solongonews
Л.МАНДАХНАРАН: ГАДААДАД СУРЧ ЭЗЭМШСЭН ЭРДЭМ МЭДЛЭГЭЭ ТӨР ЭХ ОРОНДОО ӨРГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
2017-11-20 10:55
Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын туслах, Гамшиг, Дайчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мандахнаран уригдан оролцлоо.


- Бидэнд өөрийгөө танилцуулна уу? Одоо яг ямар ажил алба гүйцэтгэж байна вэ?
Лосолын Мандахнаран гэдэг. Одоо Монгол Улсын Байгал орчин, аялал жуулчлалын дэд сайдын туслах, Гамшиг, Дайчилгааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2005 онд Өвөр Монголын Их Сургуульд элсэн ороод нэг жилийн хэлний бэлтгэлээ дүүргэн, 2006 оноос Олон улсын худалдааны эдийн засгийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгссөн.


- Яагаад Хятад улс тэр дундаа Өвөр Монголыг сонгон суралцах болсон бэ?
МУИС-д сурч байхад Өвөр Монголын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж, хөтөлбөр хэрэгжих шалгалтад оролцох боломж гарч ирсэн. Шалгалтад тэнцсэнээр уг тэтгэлгийн анхны зуун оюутны нэг болж Өвөр Монголд сурах болсон юм.
- Монголдоо ирээд сурсан мэдлэгээ ашиглаж байна уу?
Монголдоо ирээд ерөнхийдөө мэргэжлээрээ ажиллаж байна. Хувийн хэвшил худалдаа, уул уурхай, барилгын чиглэлээр ажиллаж ирсэн.
- Хятад, Монгол хөрш зэргэлдээ орны хувьд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтран ажиллаж байна вэ?


Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага олон байдаг. Хятад улсын хувьд Хятад улсын аж ахуйн нэгж, Төрийн байгууллага хамтран ажиллах саналууд тавьдаг. Энэ дагуу судалгаа, хэлэлцээрийн түвшинд аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
- Ер нь Монгол Улсад ажлын байр хэр зэрэг өрсөлдөөнтэй байдаг вэ?
Төрийн байгууллагад ажилд ороход өрсөлдөөн асар их байдаг. Төрийн албан хаагчийн шалгалт өгнө, тэнцсэн нөхцөлд нөөцөд бүртгэгдэнэ. Төрийн шалгалт өгсөн ажлын байрандаа сонгон шалгалтад орж төрийн албанд элсэн орно.


- Танай ангийнхан сурсан мэргэжлээрээ ажиллаж байна уу?
Манай оны төгсөгчид буцаж ирээд дийлэнх нь сурсан мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ нь маш сайшаалтай. Банк, санхүү, төрийн байгууллага гэх зэрэг хувийн, төрийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
- Таны ирээдүйн төлөвлөгөөнөөс сонирхвол?
Төрийн албандаа үргэлжлүүлэн үнэнч шударгаар зүтгэнэ. Төрийн албаны хуульд захирагдан амжилт гаргах бодолтой байна.


- Өвөр Монголд өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач?

Дурсамж гэж ярихад үнэхээр яриад дуусах юм биш. 2008 онд Өвөр Монголын Их Сургуулийн шилдэг оюутнуудын нэг болж байлаа. Мөн олон уралдаан тэмцээнд оролцон тэргүүлж явлаа. Ганц нэгийг дурдахад оюутнуудынхаа төлөөлөл болж, Бээжинд болсон Хятад улсын хэмжээнд сурч байгаа гадаад оюутнуудын спортын арга хэмжээнд олон аавын хүүхдүүдтэй өрсөлдөж, шагнал хүртэж явлаа.
- Гадаадад суралцаж байгаа дүү нартаа захих зүйл?
Нэгэнт бид гадаад оронд суралцаж байгаа учир тухай улс, тухайн сургуулийнхаа дүрэм журмыг сайн сахиж, сурлагадаа анхаарч байх, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тухайн орны соёлоос суралцаж, сайн оюутан, сайн боловсролтой хүн болж, эх орондоо ирээрэй гэж захиж байна.
- Гадаадад сурч байхад тухайн улсдаа ажиллах боломж гардаг байх?
Биднийг сурч байх үед манай гэр бүлийн хүнд Хятад улсын төрийн аж ахуйн нэгж, төрийн компаниас ажлын санал ирж байсан. Энэ нь сурлага, боловсролыг үнэлж байгаа том үнэлэлт байдаг. Миний хувьд эх орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байсан болохоор сургуулиасаа авсан мэдлэг боловсролоо эх орондоо зориулья гэж шийдсэн.


- Гэр бүлийн хүмүүсээ танилцуулна уу?
Манай гэр бүлийн хүнийг Өнөржаргал гэдэг. Бид хоёр нэг ангийн сурагчид. Одоо өөрийн мэргэжлийн дагуу Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байна. Бид гурван хүүхэдтэй, том нь дунд сургуулийн сурагч, хоёр бага цэцэрлэгт явдаг. ӨМИС-д сурч байхдаа бүл нэмж байлаа. Энэ бол их сургуульд суралцаж байх үеийн сайхан дурсамж.
 - Миний асуулгүй үлдсэн таны ярихыг хүсэж байгаа зүйлээс?
Энэ жил ӨМИС-ийн маань 60 жилийн ойн баяр тохиож байна. ӨМИС-ийн нийт төгсөгчдөдөө, багш ажилтан, эрдэмтэн багш нартаа ойн баярын мэнд дэвшүүлье! Тэнд суралцаж байсан гадаад оюутны хувьд үнэхээр таатай нөхцөл, өндөр мэдлэг боловсролыг олгож өгсөн та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлж байна.
- Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэж байна.
Баярлалаа. Солонго сэтгүүлийг уншиж олон мэдээлэл авдаг байсан. Та бүгдэд ч ажлын өндөр амжилт хүсэж байна.
 

Зохиогч: Ц.Урантунгалаг , Т. Буянхишиг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл