solongonews
Эр нөхөр тань урмаар дутаж яваа юм биш биз?
2015-12-28 18:21
Бидний амьдралд овойж оцойтол их хөрөнгө мөнгө хэрэггүй. Зүгээр л бие биедээ талархаж, ойлгож, урам хайрлаж, нэг нэгнийхээ үнэ цэнийг өдөр бүр магтан урамшуулаад байхад тэр хөрөнгө зөөр өөрөө биднийг чиглээд ирнэ шүү дээ.
“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” хэмээх сайхан үгийг эртнээс манай өвөг дээдэс хэлсээр ирсэн. Энэ бол зүгээр ч нэг балчир жаахан хүүхдүүдэд урам хайрла гэсэн утгатай үг биш юм. Харин ч бүх л насны хүмүүст амьдралын ухаан хайрласан сургаал гэлтэй. Хүүхэд байтугай насанд хүрсэн хүнд ч дутаж яваа ганц сайхан үгийг нь хэлчихэд хэчнээн сайхан урам ороод хийж байснаа улам илүү сайнаар хийх гэж хичээдэг билээ. 
 
Тэгвэл айл гэрт энэ үг бат бөх гэрлэлт, аз жаргалтай амьдралын эх суурь мэт. Эхнэр, нөхөр хоёул хэн хэндээ магтаалын үгийг харамгүй хайрладаг, үр хүүхдээ ч тэр хэрээрээ магтан урамшуулдаг бол тухайн гэр бүлийн гишүүн бүр өөртөө итгэлтэй, хийж буй бүхэндээ сэтгэл хангалуун, халуун дулаан уур амьсгалтай байх нь дамжиггүй. 
 
Гэхдээ үүнийг хаанаас, хэрхэн эхлэх вэ. Нарийн няхуур ухаантай эмэгтэй хүнээс л энэхүү эхлэл эхлэх учиртай. Орой ажлаасаа ядрангуйхан орж ирэх нөхөртөө “Миний ханийн ажил сайн байв уу. Чи минь угаасаа хөдөлмөрч болохоор нэг эхэлсэн ажлынхаа ард заавал гарч чаддаг шүү.
 
Миний ханийн эхлүүлсэн ажил заавал амжилт авчирна” гээд хэлчихэд л эр хүний дайчин, холыг харсан мэргэн ухааныг нь хурцлаад өгөх ч юм билүү. Хамгийн гол нь хий хоосон магтаал бус, утга төгөлдөр, учир начиртай, үнэний дэнс болсон, цаашдын амьдралд өнгө нэмэх бүхнээр хань ижлээ магтаж байвал өөдлөх айлын билэг дэмбэрэл гэлтэй. 
 
Үр хүүхэддээ байнга урам хайрлая. Ажлаа тараад гэртээ харихдаа чихэр авч орохын оронд хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ тавхан минут ч атугай ярилц. Түүнийг өдөр юу хийсэн, одоо юу бодож байгааг нь чин сэтгэлээсээ сонирхож, танд түүний хийж буй бүх зүйл хэчнээн чухал болохыг ойлгуулахад л “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг үгний үнэ цэнэ орших биз. 
 
Бидний амьдралд овойж оцойтол их хөрөнгө мөнгө хэрэггүй. Зүгээр л бие биедээ талархаж, ойлгож, урам хайрлаж, нэг нэгнийхээ үнэ цэнийг өдөр бүр магтан урамшуулаад байхад тэр хөрөнгө зөөр өөрөө биднийг чиглээд ирнэ шүү дээ. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл