Хятадын Засгийн газраас Пакистанд туслалцаа үзүүлсэн “COVID-19” вакцины хоёр дахь ээлжийг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 17-ны өдөр Пакистаны нийслэл Исламабад хотын ойролцоох Нур Хан агаарын цэргийн баазад болов. Ёслолд Пакистаны үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ хариуцсан Ерөнхий сайдын тусгай туслах Файсал Судан, Пакистанд суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн, Худалдааны зөвлөх Ше Гүөшян нар оролцов.
Судан Пакистан улсад “COVID-19”-ийн вакцины туслалцаа үзүүлсэн Хятадын Засгийн газарт талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ “Хятадын вакцины шинэ ээлж ирсэн нь Пакистан вакцинжуулалтыг эмх цэгцтэй үргэлжлүүлэн хийхэд маш чухал шаардлагатай юм. Энэ бол хоёр орны гүн гүнзгий найрамдлын бас нэг жишээ юм. Хятадын вакцины аюулгүй байдал, үр нөлөө маш сайн, ялангуяа хүнд хэлбэрийн “COVID-19”-ийн эсрэг хамгаалалтын үр дүнгийн хувьд маш сайн байдаг” гэжээ.
Ше Гүөшян хүлээлгэн өгөх ёслолын үеэр хэлэхдээ “02-р сарын 01-ний өдөр Хятадын Засгийн газрын гадаад тусламжийн “COVID-19” вакцины эхний ээлж Пакистанд ирж, Пакистан вакцинжуулалтын ажил эхлүүлэхэд нь тусалсан. Энэ нь хоёр орны найрамдлын тод жишээ юм. Хятадын вакцины шинэ ээлж орж ирсэн нь Пакистаны вакцинжуулалт, тахлын эсрэг ажилд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.
Энэ оны 02-р сард Пакистан Хятадын Засгийн газар болон армийн өгсөн “COVID-19”-ийн вакциныг дараалан авсан. Пакистан Хятадын Засгийн газрын “COVID-19” вакцины гадаад тусламжийн анхны хүлээн авагч улс бөгөөд Пакистаны арми нь Хятадын армийн “COVID-19”-ийн вакцинаас тусламж авсан анхны гадаад арми юм.
Хятадын Засгийн газрын тусламжтай “COVID-19”-ийн вакциныг хүлээн авсны дараа Пакистан тэр даруйдаа улсын хэмжээнд вакцинжуулалтыг эхлүүлжээ. Вакцинжуулалтын эхний ээлжид нь тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан юм. Гуравдугаар сарын 10-нд Пакистан улс 60 ба түүнээс дээш насны иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.
