
Эрхэм хүндэт ноёд, хатагтай, зочид төлөөлөгч нараа!
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагаа” сэдэвт ээлжит Чуулга уулзалтын “Хятад, Монгол, Орос улсын худалдаа аж үйлдвэрийн салбарынхны дээд хэмжээний уулзалт”дээр та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх талаар холбогдох арга хэмжээг ихээр авч байгаа билээ. Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдааны үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж байна. Тухайлбал, 2015 оны 7 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот, 8 дугаар сард Эрээн хотноо, 10 дугаар сард Хөххотноо МҮХАҮТ Хятадын талтай хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгүүд маш амжилттай болж өндөрлөсөн. Эдгээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах нь хоёр хөрштэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болж өгдөг. Учир нь эдгээр үзэсгэлэн үйлдвэрлэл, инженерийн бүтээгдэхүүн, цахилгаан, өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, барилга гэх зэрэг олон салбаруудыг хамарсан байдаг. Үзэсгэлэн зохион байгуулагдах үеэр мөн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцээрүүд байнга хийгдэж ирсэн.
Монгол Улс болон БНХАУ хоорондын худалдааны нийт хэмжээний 90.9% нь Эрээн боомтоор дамжин өнгөрдөг юм. 4600 км гаруй үргэлжлэх Монгол-Хятад улсын хил дээр 10 шалган нэвтрүүлэх цэг байрладаг ба бүгдээрээ Өвөр Монголын бүс нутагт байрладаг. Тийм учраас Өвөр Монгол нь хоёр орны хоорондын ачаа урсгалын гол коридор болж байна.
Монголын тал ч гэсэн төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Замын-Үүд, Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хил дамнасан логистик, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Статистик мэдээгээр, өнгөрсөн жил Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол Улстай хийсэн экспорт, импортын хэмжээ 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёр орны хоорондын гадаад худалдааны нийт хэмжээний 43 хувийг Өвөр Монгол орон эзэлж байна.
Хятадын талын үзэж байгаагаар Өвөр Монгол нь хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр, худалдааны дэг журмыг хангах, амьтан ургамалд хорио цээр тавих, санхүүгийн тооцоо, зам тээвэр, дэд бүтцийн барилга байгууламж, хил гаалиар дамжин өнгөрөх зэрэг чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааны механизмаа сайжруулахад бэлэн байна. Өвөр Монгол нь үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын салбар болон хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх давуу талтай. Монгол Улсын хувьд ашигт малтмалаа олборлоно гэж төлөвлөж байгаа, харин Өвөр Монголчууд уул уурхайн дэвшилтэт технологи ихтэй, арвин туршлагатай учраас байгалийн нөөцийг ашиглахад манай хоёр улс харилцан бие биенээ нөхөх боломжтой.
Эдийн засгийн коридорыг үүсгэх гол зорилго нь худалдааны эргэлтийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хил дамнасан тээвэрлэлтийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг бөгөөд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлснээр ОХУ, БНХАУ, Монгол Улсын хооронд гурван талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нөхцөлийг бий болгох юм. Эдийн засгийн коридорын хэтийн төлөв нь хамтын, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийг бий болгох, дэлхийн зах зээл дээр хамтарсан өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зэрэг юм. Талууд эдийн засгийн коридорыг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтын тогтвортой хөгжлийг бий болгон, эдийн засгийн бодлогыг зохицуулж хүмүүнлэгийн харилцаа холбоог бэхжүүлнэ хэмээн үзэж байна. Хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Талууд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг идэвхтэй ашиглах боломжтой болно.
ОХУ, Монгол Улсын хооронд дараах зураглал харагдаж байна. Нутаг дэвсгэрийн хүн ам, дэд бүтцийн хөгжил, банк болон нийгмийн үйлчилгээний тал дээр ОХУ, Монгол улс нь хоорондоо маш их ялгаатай байна. Тийм ч учраас хил дамнасан харилцаа нь манай хоёр улсын гадаад бодлогын нэгээхэн чухал хэсэг юм.
Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин өнөөг хүртэл бага хэвээр байна. Монгол Улсын статистик мэдээгээр 2014 онд эрчим хүчний үнэ харьцангуй өндөр байсан үед манай хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээ 1.6 тэрбум ам.долларт хүрсэн. 2015 онд эрчим хүчний үнэ буурахад энэхүү тоо нь 1 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хоёр талын худалдааны хэмжээнээс тав дахин бага байна. Худалдааны эргэлтийн 70 орчим хувийг бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагаа эзэлж байна. Эрхүү муж, Буриад, Тува, Өвөрбайгалийн хязгаар нутаг, Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Баян-Өлгий аймгууд нь хил дамнасан харилцааны идэвхтэй оролцогчид юм.
Соловьевск-Чойбалсан чиглэлийн галт тэрэг Тамсагийг дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аршаанттай холбогдсоноор хилийн бүс нутаг, аймаг, сумын эдийн засгийн хөгжил, аялал жуулчлал, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Чойбалсан хотоор Орос руу дамжин өнгөрөх, тэр тусмаа Өвөрбайгалийн хязгаар нутгийг Хятадын хиллэх аймагуудтай холбох авто замыг барих шаардлагатай байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хурдасгахын тулд Чита-Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар-Чита-Харбин чиглэлийн шинэ нислэгийн маршрут гаргах боломжтой. Үүний үр дүнд, харилцаа холбооны системийг өргөн цар хүрээтэй хөгжүүлэн гурван хөрш орны соёлын харилцааг идэвхжүүлэх нь Монголын соёл, шашин, уламжлалын хөгжилд чухал түлхэц өгөх болно.
2014 оны 11 дүгээр сараас ОХУ-руу визгүй зорчдог болсноор хоёр орны хооронд зорчигч иргэдийн тоо өмнөх орныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн бөгөөд Буриадын шилжилт хөдөлгөөний газраас мэдээлснээр, 2015 оны 9 дүгээр сарын хугацаанд ОХУ-ын хилээр 600,000 гадаад иргэн зорчсноос 92 хувийг монголчууд эзэлсэн байна. Дамжин өнгөрөх жуулчдын тоо одоог хүртэл их хэвээр байгаа бөгөөд Буриадын эдийн засгийн яамнаас мэдээлснээр энэ нь Монгол – Оросын, нэн ялангуяа Монгол-Буриадын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан.
Та бүхэн мэдэж байгаа, сүүлийн жилүүдэд Монгол Улс эдийн засгийн чөлөөт бүсүүдийг маш идэвхтэй хөгжүүлж байна. Эдгээр бүсүүдийн Буриад улс болон Өвөрбайгалийн хязгаар нутагтай ойр нь Алтанбулаг чөлөөт бүс юм. Манай 3 танхимын 3 талт чуулга уулзалтууд нь энэ салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны 7 дугаар сард Өвөрмонголын Бугат хотноо, мөн энэ оны 5 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Алтанбулаг чөлөөт бүсэд 3 талт чуулга уулзалт, ОХУ-ын Чита хотноо болсон Худалдаа, эдийн засгийн хамтарсан ээлжит уулзалтууд маш амжилттай болж өнгөрсөн. Монгол Улсын Засгийн Газар Замын-Үүд – Эрээн чиглэлд хил дамнасан худалдаа эдийн засгийн бүс, зүүн бүс нутагт Монгол-Орос-Хятадын чөлөөт бүс байгуулахад ихээхэн ач холбогдол өгч байна.
Дээр дурдсан зүйлээс үүдэн ОХУ болон Монгол Улсын хооронд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг гаргаж болно:
Хоёр орны хоорондын хамтын ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах
Хил дамнасан хамтын ажиллагааны тухай хуулийн нэвтрүүлэх
Хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих
Худалдааг чөлөөлөх
Үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах
Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах
Хүмүүнлэгийн салбарт харилцаагаа цаашид хөгжүүлэх зэрэг болно.
Энд ярьснаа дүгнэж хэлэхэд, МҮХАҮТ нь гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад гурван талт чуулга уулзалтын механизмыг байнгын ажиллагаатай болгож гурван орны Засгийн Газарт дээрхи асуудлуудаар шийдвэр гаргахад бид гол зөвлөгч, чиглүүлэгч нь байх ёстой.
Эцэст нь, энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийг амжилттай зохион байгуулж байгаа зохион байгуулагч талд талархал илэрхийлэхийн ялдамд арга хэмжээний нийт оролцогчдод амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
