solongonews
Бао Чинсун: Бариачийн мэргэжлээ бум түмэн хүн ардад түгээн дэлгэрүүлнэ
2017-08-02 17:30
Боржигин овогтын яс барих ухааныг уламжилж яваа Бао Чинсунтай хийсэн ярилцлага

- Tа бидэнд өөрийгөө товч танилцуулна уу.

- Өвөр Монголын Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Хойд хошууны Жаргалан суурингийн хүн. 1971 онд мэндэлсэн. Боржигин овогт яс бариачийн гэрт төрж өссөний хувьд дээдэс монголчуудынхаа яс барих мэргэжлийг сурч нягталж, илүү олон хүнд ашиг хүртээхээр бодож, зүтгэж явна .

- Өвөр Монголд Боржигин овогт яс бариачийг олон хүн мэддэг. Харин Монгол Улсад сайн мэдэхгүй байх. Энэ тухай тайлбар өгнө үү?

- Хүмүүсийн мэдэж байгаагаар манай Хорчин Зүүн Гаран Хойд хошуу нутгаас үе уламжилсан нэртэй яс бариач олон гарсан. Гэхдээ тэдний угсаа гарлыг нь хөөцөлдвөл дээшээ Наран Авай удган гэх нэг л хүнд дээр очиж нэгддэг. Наран Авай 1790 онд баруун гарын алгандаа улаан мэнгэтэй мэндэлсэн. Монголжин хошууны (Одоо Ляонин мужийн харьяанд байгаа) гэгээн сүмийн дөрөвдүгээр дүрийн хөтөч гэгээний яс нь бэртсэнийг барьж эдгэрүүлсэн зэрэг олон домог уламжлал яриа бий. Одоог хүртэл манай нутагт сүм онгон нь байсаар байгаа. Хүмүүс “Буман цагаан Тайтай” хэмээн хүндэтгэн тахидаг. Сүрхий бариач хүн гэсэн үг л дээ. Ордос нутагтай энэ хүн Хорчин нутагт хүрээд Бао буюу Боржигин овогтой Тэнгэрлэг гэх хүнтэй гэрлэн амьдарч Бао Дармаа хэмээх хөвгүүнтэй болжээ. Бао Дармаа Бао Маань, Бао Мэс, Бао Бинд гэх гурван хөвгүүнтэй болжээ. Бинд бөөгийн хөвгүүн Уул, Уулын хөвгүүн Эрдэнэтогтох, Эрдэнэтогтохын ууган хөвгүүн нь би. Яг зургаадугаар үе нь байгаа юм. Бид үеийн үеэрээ яс бариач. Би Бао Сымэй, Бао Чинмэй, Бао Манд гэх хоёр охин дүү, нэг эрэгтэй дүүтэй, бүгд бариач.

- Та сая зургаадугаар үеийн дээдэс Наран Авайгаа Ордос нутагтай гэж ярьсан нь их сонирхолтой санагдлаа?

Наран Авайг Ордос нутагтай гэж сүүлийн үед зарим хүн судалж байна. Наран Авай арван настайдаа Ховогт бөөгийн хойч болох Хувьдалайд шавь орсон гэдэг. 1678 онд Алтан хан Цавчал сүмд бурхан шашныг төрийн шашин болгон зарлаж,  Монгол орны баруун өмнөөс эхлэн шашин дэлгэрүүлэхэд бурхны шашин болон бөөгийн шашны дунд ширүүн тэмцээн болж, бөө нар зүүн хойшоо Хорчин нутагт ухарчээ. Арван зургаатай Наран Авай багшийнхаа хойноос эрэлд мордож Хорчин нутагт хүрсэн байдаг.

Тэгээд бид Рэньбо эмнэлэгтэй хамтарч Боржигин овогтын яс бариачийн эмнэлэг гэж Ордосын Хиа багш дүүрэгт байгуулсан. Наран Авайн уг нутгийн олон түмэнд хишиг буяныг нь дэлгэрүүлж байгаа санаатай.

- Таныг анагаах ухааны мэргэжил сурсан гэж сонссон. Мэргэжлийн үүднээс та Боржигин бариач буюу монголчуудын яс барих мэргэжлийг хэрхэн үздэг вэ?

Би 1989-1994 он болтол Өвөр Монголын Монгол эмнэлгийн дээд сургуулийг төгссөний дараа аавыгаа дагаж ажиллаж байснаа дахин 2000-2008 онд Япон улсын Зүүн Хойдын их сургуулийн анагаах ухааны салбарт яс, үе булчин, судас шөрмөсний гэмтлийг эдгээх тухай суралцаж магистр, доктор цол хамгаалсан. Учир иймээс монголчуудын уламжлалт эмнэлэг, орчин үеийн европ эмнэлгийн ясны салбар, улсын дотоод гадаад дахь яс барих үндсэн арга барилыг ерөнхийд нь ойлгодог гэж хэлж болно. Хорчины Наран Авайн хойч болох Боржигин яс бариачдын түүх 200 гаруй жил болж байна. Харин монголчууд яс барих мэргэжлийг эзэмшээд тийм олон жил болж байна гэсэн үг биш. Монголчуудын уламжлалт яс барих мэргэжил Хорчины Боржигин яс бариачдын биед илүү үлдэж хоцорсон гэж ойлгох нь зөв. Манай монголчуудын уламжлалт яс барих мэргэжил нь хугарч бэртсэнийг угийн хэвд нь оруулаад гаднаас нь хавчин тогтоож, хүний биеийн өөрийгөө эдгээх чадварт түшиглэж, мэс хөдөлгөхгүй анагаан эдгээдэг хамгийн байгалиараа эмчилгээ засал юм. Харин Европ эмнэлэгт бол мэс засал хийж хугарсан ясан дээр нь ган төмөр тавьж хадаж тогтоох бөгөөд эдгэрсэн хойно дахин ган төмрөө сугалж авах нь өвчтөнийг дахин дахин шархлуулдаг.

- Боржигин яс бариачийн гэрт төрж өсөн залгамжлагчийн хувьд танай гэрийн нууц эмчилгээ байдаг уу?

- Боржигин яс бариачийнхан эхэндээ яс барих мэргэжлээ гаднын хүнд заахгүй, тэрчлэн охиндоо ч сургадаггүй байсан. Гэвч хожим нь энэхүү уламжлал нь аажимдаа суларч охин үр, хүргэн хүү, тэрчлэн угсаа төрлийн бус гаднын хүнд ч эрдэм мэдлэгээ уламжилдаг болжээ. Ялангуяа шинэ Хятад улс байгуулагдсаны дараа албаны эмнэлгийн газарт Боржигин яс бариачид эмчээр залагдаж ажиллаад шавь хүмүүжүүлж энэхүү уламжлал бүрмөсөн устсан. Одоо маш олон Бао овогтой боловч Наран Авайн угсааны биш яс бариач байдаг нь ийм учиртай. Бидний яс барих арга мэргэжлийн тухай олон ном өгүүлэл бичигдсэн. Би ч нэлээд өгүүлэл бичсэн байгаа. Надад нуух зүйл гэж байхгүй. Надаас Монгол Улсын Ариунаа гэх хүн ирж заалгахад бүгдийг нуултгүй ярьж өгсөн. Бид бас сургууль байгуулж сурагч элсүүлэх гэж байна. Өвөр Монголын Их Сургуулийн Ордос дээд сургуультай хамтарч “Боржигин овогтын яс барих мэргэжлийн сургууль” байгуулаад энэ оны намраас сурагч элсүүлэхээр мэдэгдэл гаргаад байгаагаа ч энэ дашрамд мэдэгдэж байна.

Гэвч аливаа арга онолыг хэчнээн ярьсан ч бодитойгоор эв зүй, арга дэм, туршлага их шаардагдана. Жишээлбэл, хурууныхаа нүдээр тэмтэрч, сэтгэлийнхээ цонхоор нэвт харан оношилдог байсан энэхүү суурь ажлыг одоогийн цагт BR гэх автомат төхөөрөмжөөр орлуулж болсон ч хугарч мултарсан үе гишүүг жийлгэж байгаад юм уу нугалж байгаад, эсвэл түлхэж байгаад юм уу татаж, эсвэл бүр мушгиж байж угийн хэвд нь оруулах, урагдаж гэмтсэн булчин мах, шөрмөс судсыг нь нухлах, шувтрах, илж цусыг нь гүйлгэхийг харин автомат төхөөрөмж хэзээ ч орлож чадахгүй. Бариачийн мэргэжил энд л зөрнө. Тэгээд нэг л удаа барьж хэдхэн хоногт эдгээж болохыг 7 хоног, арван хэд хоног хонуулж, 15 хоног, 21 хоногт эдгээж болохыг нэг сар, дөч хоног үргэлжилж хэтэрхий удаан барьж байна. Зарим нь бүр монгол эмнэлгийн уламжлалт ясны салбар, Боржигин овогтын яс барих эмнэлэг гэж нэрлээд мэс засал хийх, эсвэл илж нухлаад, наалт эм хэрэглээд л аргацааж байгааг хараад жинхэнэ Боржигин яс бариачийн хувьд их санаа зовдог. Энэ бүхнээс үүдэн олон газраар эмнэлэг байгуулаад байгаа нь ийм учиртай юм.

- Сайхан мэдээ дамжуулсанд баярлалаа. Ордосоос бусад Боржигин бариачийн эмнэлэг өөр ямар ямар газруудад байгаа вэ?

- Тунляо хотод нэг эмнэлэг бий. Тэнд миний аав, охин дүү ажилладаг. Ляонин мужийн Фүшин монгол үндэстний өөртөө засах жөүд бас нэг эмнэлэг бий. Би уг нь Фүшинд ажиллаж байсан. Сүүлийн үед Хөххотод Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат эмнэлгийн баруун талд байрлах “Хуйрэнь эмнэлэг”-тэй хамтарч мөн Боржигин ясны салбар гаргасан. Бээжин хотодод ч эмнэлэг байгуулаад байна. Одоо би энэ дөрвөн эмнэлгийн хооронд гуйж байгаа. Миний дүү нар ч хамжиж тусалдаг.

- Саяхан Бао Жиньшань хэмээх алдарт бариач “Төрийн оточ” цол хүртсэн. Хөххотод уг нь Ринченжугнайн байгуулсан Боржигин овогт яс бариачийн эмнэлэг гэж бас байсан. Эдгээр Бао буюу Боржигин овогтой хүмүүстэй та төрөл садныхолбоотой юу?

- Бао Жиньшань нь миний элэнц болох Бао Биндийн хоёрдугаар ах Бао Мэсийн өргөмөл хөвгүүн, үрчилж авах үед 16 настай байсан. Ү Жиньшань гэх нэртэй байсан гэлцдэг. Бао Жиньшань “Төрийн оточ” цол хүртээд манай монголчуудын уламжлалт яс барих мэргэжлийг төрийн зэрэглэл, түмний сонорт хүргэж байна. Түүний эмчилж эдгээсэн хүний тоо 300 мянгад хүрч байгаа гэж тооцоолж байна. Хөххотод Боржигин овогт бариачийн эмнэлэгтэй байсан талийгаач Ринченжугнай нь Боржигин овогтой шууд цус махны харьцаа байхгүй. Дүүгийнх нь яс бэртээд Мэс бөөгийнд хүргэж яс бариулах хугацаанд нь нэг удаа уулзахдаа онгод бууж эрдмийг нь сурсан гэж “Тэнгэрийн увдис” романы өмнөтгөлд бичсэн байдаг. Үүндээ ихэд баярлаж амьд сэрүүн байхдаа жил бүрийн ханшны өдөр манай дээдсийн сүм онгонд хүрч тахидаг байсан. Намайг Японоос ирсэн 2008 оны тэр жил дуудаж эмнэлгээ надад тушааж өгөх гэж байсан. Тэр үед би Тунляо хотод өөрийн эмнэлэгтэй байснаас хүлээж аваагүй. Гурван сарын дараа харин гэнэт нас барсан. Өвчтэй байгааг нь мэдсэн бол тэр дор нь хүлээж авах байсан. Ринченжугнай Боржигин овогт бариачийн эмнэлгийг хамгийн анх 1989 онд Хөххотод байгуулсан. Ямар ч анагаах ухааны мэргэжил сураагүй. Өвөр Монголын Их Сургуулийн Монгол хэлний ангид багшилж байсан хүнд эмнэлэг байгуулах зөвшөөрлийн бичиг баримт олгоно гэдэг албаны талын байгууллагын хувьд хэцүү байсан нь гарцаагүй. Гарт баригдаж нүдэнд үзэгдэх “Ид шид” байгаагүй бол хэрхэн зөвшөөрөл өгч чадах билээ.

- Танай Боржигин яс бариачдын эмнэлэг ясны бэртлийг анагаан эмчлэхээс гадна өөр ямар эмчилгээ хийдэг вэ?  

Яс хугарч үе мултрахыг анагаан засах төдийгүй, тархи доргих, хүзүү, нуруу, өвдөг өвдөх, үе гишүү буюу мөгөөрс ургах зэргийг эмчилдэг .

- Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье .

Та бүхэнд баярлалаа, амжилт хүсье.

Найруулагч: Ё.Хишигбаяр, Д.Мөчир
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл