solongonews
Уурхайн утаат хотын шинэ дүр төрх
2017-07-18 11:10
Уурхайн утаат хотын шинэ дүр төрх танигдашгүй өөрчлөгдсөөр.

- Үхай хот сүүлийн жилүүдэд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Уг нь энд ганц ч мод байгаагүй. Одоо хар даа, мундаг ойжуулсан байгаа биз? Уур амьсгал ч сайжирсан. Сүүлийн дөрөв таван жилд агаар өөр болсон. Өмнө нь тэр чигтээ нүүрсний утаа байлаа. Үхай уурхайн хот шүү дээ. Нүүрсний уурхайтай, салхи ихтэй. Хар л даа, шал өөр болсон байгаа биз? гэж Үхай хотын Цэн, Бай гэгч эхнэр нөхөр хоёр сэтгэл хангалуун ярьж сууна. "Нүүрсээр голлосон уурхайн хот ингэж хөгжинө гэж төсөөлж байв уу?" гэж сэтгүүлч асуухад тэд “Зүүдэнд ч орж байгаагүй. Утаа тоос татсан уурхайн хот, нүцгэн говь ийм болно гэдэг гайхамшиг шүү."

Үхай хот ӨМӨЗО-ны баруун бүсийн хотуудын нэг, Алшаа аймаг, Ордос хоттой зах нийлнэ. Хатан голын Удын тохой, Хайравын тохой хэмээх хоёр тохойн нэрний эхний үеийг нийлүүлж Ухай хэмээн нэрийджээ. Хятадын хөгжил дэвшлийн шаардлагаар байгуулагдсан 50-иадхан жилийн түүхтэй залуу хот, Хятадын үндэсний хэмжээний нүүрсний стратегийн ордтой 31 хотын нэг юм. Энэ хотыг Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн эхэн үед Бугатын гангийн үйлдвэр зэрэг томоохон аж үйлдвэрийг нүүрсээр хангах зорилгоор байгуулсан гэдэг.

Үхай хотын Суртал ухуулгын газрын дарга Ван Шяопин:

- Үхай хотыг 1958 оноос хөгжүүлж эхэлсэн. Тэр үед Бугат-Ланжөүгийн төмөр зам, Бугатын гангийн үйлдвэр зэрэг үндэсний хэмжээний томоохон төслүүд хэрэгжихийг дагалдан их хэмжээний сайн чанарын коксжих нүүрс хэрэгтэй учраас нээн хөгжүүлэх ажил эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, энд эхлээд нүүрсний уурхай байгуулсан нь хожим хот болж хаяа тэлсэн юм. Үүгээрээ нүүрсний уурхай бүхий бусад хоттой адилхан, эхлээд хөгжүүлж, эрчим хүч, нөөц баялгийн төв болгосон юм.

        Уурхайн хотууд хөгжих явцад байгаль экологи, уур амьсгалын бохирдол зэрэг адилхан хүндрэл тулгардаг. Эдгээр асуудал Үхай хотыг тойроогүй нь мэдээж. Нүүрсний уурхайгаас гарсан утаа тоос, хуучны нүүрс, химийн аж үйлдвэрээс гарсан өмхий үнэр зэрэг нь “толгойн өвчин” болж, Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны анхааралд өртөн хэвлэлийнхэн Үхай хотыг “Хатан голын эрэг дэх хар толбо” хэмээн “цоллож” байсан аж.

Гэвч энэ аж үйлдвэр, уурхайн хүнд бохирдолтой хот хэдхэн жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, “зүүдэнд ч оромгүйгээр" зүсээ хувилган, цэвэр цэмцгэр хот болон хөгжжээ. Сүүлийн үед Үхай хотын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд анхаарал тавьж, аж үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн сайжруулж, их хэмжээгээр олборлохоос чанарыг баталгаажуулах, шинэ хэлбэрийн нүүрсний химийн аж үйлдвэр, шүлтийн химийн аж үйлдвэр, цахиурын химийн аж үйлдвэрийг хөгжүүлэн, шинэ эрчим хүч, шинэ материал, тоног төхөөрөмжийн үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарт хүч үзэн эдгээрийг бохирдол ихтэй хуучны уул уурхайн аж үйлдвэрээр орлуулж, эдийн засгийн хөгжлөө баталгаажуулжээ.

Тухайлбал, Үхай хотын техник мэргэжлийн Дүн-Юань компани ӨМӨЗО-ны химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, стратегийн шинэ аж үйлдвэр байгуулах төслөөр 2008 онд байгуулагдсан ба одоо ӨЗО төдийгүй  бүх улсын нүүрсний химийн аж үйлдвэр, шинэ материалын үйлдвэрийн үлгэр жишээ болжээ.

    Дүн-Юань компаний ТУЗ-ын дарга Юй Хайминь:

- Бид сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтөө зоригтой хийсэн. Хуучны уламжлалт уул уурхайн үйлдвэрээ зогсоож, нүүрсний химийн үйлдвэрээ шинэчилсэн. Нүүрсний химийн аж үйлдвэрийн зарим нэр, шат дамжлагыг ойлгуулахад бэрх учраас энгийн үгээр хэлбэл урьд нь зөвхөн олон улсын зах зээлийн үнээр нүүрс худалдаж, “Нүүрс-цахилгаан-химийн аж үйлдвэр” гэсэн гурван шат дамжлагаар ажилладаг байсан бол одоо зургаа, долоон үе шаттай болгон хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх технолги ашиглаж байна. Ингэснээр нэгдүгээрт, ашиг орлогоо нэмэгдүүлсэн. Урьд нь олон улсын нүүсний зах зээлийн үнээр худалддаг байсан нүүрснээс одоо хэд дахин илүү ашиг олдог болов. Хоёрдугаарт, нөөц баялгаа хэмнэж, нүүрсийг олон шат дамжлагаар үйлдвэрлэх болсноор бохирдол, хаягдал бодисыг их хэмжээгээр багасгасан. Гуравдугаарт, шинэ материал үйлдвэрлэсэн нь бусад салбарын хөгжилд ач тусаа өгсөн. Хамгийн ойрын жишээ нь манай шинээр үйлдвэрлэж буй гялгар уутны материал бохирдол багасгадаг. Газар тариалангийн салбарт тулгарч буй хамгийн том асуудал бол гялгар уутны хөрсөнд үзүүлэх хор нөлөө юм. Тэгвэл манай компаний үйлдвэрлэж байгаа шинэ материалаар хийсэн гялгар уут хөрс бохирдуулахгүй, богино хугацаанд газарт шингэнэ. Мөн гялгар уут үйлдвэрлэх өртгийг ч багасгаж чадсан.

2011 оны 6-р сард Хятадын Төрийн зөвлөлөөс нийтэлсэн “Өвөр Монголын эдийн засгийг эрүүл, эрчтэй хөгжүүлэх санал”-д Үхай болон түүний эргэн тойрны бүс нутгийг нүүрсний химийн аж үйлдвэрийн үндэсний хэмжээний чухал төв болгон хөгжүүлнэ гэсэн байна.

Үхай хот эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлээд зогсохгүй, мөн экологийн бүтээн байгуулалтаа сайжруулах зорилгоор “Говийн баян бүрд”, “Усны хөвөөн дэх шинэ хот” зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж байна. Үхай хот Улаанбух, Хөвч, Муу-Ус гэсэн гурван цөлийн дунд байдаг бөгөөд өвс ургамал тачир, экологийн орчин маш эмзэг. 1978 оны байдлаар ой модны эзлэх хэмжээ 0.38 хувьтай л байсан бол хэдхэн жилийн дотор уул ус, ой модтой ногоон хот болон өөрчлөгджээ.

2016 онд Үхай хот Гандир уулын экологийн бүтээн байгуулалтын 2 дахь шатны төсөл хэрэгжүүлэн, 1 тэрбум 50 сая юаний хөрөнгө оруулж, усан үзмийн хүрээлэн, уран бичлэгийн цэцэрлэг, ардын талбай зэрэг 19 цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулж, байгаль орчныг хамгаалах, сэргээх 50 гаруй ажил хийж гүйцэтгэсэн байна. “Хатан голын эрэг дэх хар толбо” гэгдэж байсан Үхай хот ийнхүү Хятадын ойжуулалтын үлгэр жишээ хот, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хот, үндэсний экологийн боловсон хот болтлоо өөрчлөгдсөн байна.

        Хатан голын эрэг дэх газар зүйн давуу тал нь Үхай хотын хөгжилд асар их боломж нээсэн юм. Хайравын тохойн усны баялгийн хяналтын инженерийн ажил бол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх 22 том төслийн нэг бөгөөд 5 тэрбум 100 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар үерээс сэргийлэх, гандуу үед усны нөөц болгох зорилгоор Хатан голын усыг боон 118  км2 талбайтай, 500 сая шоо метр гүн устай Үхай нуурыг бий болгожээ. Элсэн цөлийн дундах нуур байгалийн тогтолцоо, хүний ухаан хосолсон этгээд үзэмж бүрдүүлж, элсийг тогтворжуулан нуур дагасан баян бүрд болсон. Өнөөгийн байдлаар Үхай нууранд өвөл, хавар 50 гаруй төрлийн 100 мянга орчим нүүдлийн шувуу нутагшин, цөлийн нэгэн гайхамшиг болсон байна. Энэ нь зөвхөн байгаль орчныг сайжруулаад зогсохгүй аж үйлдвэр, уул уурхайн хуучин хотыг аялал жуулчлалын шинэ хот болгон өөрчилжээ.

Үхай хотын Аялал жуулчлал, спортын газрын дэд дарга Ши Хайдүн:

- Бид сүүлийн жилүүдэд зөвхөн ногоон бүс байгуулах, ойжуулах ажилд таван тэрбум гаруй юаний хөрөнгө оруулсан. Энэ нутагт бороо хур бага, ууршилт их байдаг учраас бид Хятадын ногоон хотын жагсаалтад орно гэдэг үнэхээр амаргүй ажил байв. Ялангуяа, Үхай нуурыг байгуулснаас хойш экологийн байдал илэрхий сайжирч, амралтын өдрүүдээр Яргай, Баяннуур, Шаньши мужийн Юйлинь, Ордос зэрэг ойр тойрны хотын хүмүүс энд ирж, амардаг болсон. Энэ жилийн аялал жуулчлалын орлого өнгөрсөн жилийнхээс 23 хувиар нэмэгдэж, жуулчдын тоо ч улам нэмэгдэж байна гэж ярьлаа.

Мөн Үхай нууранд усан спортоор хичээллэдэг хүмүүс цуглардаг болж, жил бүр усан спортын олон арга хэмжээ зохион байгуулан аялал жуулчлалаар спортыг хөгжүүлж, спортоор жуулчдыг татаж байна.

Тус хотын оршин суугчид “Үхай хот урьд нь нүүрсээрээ алдартай байсан бол одоо уран бичлэгээрээ алдартай” гэлцэх болжээ. Үхай хотын оршин суугчид газар газраас ирсэн уурхайчдын гэр бүлээс бүрдсэн. Уурхайчид чөлөөт цагаараа нүүрсний хөөгөөр уран бичлэг бичдэг байснаас улбаалж уран бичлэг хөгжин, хотын захиргаа ч үүнийг нутгийн онцлогтой соёл болгож хөгжүүлсэн байна. Одоо Үхай хотын замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг нь уран бичлэгээр бичсэн нь тун өвөрмөц. Үхай хотын дунд сургуулиуд хүүхдүүдэд 5-р ангиас нь эхлэн уран бичлэгийн хичээл заах ба хотын дүүрэг хороо бүр уран бичлэгт зориулсан танхимтай, найман настай балчраас наян настай хөгшид хүртэл уран бичлэгээр хичээллэх болсон. 2008 оны 9-р сард Үхай хот Хятадын “Уран бичлэгийн хот” хэмээн өргөмжлөгдсөн анхны хот болжээ. Үхай хот мөн байгалийн өвөрмөц сонин чулуугаараа алдартай, “Чулууны хот” гэсэн бас нэгэн алдартай.

Уурхайн хуучин хот хэдхэн жилийн дотор технологийн үлгэр жишээ, аялал жуулчлалын шинэ бүс, Хятадын анхны уран бичлэгийн хот болон хөгжсөн гэхэд итгэмээргүй. Хотын Суртал ухуулгын газрын дарга Ван Шяопин:

- Манай хот ийм зургаан нэрийн хуудастай болсон. “Хатан голын сувд”, “Цөлийн баян бүрд”, “Эх баялгийн далай”, “Уран бичлэгийн хот”, “Чулууны хот”, “Усан үзмийн хот” зэрэг болно. Энэ зургаан нэр Үхай хотын өнөөгийн дүр төрхийг бүрэн илтгэж чадна гэж хэллээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл