л асуудлаараа би олон жилийн турш Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд өргөдөл, хүсэлтээ өгч байсан. Гэвч монгол гэр өөрөө манай улсад үл хөдлөх хөрөнгө гэж тодорхойлогддоггүй юм байна. 6 монгол гэртэй, барьцаа хөрөнгөгүй надад банк зээл өгөх боломжгүй юм байна. Тийм болохоор би сайхан сэтгэлт ард олны буянаар, өөрөө бас тоглолтынхоо орлогоор энэ барилгаа босгоно гэж шийдсэн. Одоогийн байдлаар барилгын маань зураг төсөл бэлэн болсон. Барилга барих газрынхаа кадастрын зургийг гаргууллаа, инженер геологийнх нь дүгнэлтийг хийлгэлээ. Энэ ажилд маань олон сайхан сэтгэлтэй хүмүүс тус болж байна. Барилга маань 2 давхар болох юм. Шалыг нь н.Эрдэнэ захиралтай "Прасум" компанийн хамт олон өгөхөөр боллоо, хаалга, цонхыг нь вакум цонх үйлдвэрлэгч компаниуд хийж өгөхөөр боллоо. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэлээд олон хүмүүс манай барилгын хүүхэд байрлах өрөөний ханыг үлгэрийн баатрын зурагтай обойгоор тохижуулж өгч тусалъя гэсэн.
 
”Халуун Болор” төвдөө 1000 төгрөгний хандивын данс нээсэн
Манай сувиллын барилга босчихвол жилийн 4 улиралд "Халуун болор" төвийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Хүүхдээ тэврээд зориод ирээрэй гэж хэлье. Би чадах чинээгээрээ та бүхнийхээ хүүхдэд үнэгүй хоол, үнэгүй байр бэлдээд та нарыгаа хүлээгээд сууж байна шүү.
 
"Сансар Кабель" телевизийн хамт олон "Халуун Болор" хүүхдийн төвийн барилгын санхүүжилтэд 500 мянган төгрөгийн хандивлажээ. Энэ сайхан хамт олныг хүүхдийн цагаан буян ивээх болтугай.
 
 
Энэ маань 200 гаруй сая төгрөг болохоор байгаа юм. Энэ мөнгийг би өөрийнхөө урлагийн тоглолтын орлого болон буянтай сайхан ард түмнийхээ тус дэмээр олъё гээд ХААН банкинд хандивын данс нээчихсэн байгаа. Ингэхдээ энэ барилгаа барихын тулд олон түмнээсээ 1000 төгрөгөөр хандив өргөөч гээд ХААН банкинд  5003168283 тоот данс нээсэн.
 
 
-Энэ барилгаа барихад тэгвэл тулгамдаад байгаа бэрхшээл байна уу?
-Барилга барих материалуудыг хандив тусламжаар цуглуулж л байна. Гэхдээ барилгын материалын тээврийн зардал, барилгын ажилчдын цалин зэрэг яалт ч үгүй мөнгө, хөрөнгө, санхүүжилт шаардлагатай зүйлс байна. Энэ маань 200 гаруй сая төгрөг болохоор байгаа юм. Энэ мөнгийг би өөрийнхөө урлагийн тоглолтын орлого болон буянтай сайхан ард түмнийхээ тус дэмээр олъё гээд ХААН банкинд хандивын данс нээчихсэн байгаа. Ингэхдээ энэ барилгаа барихын тулд олон түмнээсээ 1000 төгрөгөөр хандив өргөөч гээд ХААН банкинд  5003168283 тоот данс нээсэн. Би одоогоор хоёр дахь тоглолтоо хийчихсэн байгаа. Хэд хэдэн гэр бүл нийлээд миний тоглолтыг үзсэн. Бас 100-гаас дээш ажилтантай компаниудад тоглолтоо хийхээр яригдаж байна. Удахгүй гавъяат жүжигчин С.Жавхлантай уулзана. С.Жавхлан маань бидний энэ сайхан үйлсийг дэмжинэ гэдгээ хэлсэн. Мөн "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын залуус маань ч энэ ажлыг дэмжихээ илэрхийлсэн.
Ээж хүн гэдэг агуу. Ээж хүнд үр нь нандин эрдэнэ. Монголд би ганцаараа биш. Надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхэдтэй, энэ зовлонгоосоо ичдэг, нуудаг, зовлонгоо хэлж ярьж чаддаггүй ээжүүдийн амьдрал дандаа далд байдаг
-Тархины саажилт гэдэг энэ өвчин олон ээжийн нуруунд хэмжиж болшгүй хүнд ачааг үүрүүлж, сэтгэлийн хатыг нь шалгадаг айхтар өвчин шүү дээ. Гэвч ямар ч эх хүнд үрээс нь илүү сайхан, хөөрхөн нь хаана ч үгүй. Энэ хүнд зовлон дунд хүүхдээ бусдаас өмөөрч, хайрлан, хамаг амьдралаа зориулж яваа тэр ээжүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Ээж хүн гэдэг агуу. Ээж хүнд үр нь нандин эрдэнэ. Монголд би ганцаараа биш. Надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхэдтэй, энэ зовлонгоосоо ичдэг, нуудаг, зовлонгоо хэлж ярьж чаддаггүй ээжүүдийн амьдрал дандаа далд байдаг. Ийм ээжүүд хүний нүдэнд ил гарч чаддаггүй юм. Тийм л учраас тэр ээжүүддээ хандаж "Та нар маань бүгдээрээ сайхан ээжүүд шүү. Хүүхдүүд нь бүгдээрээ л хөх Монголын ирээдүй болсон хүмүүс юм шүү. Өвчтэй хүүхэдтэй гэдгээрээ өөрсдийгөө битгий нийгмээсээ тусгаарлаач. Хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө, олон олон залуу хосуудад сургамж болох үүднээс ил байгаач ээ. Хүүхдээ эмчлүүлж, эдгээхийн төлөө яваарай" гэж хэлмээр байна. Бас Баянхонгорын Шаргалжуутын рашаан үнэхээр сайхан гэдгийг дахин хэлмээр байна.
Манай сувиллын барилга босчихвол жилийн 4 улиралд "Халуун болор" төвийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Хүүхдээ тэврээд зориод ирээрэй гэж хэлье. Би чадах чинээгээрээ та бүхнийхээ хүүхдэд үнэгүй хоол, үнэгүй байр бэлдээд та нарыгаа хүлээгээд сууж байна шүү. Эх үрс эрүүл саруул, элэг бүтэн байгаасай гэж бас хүсье. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндийг хүн юугаар ч худалдаж авч чаддаггүй юм шүү дээ. Уулын чинээ алт овоолчихсон хүн байсан ч өвчний өмнө хэн ч биш. Юунд ч дийлддэггүй юм бол ганцхан өвчин л байдаг юм. Тийм учраас Монголынхоо ард түмнийг эрүүл мэнддээ анхаарч яваарай гэж хэлье.
 
-Таны энэ үйл хэрэг олон хүүхдэд гайхамшгийг бүтээж өгнө гэж олон хүн итгэж байгаа нь лавтай. Тэр хүүхдүүд таныг яг л шидтэн шиг хардаг байх даа. Эргүүлээд харин таны өмнө шидтэн гарч ирээд таны 3 хүслийг биелүүлье гэвэл та юу хүсэх байсан бэ?
-Хамгийн түрүүнд би тархины саажилттай хүүхдүүдийг асарч сувилах "Халуун Болор" төвийн минь барилгыг босгоод өгөөч гэж гуйна. Хоёрдугаарт нь, үнэхээр шидтэн гараад ирвэл хүүтэй минь уулзуулж өгөөч гэж хүснэ. Хүүдээ "Ээж нь ийм сайхан ажил хийж байгаа шүү. Миний хүүгийн нэрээр олон хүн манай сувиллыг зорин ирж өвчин зовлонгоосоо түр ч атугай холдож байгаа шүү" гэдгийг харуулахыг хүснэ. Гуравдугаарт нь гэвэл, би хэзээ ч дэлхийд эх, үрийн хагацал бүү байгаасай гэж хүснэ дээ.
"Хүн анхны үр хүүхдээ мартана гэж хэзээ ч үгүй. Нэгэнт л хэвлийдээ тээгээд, төрүүлээд, элгэндээ тэвэрсэн тэр үрийнхээ үнэрийг, ганганах чимээг нь мартана гэж юу байхав дээ"
-Танд анхны үрийнхээ төлөө дахиад ямар нэгэн зүйл хийх боломж гарвал юу хийх вэ?
-Хүүхдийнхээ төлөө дахиад юм хийе гэвэл хүүхдийн өвчлөлийг бууруулахын төлөө бүх зүйлээ зориулна. Хүүхэд бүхэн өвчин зовлонгүй байгаасай гэж хүсч байна. Манай Монголд хүүхдийн төлөө юм хийдэг, хүүхдийн төлөө өдөр бүр санаа тавьдаг өчнөөн сайхан хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүс байгаа нь үнэхээр том аз юм шүү.
 
Энэ барилгаа барихын тулд олон түмнээсээ 1000 төгрөгөөр хандив өргөөч гээд ХААН банкинд  5003168283 тоот данс нээсэн.
-Та ийм их зовлон, стрессийг нуруундаа үүрээд, тэр хүүхдүүдийн төлөө, тэр ээжүүдийн төлөө сэтгэлээ чилээн тэмцэх хүчийг хаанаас олж авдаг юм бэ. Яаж өөрийгөө хурцалж, хүчтэй байдаг юм бэ?
-Хүн анхны үр хүүхдээ мартана гэж хэзээ ч үгүй. Нэгэнт л хэвлийдээ тээгээд, төрүүлээд, элгэндээ тэвэрсэн тэр үрийнхээ үнэрийг, ганганах чимээг нь мартана гэж юу байхав дээ. "Үхтэл үр харам" гэдэг дээ. Сэтгэлдээ үрээ даллаж, түүнийхээ төлөө олонд түгээх буянаар сэтгэлийн цацал өргөх юм даа.
Зүрх шимшрэхийн зовлон их шүү дээ. Энэ л их зовлон дундаас амьд гарахын тулд би урлагаар явсан. Урлагийн хүн биш хэрнээ би Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болтлоо хөдөлмөрлөлөө. Миний тоглолтод миний Шаргалжуутын ард түмэн дуртай. Бас миний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд дуртай. Тэнд ирсэн ээж аавууд бүгд дуртай.
 
-Сэтгэлийн тань энэ их гунигийг хөндөж, сайхан үрийн тань талаар асуулт асууж сэтгэлийг тань чилээсэндээ үнэхээр их өршөөл хүсч байна. Тиймээс сүүлийнхээ асуултыг танд үлдээж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхийн зовлонг яг ийм зовлон үзсэн эх хүн л маш сайн ойлгодог. Тиймээс ээжүүд, аавууд, нийт монголчууд минь эрүүл саруул үр хүүхэдтэй байгаа тань асар том буян, асар том аз жаргал юм шүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн зовлон энэ хорвоогийн зовлон дундаас хамгийн хүнд нь байх гэж би боддог юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг, тэдний эцэг эхийг хайрлаж хүндэлж яваарай гэж хэлмээр байна. Тэд чинь бидэнтэй яг л адилхан бүгдийг мэдэрч байдаг юм шүү дээ. Тэдний төлөө та үргэлж сайн сайхныг бодож, дандаа тус дэм болж яваарай гэж хэлье дээ.
 
Монголхатагтай
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл