
“Өвөр Монгол · 70 жил” Хятад улсын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан хамгийн анхны өртөө болох Хөххотын Хорингэр шяньд байрлах “Монгол өвс” компаниар буулаа. Энэхүү компани нь ургамлын болон хөрсний талаарх судалгаа явуулах, лабораторид туршилт явуулан олж тогтоох, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан тарьж ургуулах, цөлжилтийг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна.
“Монгол өвс” компани нь одоогоор 1800 төрлийн хээр талын өвс ургамал болон хэдэн зуун мянган хөрсний сан хөмрөгтэйгээрээ Хятад улсын хэмжээнд хамгийн баялаг сан хөмрөгтэйд тооцогддог ажээ. Энэхүү 1800 төрлийн өвс ургамлын дотор Монгол Улсад ургадаг өвс ургамлыг авч импортлон оруулж ирсэн өвс ургамал хэсэг хувийг эзэлдэг ажээ.

Өвөр Монголын газар нутгийн хөрсний байдлыг нь судалсны үндсэн дээр аль газар нутагт ямар төрлийн өвс ургамал ургадаг болохыг лабораторид судлан тооцоолж байгаа болон жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг ургамал, цельсийн -4 хэмд хадгалагдаж байгаа ургамлын үр, хэдэн зуун мянган хөрсний сан хөмрөг нь манай багийнханд сонирхолтой төдийгүй анхаарлыг нь ихэд татаж байсан юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хужирсан газар, уул уурхай аж үйлдвэрийн нөлөөнөөс болж эвдэгдсэн газрыг сэргээн засварлах болон хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг бий болгох, малын бэлчээрийг өргөтгөх, өвс ургамлын төрөл зүйлийг хамгаалах зорилгоор “Монгол өвс” компани ажиллаж байна.



