solongonews
Байхгүй юмаа авъя гэвэл хэзээ ч хийгээгүй зүйлээ хий
2015-12-28 18:21
“Бид хүсч байгаа зүйлээ энэ хорвоод харахын тулд өөрсдийгөө өөрчлөх ёстой” Махатма Ганди
Алив юмыг амлах, шийдэх, санаачлах сайхан. Гэвч зүрхний гүнээс гараагүй амлалт шийдвэр богинохон настай, хэврэгхэн шаазан л гэсэн үг. Тиймээс юм л бол амлаад л, юм юмыг шийдэх гэж хуурай загнаад байх юу л бол... Бүсгүйчүүд бид гэр орноо, хань ижлээ, үр хүүхдээ сайн сайхан байгаасай гэж, хэрвээ сэтгэлд нийцэхгүй зүйл байдаг бол тэгшлэн өнгөлөхсөн гэж эрхгүй хүсдэг. 
Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л тэр шүү дээ. Гэсэн ч та бид өөрчлөлтийг бусдаас л эхлүүлэх гэж тулгаад, эцэстээ тэр нь бүтэлгүйтэж нурахад тэр бодолтойгоо цуг сөгдөх нь бий. 
 
“Залуу насандаа би энэ дэлхийг өөрчлөх гэж хүсдэг байлаа. Дэлхий ертөнц тийм ч хялбар өөрчлөгдөхгүйг мэдээд эх орноо өөрчлөхсөн гэж мэрийлээ. Гэсэн ч болсонгүй. Тэгээд би гэр бүлээ өөрчлөхөөр шийдсэн юм. Бас л санаан зоргоор бүтсэнгүй. Одоо өтөл насанд дарагдаж хэвтэрт хэвтэж байхдаа би өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй байсныг сая л ухаарч байна”. Ийм нэг сургамжтай үг бий. Бүсгүй хүн өөрчлөлтийг өөрөөсөө хайна гэдэг үсний засалт, имиж төдий юм биш. Одоо байгаа цаг үеэ бодитоор харахыг хэлж байгаа хэрэг. 
Ихэнх бүсгүйчүүд сэтгэлдээ яльгүй ч гэхнээ харамсал, гэмшил тээж урсгалаар амьдардаг. Залуу насанд амжуулаагүй зүйлдээ, алдсан эндсэн алхамдаа битгий гутар. Хоёр жилийн дараа байраа засаж сайхан тохижуулна гэж зорьсон бол хаа байсан юм, яана даа гэж тэр мөчийг урьдчилан бодолгүй өнөөдрийн амьдрал хэмээх аялалдаа л санаа тавь. 
 
Сар бүр хуримтлал цааш нь хий. Ягштал мөрдөж чадваас 2 жилийн хуримтлалаараа та байраа гайхалтай өөрчилж чадах л болно. Өөрийгөө үргэлж торд. Илүүдэл жинтэй бол, хайш яаш хувцасладаг бол... үүндээ дүгнэлт хийж өөрийгөө хайрлаж хүндэл. Өөрийгөө хүндлээгүй цагт бусдыг хүндлэх гэдэг худлаа, бусдаар хүндлүүлэх бүр ч худлаа. Чадварлаг үсчин сонгож 10 насаар залуужихын гайхамшгийг мэдэр. Амьдралын саарал өдрүүд урам зоригоор бадраад л явчихна. Заримдаа өөрийн алдаа дутагдлыг хэрэгсэхгүй орхиж сур. Асуудал болгоныг өөрийн буруу мэт хүлээгээд байвал хөгшрөхөөс өөр юу ч авчрахгүй. 
 
За, тэгээд  амьдралд үргэлж таларх. Талархалтай хүнийг амьдрал гэнэтийн бэлгээр шагнах дуртай. Бодлоо зөв үйлдэл, үйлдлээ эерэг зуршил, зуршлаа сайн дадал болгож чадсан таныг гэрийнхэн тань олж хараад аандаа бас даган өөрчлөгдөх нь гарцаагүй. Учир нь нарны гэрэл зугуухан мандсаар ертөнцийг нэлэнхүйд нь гийгүүлж чаддаг билээ л...
 
ГЭГЭЭ   
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл