solongonews
Монгол уран бичлэгийн ууган профессор Бай.Бөх
2014-11-21 10:53
Бай.Бөх 1981онд ӨМБИС-ийг дүүргэн сургуульдаа үлдэж монгол уран бичлэгийн хичээл оюутнуудад зааж эхлэв.

Өвөр Монголын монгол уран бичлэгийн тухай ярихад танил хүнийхээ дууг нь сонсоод хэн гэдгийг нь мэддэг шиг бүтээлийг нь хараад хэний бүтээл болохыг хүн бүхэн мэддэг болсон есөн аварга уран бичээч байдаг. Эдгээр бичээчдийн дундаас  монгол уран бичлэгийн үйлсэд хамгийн их хүчин зүтгэл үзүүлсэн, энэ мэргэжлээр анхны профессор цол хамгааласан Бай.Бөхийг эхний удаад та бүхэндээ танилцуулж байна.

 Хичээл зааж эхлэв

Бай.Бөх 1981онд ӨМБИС-ийг дүүргэн сургуульдаа үлдэж монгол уран бичлэгийн хичээл оюутнуудад зааж эхлэв. Оюутан байхдаа л уран бичлэгт маш их сонирхолтой байсан тэрээр оюутан дүү нартаа уран бичлэгийн хичээл заах болсон нь цаашдийн ирээдүйг хэрхэн бичиглэх том үүрэг түүнд яахын аргагүй тулгарсан гэдгийг мэдэрчээ. Тухай үед монгол уран бичлэг нь их дээд сургуулийн сонгож судлах хичээл болоод удаагүй байсан учир сургалтын бичиг материал гэж үгүй. Иймд Бай.Бөх монгол уран бичлэгийн сурах бичиг зохиож редакторлох ажлыг гардан хийж, “Монгол уран бичлэгийн удирдамж”, “Монгол уран бичлэгийн ухаан”, “Монгол уран бичлэгийн онол үйлдлэг” зэрэг номыг хэвлүүлсэн байна. Мөн Хөххотын Үндэстний Дээд Сургууль, Өвөр Монголын Ахмад Катарчуудын Их Сургууль болон бага, дунд  сургуулиудад уригдан монгол уран бичлэгийн онол, түүх, хөгжлийн байдал, уран бичлэг зэргийг зааж сургасаар иржээ. Тэрчлэн Франц, Чех, Монгол, Япон зэрэг улс орны оюутнуудад уран бичлэг зааж, мөн Хармөрөн, Гирин, Ляонин, Шиньжян, Ганьсү, Хөхнуур, Хэбэй зэрэг бусад муж орны уран бичлэгт сонирхолтой хүмүүст захидлаар сургалт явуулж байсан байна.

Гуч гаруй жил багшлан, түүний гараас олон шилдэг уран бичлэгтэн төрөн гарсны дотор Хөххот Үндэстний Дээд Сургуулийн Гийрнээ профессор, Хөлөнбуйр Дээд Сургуулийн Хайшань профессор нар болно. Зарим эрдэмтэн Бай.Бөх багшийг  “Монгол уран бичлэгийн онолын талаар ярьж, бичиж, зааж чаддаг Өвөр Монголын монгол уран бичлэгийн оргил хүн” гэж өндрөөр үнэлдэг юм.

 Онолын судалгааг гүнзгийрүүлэв

Бай.Бөх монгол уран бичлэгийн төлөө зүтгэж ирсэн төдийгүй заах аргыг эрдэм шинжилгээний ажилтай уялдуулах тал дээр анхаарч эртний монгол уран бичлэгийн бүтээлүүдийг цуглуулжээ. Шиньжяны Түрпань, Ганьсүгийн Дүньхуан, Хэнаны Шаолиньсы зэрэг газраас Юань болон Мин гүрний уйгаржин монгол үсгийн уран бичлэгийн бүтээлийг олж, Ласаагийн Будалан ордон, Шаньшигийн чулуун шугайт цэцэрлэг, Шань Шигийн Үтайшань уулнаас Мин, Чин гүрний монгол уран бичлэгийг цуглуулжээ. Мөн Өвөр Монголын хошуу шянь болон нэлээд хэдэн сүм хийдээс Чин гүрэн болон улс байгуулагдахаас өмнөх үеийн монгол уран бичлэгийн хуучин ном судар, чулуун хөшөөний бичлэг зэргийг олныг цуглуулжээ. Орос, Япон, Монгол зэрэг улсаар айлчилж явахдаа монгол уран бичлэг болон япон үсгийн уран бичлэгийг цөөн бус цуглуулан судалгааныхаа материал болгожээ. Ийнхүү тэрээр “Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил”, “Монгол уран бичлэгийн яаж зааж сургах тухай өгүүлэх нь”, “Японы уран бичлэгийн тухай анхны шинжилгээ”, “Адил бус үсэг бичлэгийн уран бичлэгийн харицуулал” зэрэг гуч гаруй судалгааны өгүүлэл туурвин “Бай.Бөхийн уран бичлэг”, “Монгол уран бичлэгийн хавт үг”, “Монгол уран бичлэгийн онол үйлдлэг” зэрэг найман ном хэвлүүлжээ. Монгол уран бичлэгийн онолын судалгааг гүнзгийрүүлсэн төдийгүй Б.Оргил, Монголхүү, Цолмон, Баошань, Ерөөлт, Гийрнээ, Хайшань, Цахирмаа зэрэг шилдэг уран бичээчдийг бэлтгэн гаргаж уран бичлэгийн судалгааны эгнээг бүрдүүлжээ.

 Шинэчлэн төгөлдөржүүлэв

Бай.Бөх урт удаан хугацааны хичээл сургалт болон эрдэм шинжилгээний туршлагаараа дамжин монгол уран бичлэгийн онолын түвшинг маш хурдацтай дээшлүүлж, өнгөрсөн төв бичлэгийн сууринд үргэлжлэн шинэтгэн сайжруулах талаар олж харжээ. Тэрээр Хаванжав, Адилбиш, Эрдэнэбөх, Ванцаг зэрэг ахмад үеийнхэний гоё сайхан төв бичлэгийн нэг ацаг шилбэ, гэдэс хөнхөр, дусал цэг, толгой сүүл зэрэг зуралга болгоныг нь нарийн судалж, дууриан бичиж “Бай.Бөхийн дүүлэн бичлэг”-ийг бүтээжээ. Энэхүү бичлэгийн онцлог нь монгол үсгийн толгойг дөчин таван градусаар ташуу гаргаж, ацаг шилбийг тасархай, нурууг муруй, гэдсийг хөнхөр, үе гишүүг урт богино адил бусаар бичдэг. Ма, Ла-гийн гэзэг эврийг үсгийн гол нуруунаас хойш давуулан таталж, доошоо унжуулан бичдэг нь яг л андай бүжгийн алчуур шиг харагдана. Давхар цэгийн нэгийг нь урт нэгийг нь богино, дээрхийг нь нарийн, доорхыг нь бүдүүн бичих буюу эсвэл өмнө хойнохыг зэрэгцүүлж, бас ташуугаар хувирган бичдэг. Үсгийн сүүлийг бүдүүн хараар мяралзуулж бичдэг болохоор түүний бүтээл яг л галуу шувуу газраас нисэн дэвж байгаа юм шиг харгадана. Ийнхүү тэрээр босоо монгол үсгийг баян дүрслэг сэтгэхүйгээр хувилгаан увдистай үзгээр амьлуулан гүйлгэж, жигүүр ургуулан нисгэжээ.

Бай.Бөхийн нөлөөллөөр бусад уран бичээчид ч өөр өөрийн онцлогтой гоё сайхан бичлэгийг бүтээсэн байв. Жишээ нь: Тогтуунбилгийн ташуу сүүлтэй бичлэг, Цэцэнтуяагийн цажилгаан сүүлтэй таталган бичлэг, Б.Оргилын эвхмэл бичлэг, Түвшингийн ороомол бичлэг, Туяагийн догшин галзуу түргэн бичлэг, М.Наянтайн хэрчмэл хэв, Цолмонгийн тамган сийлмэл зэрэг болно.

Түгээн дэлгэрүүлэв 

2004 онд Бай.Бөх зорилго, санаа нэгт Б.Оргил, Баянхүү, Гийрнээ, Очир нарын хамт Өвөр Монголын уран бичээчдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулж, өөрөө нийгэмлэгийн тэргүүлэгчийг тушаалыг хариуцан уран бичлэгийг сурталчилж, дэлхийд таниулах олон ажлуудыг хийж эхлэв. Анх хувь хүний болон хамт олны бүтээлийн үзэсгэлэнг улсын хэмжээнд зохион байгуулж, уран бүтээлчдэд урам хайрлаж, үзэгч олонд уран бичлэгийн утга уянгыг мэдрүүлж, олон хүний ойлголтыг дээшлүүлж уран бичлэгт сонирхолтой болгож чаджээ.

2010 онд болсон дэлхийн үзэсгэлэнд хэдэн уран бичээчдийнхээ хамт оролцож монгол уран бичлэгээ бүх дэлхийн хүмүүст таниулсан юм. Мөн том жижиг хэмжээний олон уралдаан тэмцээнийг нийгэмлэгийнхээ зүгээс зохион байгуулж, уран бүтээлчдээ урамшуулан шагнаж, тэднийг олон сайн бүтээл гаргахад нь суурь тавьжээ.

Түүний уран бичлэгийг улсын дотоод гадаадын олон хүмүүс өндөр үнээр худалдан авч хадгалж байгаа бөгөөд АНУ, Орос, Япон, Канад, Англи зэрэг арав гаруй улс оронд бэлэг болон хүргэгдэж байна.

1997 онд Бай.Бөх монгол уран бичлэгээрээ ӨМӨЗО-ны утга урлагийн хамгийн дээд шагнал болох “Сарнай”-г хүртэж, 1999 онд “Монгол уран бичлэгийн удирдамж” хэмээх номоороо Дундад улсын Боловсролын Яамны улсын их дээд сургуулийн сургалтын материалын мөнгөн медалиар шагнуулжээ. 2001 онд монгол уран бичлэгийн профессор цол хамгаалж, 2002 онд ӨЗО-ны гарамгай зүтгэлтнээр үнэлүүлж, 2010 онд ӨЗО-ны хөдөлмөрийн үлгэр жишээ болжээ. 2012 онд ӨМӨЗО-ны засгийн газрын зөвлөхөөр уригдсан байна. Бай.Бөх хэдийгээр тэтгэвэрт гарсан боловч сургалт болон судалгааны ажлаа үргэлжлүүлсээр...

Хөлөнбуйр Дээд Сургуульд уригдан уран бичлэгийн хичээл зааж байгаа бөгөөд  монгол уран бичлэгийг их дээд сургуулийн мэргэжлийн хичээл болгохоор уг сургуулийн нэрийн өмнөөс Дундад улсын Боловсролын Яамнд өргөдөл гаргаад байгаа ажээ.

/Нийтлэлийг: Болорцэцэг/

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл