
Жил бүр зохион байгуулагддаг БНХАУ-ын хоёр чуулганы XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 03-р сарын 05-ны өдөр нээлтээ хийсэн бол УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган 03-р сарын 03-ны өдөр нээлтээ хийсэн. Энэ жилийн Хоёр чуулганы “Коридор”-ын хэвлэл мэдээллийн уулзалт нь олон нийтийн анхаарлын төв болоод байна.
“Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн коридор нь “Сайдын коридор”, “Гишүүдийн коридор”, “Төлөөлөгчдийн коридор”-оос бүрэлдэх бөгөөд “Сайдын коридор” нь 2016 онд анх удаагаа нээгдсэн юм. Энэхүү коридорыг нээснээр сэтгүүлчид ярилцлага авахад төвөгтэй байдаг асуудлыг шийдэж чадсан юм. Хоёр чуулганы дуу хоолойг иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байлгах зорилготой нээгдсэн энэхүү хэвлэлийн уулзалтын гурван коридор нь Хятадын нээлттэй дүр төрх, хурлын дэг журмыг харуулан, эв нэгдлийн уур амьсгалыг бий болгосноороо хоёр чуулганы чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон билээ.

УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Ляньтун судалгааны хүрээлэнгийн захирал Жан Юньюн хэлэхдээ: - Энэ оны сүүлийн хагаст 5G гар утас зах зээлд гарч, ирэх онд их хэмжээгээр зарагдана. Тэр үед та бүхэн 5G технологийн гайхамшгийг мэдрэх болно. 5G гар утсыг харахад 4G-тэй ялгаагүй боловч 1G-гийн багтаамжтай киног татахад ердөө гурван секунд хэрэгсэнэ. 5G хурдтай бөгөөд ухаалаг, 5G та бидний ажилд тус хүргэн, нийгмийг өөрчлөх болно гэжээ.
УТЗЗ-ний БХХ-ны гишүүн, Хятад улсын сарыг тандах төслийн ерөнхий инженер Ү Вэйрэнь: - Сарыг тандах Хятад улсын төсөл амжилттай хэрэгжиж байгаа, сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн судалгааны тоо баримтыг Хятад улс төдийгүй дэлхий дахинд нээлттэй болгоно. Энэ оны сүүлээр Хятад улс Чан Э-5-ыг хөөргөж, сарны гадаргаас дээж авч буцахаар төлөвлөж байгаа юм. Хятад улс ийнхүү АНУ, ОХУ-ын дараа сарны гадаргаас дээж авч эх орондоо аваачих гурав дахь улс болох магадлалтай байна. Ирэх онд Хятад улс Ангараг гарагийг тандах аппарат хөөргөж, тус гарагийг тойрох, гараг дээр газардаж, тандан судалгаа хийнэ гэжээ.
Хятадын Олон улсын хамтын ажиллагааны үндэсний газрын дарга Ван Шяотао: - Өнгөрсөн жил Олон улсын хамтын ажиллагааны үндэсний газар байгуулагдсанаас хойш олон улсын солилцоо, хамтын ажиллагааг зөв үзэл суртлаар хийж, хөгжиж буй орнуудад боломжийн хэрээр тусламж үзүүлсээр ирсэн учир олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна. Хөгжиж буй орны хувьд бүс нутаг болон хот хөдөөгийн хөгжил тэнцвэргүй, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүрэг Хятад улсад тулгамдаж байна. Хятад улс гадаадад тусламж үзүүлэхдээ чадлын хэрээр аль болох биелүүлэх зарчмыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд гадаадад үзүүлэх тусламжийн мөнгийг зохистой зохицуулах талыг баталгаажуулна гэжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфэн: - Хятад улс, гадаадаас хог хаягдлыг нууцаар импортлох үйл ажиллагаанд цохилт өгч, хатуу хог хаягдлыг импортлоход тавих хяналтаа эрчимжүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн жил гадаадаас хог хаягдал нууцаар хил давуулах ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээ авснаа энэ жил үргэлжлүүлнэ гэжээ.
