Ван И Хятадын тал шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэж буйд сүүлийн үеийн байдлыг танилцуулж, байдал сайжрах хандлагатай байгаа ч хүнд хэвээр байна. Хятадын тал цаашид бүх хүчээ дайчлан, халдвараас урьдчилан сэргийлж хяналтдаа авах дайнд ялалт байгуулах болно. Хятадын эдийн засаг урт хугацаанд өөрчлөгдөхгүй үндсэн байдлаа хадгалж, халдварын учруулсан нөлөө нь богино хугацааны, хязгаарлагдмал юм. Хятад улс халдварын учруулсан нөлөөг хамгийн доод түвшинд хүргэн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн жилийн зорилтыг биелүүлэхийн тулд хичээн зүтгэх болно гэжээ.
Ван И: Халдварын өмнө Хятад, Япон улс жаргал зовлонгоо хамтатгасан хувь заяаны хамтын цогц юм. Японы тал Хятад улсыг дэмжиж ирсэн, Японы засгийн газар болон нийгэм нийтийн үзүүлсэн үнэт дэмжлэг тусламжид Хятадын тал талархал дэвшүүлж байна. Хятадын тал Японд гарч буй халдварын байдалд анхаарал хандуулж, Японы хэрэгцээ шаардлагын дагуу шаардлага бүхий эмчилгээний хамгаалалтын эд материал хандивлаж, цаашид Японы талд шаардлага гарвал Хятадын тал үргэлжлүүлэн чадлын хирээр тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал холбогдох байгууллага болон мэргэжлийн байгууллагын түвшний хамтын ажиллагааг эрчимжүүлэн, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээний авран туслах, эм бэлдмэл вакцин судлах зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улсын олон нийтийн эрүүл хамгааллын хамтын ажиллагааг чангатгах ёстой гэжээ.
Тошимицү Мотэги: Шинэ төрлийн коронавирусний халдварын Хятадад учруулсан хүндрэл бэрхшээл, хохиролд Японы тал эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс бүх хүчээ дайчлан хамтын хүчин чармайлтаар халдварыг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Япон улс Хятадыг найрсаг хөрш болсны хувьд үргэлжлүүлэн хамтарч ажиллахыг хүсэж байна. Хятадын тал эмчилгээний эд материал хандивласанд Японы тал талархаж байгаа, Япон, Хятад улс нь дэлхийн эдйин засгийн чухал цогц болсны хувьд эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг хамтдаа хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ ба нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахыг дэмжих болно гэжээ. Тошимицү Мотэги Японы халдварын байдлыг танилцуулж, Японы олон бүсэд халдварын тохиолдол илэрч, хэсэг бүсэд бага хүрээ цартай халдварлаж, өргөн хүрээнд халдвар дэлгэрээгүй байна. Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд халдварыг таслан зогсоох нь хамгаас чухал юм. Японы засгийн газар хариу арга хэмжээ авах бодлого боловсруулан, арга бүхнийг сүвэгчлэн халдварын тархалтыг таслан зогсоох болно. Япон, Хятад хоёр тал мэдээллээ хуваалцаж, харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
