solongonews
ЗУРГИЙГ ЖАРГАЖ ЗУРДАГ /Нийтлэл/
2016-05-07 17:54
Уран зураг урлан бүтээгч гэмээнэ аливаа бүхнийг энгийнээс огт өөр өнцгөөс харж, орчин тойрондоо гэрэл гэгээ түгээн дэлгэрүүлж, үгүй хоосноос буй байгааг бүтээн туурвигч байдаг. Будгийн үнэр ханхалсан урлангийн өрөөнд ороход л ахуйд баригдсан бодит ертөнцөөс огт өөр мэдрэмж төрнө.

       Идэх хоол, өмсөх хувцас, толгой хоргодох орон байр, аар саар маргаан, атаа хорсол, уур бухимдал гээд ер хүний орчлонд байж болох бүхий л бараан ахуйгаас хол ангид орших өвөрмөц тийм л орчин бүрдүүлэн аз жаргалыг урлан бүтээж буй тэнгэрлэг гэр бүлүүд та бидний дунд эгэл жирийн хэрнээ эгэлгүй сайхнаар оршиж буй. Тэдний нэг нь Монгол Улсын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн, зураач, багш Х.Заяатын гэр бүл юм.

        Хөххотноо буйлс цэцэглэх дэлгэр цагаар эртний хотын өнгө төрх бүхий Хотон хороололд байрлах “Их нүүдэл” нэртэй уран зургийн урланд нь зочиллоо. Үүднээсээ эхлээд л тосон зургийн гайхамшиг, нарийн содон хийцтэй гар урлалын сонирхолтой бүтээлүүд найрсан угтах нь бүхэл бүтэн уран зургийн галерей гэмээр сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэд Хөххотноо ирээд нэлээд хэдэн жилийг ардаа орхисон нь  ямагт ахиж дэвшсэн амжилт, хийж бүтээхийн төлөөх их хүсэл тэмүүллээр өсөн дэвжиж ирсэн амжилтаар дүүрэн он жилүүд юм. Х.Заяат 1999 онд Соёл Урлагийн Их Сургуульд магистр зэрэг хамгаалсан. Зураач мэргэжилтэй. Харин зураач, багш Д.Гантөгс Өвөр Монголын Багшийн Их сургуульд Урлаг судлалын магистр цол хамгаалсан. Урлаг судлаач мэргэжилтэй. Хэдийнээ өөрсдийн өвөрмөц сэтгэлгээгээр энэхүү урлангаа нээж, гарын ур шингэсэн гайхам сайхан бүтээлээрээ ирсэн зочдыг дайлдаг энэ л гэр бүлийнхэнтэй хэсэг зуур хөөрөлдлөө. Сүүлийн үед хийж буй уран бүтээлийн олз омог, цаашдынх нь төлөвлөгөө зэрэг олон сайхан сэдвээр тэдэнтэй яриа өрнүүлсэн юм. Х.Заяат:

- Уран бүтээлийн ургац арвин байгаа. Зургийн үзэсгэлэнгүүдэд оролцож байна. Олон сайхан шавь нартай боллоо. Хамгийн гол нь цаашид хийхээр төлөвлөсөн зүйл маш их байна. Тухайлбал, Арван мянган морины зургийн үзэсгэлэн гаргахаар ид бэлтгэл ажилдаа ороод байгаа. Миний хувьд уран зургийг ер нь жаргаж байж зурдаг. Сэтгэл амар тайван, ариун гэгээн бодолтой, аз жаргалтай үед л сая сайхан бүтээл төрдөг дөө. Би шавь нартаа хэлдэг юм. Зургийг зурах гэж битгий хүчил. Болохгүй байгаа юмыг бухимдан байж ахин дахин баллуурдаж байж зурна гэдэг яавч чин сэтгэлээс гарсан бүтээл биш гэж. Тиймээс бүтээл бүхэн аз жаргалаа шингээсэн тэр сайхан мэдрэмжээс гардаг гэж ярьлаа.

Харин зураач, урлаг судлаач Д.Гантөгс багш:

- Ер нь жил ирэх тусам уран бүтээлийн олз омог ихтэй,  өгөөжтэй сайхан байна. Жишээлбэл, зураачдын шилдэг бүтээлийг шалгаруулж байж оролцуулдаг “Зохицол, ялгарал” нэртэй Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэнд Монгол Улсаас бид хоёрын бүтээл шалгарсан. Энэ ч утгаараа бүтээлүүд маань Хятад, Япон улсаар аялаад ирлээ. Хөххотын Олон Улсын Орчин үеийн урлагийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон гэх зэрэг амжилттай байгаа. Үүнээс гадна бид цаашид өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой гэр бүлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Ер нь бол нөхөр маань тосон зургаараа, миний хувьд үндэсний арьсан урлалаараа бүтээлүүдээ гаргаж бүх талаар хоорондоо уялдаа холбоотой байхаар төлөвлөж байна. Хэн ч, хаанаас нь ч харсан энэ зураачийн бүтээл шүү гэж харагдахаар тийм онцлогтой байх нь хамгаас чухал гэж тэрээр ярьсан юм. Харин шинэ санаа, сэдвийн хувьд хэмжээлшгүй өргөн бөгөөд хамгийн гол нь тухайн бүтээлчийн зурах арга барил, юуг хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь нэн чухал байдаг тухай тэрээр сонирхууллаа.

Монгол Улсдаа төдийгүй Өвөр Монголд олон сайхан уран зургийн үзэсгэлэнгүүд гаргасан бөгөөд гадныхан тэдний бүтээлийг нэгэнтээ өндрөөр үнэлэх болжээ. Тухайлбал, хятадын нэгэн томоохон зураач Х.Заяатын Өвөр Монгол дахь анхны уран зургийн үзэсгэлэнг “Хутганы үзүүр дээрх аялгуу” гэж нэрийдсэн нь ч бий. Өвөр Монголын зураачдын хувьд харьцангуй хөдөлмөрч байдаг. Үүний зэрэгцээ ялангуяа сүүлийн үед сэтгэлгээний бүтээл рүү их хэвийж байгаа нь ажиглагдах болсонд тэд хувьдаа сайшаалтай явдаг гэх. Зураач Д.Гантөгсийн хувьд Монгол Улсдаа Хүүхдийн урлан бүтээх төвд олон жил багшилсан, одоо Хөххотноо Өвөр Монгол хүүхдүүдэд зургийн хичээл ордог, мөн орос хэл заадаг. Хүүхдүүдийг зөвхөн зурж сургах биш, гол нь эх монгол хэлээрээ зөв сайхан ярих, хүн байхын ухаанд хүмүүжүүлэн сургахыг зорьдог гэдгээ хэлж байлаа. Энэ их ажлын хажуугаар нийгэм, олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог зураач бүсгүй маань Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн даргын ажилд мөн сэтгэл зүтгэл, хөдөлмөрөө зориулсан нэгэн. Өмнө нь Монгол Улсдаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сайн дурын хөтөлбөр, Германы Залуу лидерийн солилцооны хөтөлбөр зэрэг олон ажлуудад гар, бие оролцож явсан тухай нь сонсоход эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

Уран бүтээлч гэр бүл маань ийнхүү цаг хугацаатай уралдан шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ Өвөр Монголын арьсан урлалын бүтээлийн үзэсгэлэн, уралдаан тэмцээнүүдэд шагналт байруудад олонтаа оролцож байсан. Ер нь уралдаан тэмцээнд оролцох нь уран бүтээлч хүний хувьд өөрийгөө хэр түвшид явна, хэрхэн үнэлэгдэж буйгаа тодорхой хэмжээнд мэдэж болох нэгэн хөшүүрэг гэж зураач Д.Гантөгс ярьсан юм. Түүний урлалд ихэвчлэн тод өнгө зонхилох бөгөөд бусдад эрч хүч, гэрэл гэгээ өгөхүйц ер бусын хүч агуулагдаж байх мэт санагдсаныг нуух юун. Зурсан зургаараа дотоод сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэхээс гадна харсан хэн бүхэнд ямар нэг сэтгэгдэл үлдээж чадаж байвал тэр сайн бүтээл болжээ гэж хэлж болох юм хэмээн зураачид маань сонирхууллаа.

“Их нүүдэл” урланг нээгээд жил орчим хугацаа болж байгаа юм байна. Уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа эхлээд л энэхүү урлангаа цогцлоож эхэлсэн гэх. Тохижилтоос нь эхлээд аливаа бүхнийг өөрсдөө сэдэж хийсэн нь тэдний хувьд бас нэгэн ахиц дэвшил болсон нь гарцаагүй. Үүнийгээ аль болох орчин үеийн загвар шийдэлтэй, өвөрмөц сайхан болгохоор улам хичээн ажиллаж буйгаа дурьдаж байлаа. Түүнчлэн зураачид маань энэ дамшрамд урлангаа байгуулахад тусалж дэмжсэн Монголын болон Өвөр Монголын, мөн хятад найз нөхөддөө маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.

Урлаг судлаач хүний хувьд Х.Заяатыг бүтээлдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулахын хэрээр өвөрмөц сэтгэдэг маш сайн бүтээлч. Түүнээс гадна янз бүрийн насны олон сайхан шавьтай болсон тухай нь зураач Д.Гантөгс сонирхууллаа. Заяат багшийн хувьд шавь нараа хөглөж чаддаг. Шавь нар нь багшийнхаа тухай ярихдаа бидэнд урам зориг хайрлаж, хийж бүтээх эрч хүч өгөхөөс гадна хүн бүрийнх нь онцлогт тохируулан чиглүүлж зааж сургадаг талыг нь онцлон талархдаг гэлцэнэ. Жишээ татвал тавин насны босго давсан Хөлөнбуйр нутагтай шавь нь гэхэд өөрийн уран бүтээлээ хэдийнээ туурвиж байгаа нь үнэхээр сайшаалтай. Түүнээс гадна шавь нараа уран зурагт сонирхолтой, хайртай болгож, тэднийг аливаа уралдаан тэмцээнд оролцоход нь хүртэл чиглүүлж өгдөг байна. Уран бүтээлч Х.Заяатын “Зургийг жаргаж байж сая зурдаг” гэсэн үг сэтгэлд содон буусан юм. Олон сайхан шавь нартаа, уран зурагт хайртай хэн бүхэнд аз жаргалыг түгээгч тэнгэрлэг нэгэн гэр бүлийн хийж бүтээхийн их аян цаашид хэрхэн үргэлжлэхийг уншигч та бид хамтдаа хүлээх л үлдлээ.

           Бэлтгэсэн:  ШМУЗН, МСНЭ, МЗЭ-ийн гишүүн Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл