solongonews
Гаднынхны нүдэн дэх үйлчилгээний үзэсгэлэн нээлттэй, шинэлэг, ногоон
2022-09-07 15:57
Гаднынхны нүдэн дэх үйлчилгээний үзэсгэлэн нээлттэй, шинэлэг, ногоон

   2022 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг (CIFTIS) 09 дүгээр сарын 05-нд хаалтаа хийлээ. Энэхүү үйлчилгээний үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо, олон улсын түвшинд хүрсэн байдал, гүйлгээний цар хүрээ, зочдын тоо зэрэг нь өмнөх түвшнээс давжээ. Нээлттэй, шинэлэг, ногоон үйлчилгээний худалдаа нь дэлхийн үйлчилгээний худалдааны хөгжилд илүү их хувь нэмэр оруулна хэмээн үзэсгэлэнд оролцсон гаднын төлөөлөгчид Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

   Үйлчилгээний худалдааны яармаг нь Хятадын дээд түвшний нээлтийн бичил ертөнцийн хувьд дэлхийн үйлчилгээний худалдааны мэргэжилтнүүд хоорондоо харилцах, шинэ түншүүдтэй болох чухал талбар болж байна. Худалдааны яамны тоо баримтаас үзвэл 2012 оноос хойш Хятадын үйлчилгээний худалдааны импорт, экспортын хурдацтай өсөлтийн хурдыг хадгалж, жилийн дундаж өсөлт 6.1 хувьд хүрч, дэлхийн өсөлтийн хурдаас 3.1 нэгжээр ахиж, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ нэмэгджээ. Хэмжээ нь найман жил дараалан дэлхийд 2-рт бичигдэж байна.

   Энэ жил нийт 71 улс орон, олон улсын байгууллага улс орныхоо нэрээр буюу төв байрныхаа нэрээр үзэсгэлэн гаргасан нь өмнөх хуралдаанаас 13-аар нэмэгджээ. Эдгээрээс Арабын Нэгдсэн Эмират, Швейцар, Итали, Австрали зэрэг 10 гаруй улс анх удаа улс орныхоо нэр дээр үзэсгэлэн гаргажээ.

   Филиппин улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Аялал жуулчлалын зөвлөх Эрвин Фернандез Баране хэлэхдээ, Филиппин тус үзэсгэлэнд гурван жил дараалан оролцож байгаа бөгөөд CIFTIS нь Филиппиний аялал жуулчлал, бүтээгдэхүүн, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг харуулах, мөн хүчирхэгжүүлэх сайхан тавцан юм. Мөн улс орнуудын найрамдал, харилцаа, хамтын ажиллагаа нь боломжуудыг олгодог.

    Австралиас Хятадад суугаа ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Эндрю Картер хэлэхдээ, Хятад улс бол Австралийн худалдааны чухал түнш, Австралийн олон компани Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр нэлээд амжилттай ажиллаж байгаа бөгөөд Австралийн компаниуд Хятадад анхаарлаа хандуулсаар байх болно.

    Үйлчилгээний үзэсгэлэнгийн үеэр нийтэлсэн "Дижитал худалдааны хөгжил, хамтын ажиллагааны тайлан" нь Хятадын дижитал худалдаа эрчимтэй хөгжиж, цар хүрээ, өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж байгааг харуулж байна. 2021 онд Хятадын дижитал үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 359 тэрбум 690 сая ам долларт хүрч, 22.3 хувиар нэмэгдэж, үйлчилгээний импорт экспортын 43.2 хувийг эзэлжээ.

   Хятадад эрчимтэй хөгжиж буй дижитал худалдааны ард дижитал эдийн засгийн хурдацтай өсөлт бий. Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академиас гаргасан тайланд дурдсанаар 2021 онд Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ 45.5 их наяд юаньд хүрч, нэрлэсэн өсөлт нь 16.2 хувьд хүрч, ДНБ-ий 39.8 хувийг эзэлж байна.

   Хятад дахь Аргентины ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Лукас Кандиа дижитал эдийн засаг маш чухал гэж үзэж байна. Тэрээр “Цар тахлын үед бид дижиталжсан аж үйлдвэрүүд илүү их байх тусам эрсдэлийг эсэргүүцэх чадвар илүү хүчтэй болохыг харж болно” гэлээ.

   Италийн гадаад худалдааны комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Жиампаоло Бруно хэлэхдээ “Дижитал эдийн засаг бол шинэ чиг хандлага бөгөөд Хятад улс энэ талаар технологийн тэргүүн эгнээнд явж байна. Хятадын талтай түншийн харилцаа тогтоож, Итали, Хятадын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Италийн тал хүсэж байна” гэв.

    Энэ жилийн CIFTIS нь "Үйлчилгээний хамтын ажиллагаа хөгжлийг дэмжинэ, ногоон инновац ирээдүйтэй уулзана" уриан дор экологийн байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүч хэмнэх технологи, хэрэглээг цогцоор нь харуулах зорилгоор 16700 ам метр талбай бүхий байгаль орчны үйлчилгээний тусгай үзэсгэлэнг шинээр зохион байгуулжээ.

   Баране хэлэхдээ “Ногоон инновац бол энэ жилийн үйлчилгээний худалдааны яармагийн чухал сэдэв юм. Одоо хүн бүр манай гарагийг хамгаалахын тулд техник технологийг илүү ухамсартайгаар ашиглаж эхэлж байгаа тул Хятад улс ийм үйлчилгээний яармаг зохион байгуулах цаг болжээ” гэв.

   Хятадад суугаа Ирландын ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Жозеф Китин  хэлэхдээ “Хүмүүс нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтын төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй бөгөөд Үйлчилгээний худалдааны яармагийн "ногоон" сэдвийг хэвээр хадгална гэдэгт найдаж байна” гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл