solongonews
Өсгийтэй гутал өмсөж сурсан миний туршлага
2015-12-28 18:21
Бага байхад өсгийтэй гутал өмссөн эгч нар нэг л гоё харагддаг байж билээ. Хурдхан шиг том болоод энэ гутлыг өмсөх юмсан гээд л. Том болоод өмсөөд үзсэн , амаргүй даваа гэдгийг ойлгосон юм. Бага байхын хүсдэг байсан зүйлээ яаж ийж байгаад аятайхан өмсөөд сурсандаа. Та бүхэнтэйгээ туршлагаасаа хуваалцъя.

Хамгийн эхлээд шалтгаанаа тодорхойлсон

Би зүгээр л эмэгтэй хүн бүр өмсдөг болохоор өмсөх үү? Үнэхээр хэрэгтэй болохоор өмсөх үү? гэж бодсон. Бага байхдаа эгчийнхээ гутлыг зөндөө л олон удаа хулгайгаар өмсөж байсан. Үнэхээр сайхан санагддаг. Нэг л өндөрт гарсан юм шиг , бүх зүйл миний доор байгаа юм шиг санагддаг. Өсгийтэй гутал өмсөхөөр цаанаа л нэг харц дээгүүр болдог. Бүх мах , өөх өргөгдөн цэгцтэй харагддаг. Би лав өсгийтэй гутал өмсчихөөд бөгтийж явж байгаа эмэгтэй хараагүй. Тэгэхээр өсгийтэй гутал хүнийг маш гайхалтай харагдуулдаг гэдгийг би мэдсэн юм.

Хамгийн эхний үе бол мэдээж худалдан авалт

Эхний шатан дээр юуг анхаарах ёстой вэ? гэхээр би хэдхэн жилийн өмнө олон өсгийтэй гуталтай болохын түүс байлаа. Олоныг авахын тулд хямдханыг авна гэсэн үг. Бусад зүйлс дээр зарим хямдхан зүйлс чанартай байдаг ч өсгийтэй гутал тийм биш юм байна лээ. Хямдхан байвал намхан ултай гутлан дээр хадаас зоосон гээд л ойлгоход болно. Аа харин чанартай зүйл бол таны хөлөнд ачаалал өгөхгүй байх , бүтэн улаараа гишгэж байгаа юм шиг мэдрэмж гээд л бүх зүйл нь таатай байдаг. Чанаргүй гутал хөл холгон , маш хурдан өвтгөнө , чийг татана гээд л олон сул талтай. Юуг хэлэхийг хүссэн бэ гэвэл өсгийтэй гутал ЗААВАЛ чанар сайтай байх ёстой. Хамгийн анх өмсөх гэж байгаа бол намхан ултай гутал хамгийн зөв сонголт. Миний бодлоор 15см өндөр өсгийтэй гутлыг Улаанбаатарын нөхцөлд удаан өмсөхөд хэцүү гэж боддог. Миний өсгийтүүдийн өсгийний хэмжээ 6-12см.

Туршилт 1 :

Хүмүүсийн зөвлөснөөр өсгийтөө аваад гэртээ өмсөж хөлөнд дасгаж үзлээ. Би хамгийн анх үргэлж ултай гутал авч байсан юм. Яагаад ч юм тулгууртай байх гэж бодсон хэрэг. Гэрийн шал бол овон товонгүй үнэхээр сайхан учир төвөггүй яваад байна шүү. Заа тэгээд л бараг л өндөр өсгийт дээр алхаад сурчихсан гэж бодоод л гэрээсээ гарлаа даа. Өө бурхан минь. Хэн ч надад "Улаанбаатар ийм аймшигтай замтай гэж хэлээгүй шүү дээ" гэж бодсоор л явсан юм. Хэдхэн км яваад л бараг мөлхөх нь холгүй гэртээ ирж байгаа юм даа.

Миний бодлоор миний хамгийн том алдаа бол үргэлж ултай гутал өмссөн юм байна лээ. Магадгүй бусад хүмүүсд амархан байх л даа. Надад бол хэцүү санагддаг. Учир нь би нэг дүгнэлт гаргасан юм л даа. Юу вэ гэхээр үргэлж ултай гутал өмссөн байхдаа чулуун дээр гишгэвэл тэр чигтээ хөлөнд мэдрэгдэнэ. Хэрвээ саланги өсгийтэй гутал өмссөн байж байхдаа чулуун дээр гишгэвэл өсгийгөөрөө эсвэл өлмийгөөрөө тулах боломжтой. Энэ бол миний хийсэн инээдтэй ч гэсэн надад хамгийн үнэн дүгнэлт. Тэр өдрөөс хойш гутал авахдаа үргэлж ултай гутал авахаа больсон юм даа. Хэхэ

Өндөр өсгийтэй гутлыг хэн зохиосныг би мэдэхгүй ч бүх эмэгтэй түүнд том өртэй гэж боддог /Marilyn Monroe/

Туршилт 2 :

Бас л хүмүүсийн зөвлөснөөр өсгийтэй гутал өмсөж гарахдаа намхан ултай гутал / балерина/ цүнхлээд гараарай. Хөлөө өвдөхөөр балеринагаа өмсөөрөй гэсэн үгийг даган гэрээс гарахдаа балеринагаа цүхлээд гардаг боллоо. Дөнгөж өсгийт өмсөж сурахад гоё л доо. Хөл өвдөхөөр л балеринагаа гаргаж ирээд өмсчихнө. Хөл гайгүй болохоор л өсгийтэй гутлаа өмсчихнө.

Гэхдээ энэ нь муу зан сургадаг юм байна лээ. Жижигхэн цүнхтэй гарахдаа балеринагаа торонд хийгээд барихаас залхуураад нэг өдөр балеринагүй явбаа , намхан ултай гутлаа ямар их санасан гээч...

Ерн бол дандаа авч явах хэрэггүй. Удаан гадуур явах ажилтай , машингүй явж байгаа тохиолдолд л хэрэгтэй зөвлөгөө. Дандаа намхан ултай гутал чирээд явбал өсгийтэй гутал өмсөж сурах гэдэг бол үлгэрийн далай шиг санагдсан.

Туршилт 3 :

Үргэлж ултай гутал өмсөхгүй юм чинь саланги өсгийтэй арай намхан гутал авъя гэж шийдээд хайж хайж авсан юм. Мэдээж эхний өдөр бол хөл чилж байсан. Гэхдээ өсгийтэй гутал удаан өмсөөд байхаар өлмийний арьс ширүүн болдог юм байна лээ. Тэр нь улам ширүүн болох юм бол өвдөхөө больдог юм болов уу гэсэн хар аргаар дүгнэлт гаргасан. Энэхүү туршилт маань маш амжилттай хэрэгжсэн шүү.

Эхлээд бүдүүн өсгийтэй 6см өндөртэй гутал аваад л , удаан өмссөн ч өвдөхөөргүй болоод ирэхээр нь өсгийг нь арай нарийхан болгоод л , өсгийг нь бага багаар нэмээд байхаар л өмсөөд сурчихдаг юм байна лээ. Удаан хугацаа шаардлагатай санагдсан.

Хэдхэн өдөр гэртээ өмсөж байгаад 100% гайхалтай алхаж чаддаг болно гэж худлаа.

Өсгийтэй гутал өмссөнөөр гарсан өөртлөлтүүд :

1. Цэх явдаг болсон

2. Шилбэ өгзөгний булчин сайжирсан. Миний шилбэ их бүдүүн байсан л даа. Өсгийтэй гутал өмсөөд байхаар шилбэний булчин ажиллаад нарийсдаг юм байна лээ.

3. Юмаа хаясан юм шиг газар ширтэж явахаа больсон

Хамгийн том 3 жишээ энэ байна.

Хэцүү санагдсан байсан ч хамаагүй өмсөөд байхаар сурдаг юм байна лээ. Хамгийн гол нь чанартай , өөрийн хөлд эвтэйхэн байгаа стилийн гутлыг сонгох хэрэгтэй шүү.

" Сайхан гутал сайхан газар хүргэж өгдөг. "

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл