Эмгэнээд л боллоо гэж үү...
2015-12-28 18:21
Хөөрхий тэр охиныг хэчнээн их дарамтанд байсныг нүдээр харсан хүмүүс олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл үлдээсэн бололтой. Тэр сэтгэгдлүүдийг нь унших тусам “Үнэхээр л харсан юм бол амиа алдахаас нь өмнө аварч яагаад чадаагүй юм бэ. Гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй” гэж хуурай нэрлэхүү зан гаргаад тамд нь орхиод гарчихсанд нь тэр хүмүүст гомдохын ихээр гомдож байна.
Дөрвөн настай хүүхэд юу хүсдэг вэ. Ээжийнхээ өвөр дээр эрхэлж, ангир уураг амлуулсан мөөмийг нь хааяахан тэмтэрч, аавынхаа энгэрт асч, урд хойно нь оруулсан хэдэн өгүүлбэрээр бүхэл ертөнцийг хуваалцахыг хүсдэг юм. Ижий, аав хоёрынхоо гараас хөтлөөд энэ орчлонд инээд цалгиулан алхахыг тэд мөрөөддөг. Хүүхэлдэйгээрээ айл гэрдэн тоглож, цангинасан хоолойгоороо тоонот гэрээ дулаацуулах тийм л буянтай нарханууд юм.
Ийм л бяцхан бурхан багачуудын нэг нь гэрэлт амьдралыг дөнгөж эхлүүлээд хэтэрхий эрт буцчихаж. Түүнийг төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Ямартаа ч цагдаагийн газраас эцэг, хойд эх хоёрыг нь сэжигтнээр татсан гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Хөөрхий охины тохойн чинээ биед нь ахадсан тамлал, зодуурын мөрийг нууж хаалгүй харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд таржээ. Үр хүүхэдтэй хэн боловч нялх тэр л амьтны хэчнээн зовж байж хорвоог орхисныг гэрчлэх зүрх зүссэн баримтуудыг хараад ганц хором ч тайван сууж чадахгүй. Энэ нийтлэлийг эхлүүлсэн миний зүрх ч ялгаагүй хэдэн хэсэгт хуваагдаж, сормуус хатах чөлөөгүй нулимс асгарч байна.

Хөөрхий тэр охиныг хэчнээн их дарамтанд байсныг нүдээр харсан хүмүүс олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл үлдээсэн бололтой. Тэр сэтгэгдлүүдийг нь унших тусам “Үнэхээр л харсан юм бол амиа алдахаас нь өмнө аварч яагаад чадаагүй юм бэ. Гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй” гэж хуурай нэрлэхүү зан гаргаад тамд нь орхиод гарчихсанд нь тэр хүмүүст гомдохын ихээр гомдож байна. Бидний хажууд, хөршид, дэргэд хүүхэд, эмэгтэйчүүд дарлагдаж, доромжлогдон, дэгдээхий балчир насаа яргалал дунд өнгөрүүлж буйн цухасхан сэжмийг ч болов олж харсан бол та хэн ч байсан энэ тамлалтай бүү эвлэрээрэй гэж чин сэтгэлээсээ гуйя.
Маргааш 18.00 цагт Чингисийн талбайд ээжүүд нэгдэн бяцхан охины төлөө тайван жагсаал хийхээр нэгдэж буй. Улс төр, ургац тариа, цалин хөлс гэж монголчууд уриа лоозон барьж явснаас биш өнөөдрийг хүртэл нялх үрсийнхээ төлөө ийнхүү дуугаа нэгтгэж байсангүй. Тэгэхээр дөрөвхөн насандаа баймгүй их тэвчээр, хатуужил гаргаж, үхэлтэй тэмцэлдэн байж одсон тэр нялх үр бидэнд хаалганы цаана нуугдсан хар сүүдрийг ил болгож өгөөд өөрийгөө золионд гаргажээ. Хүнээс өөр хүчтэн үгүй энэ хорвоод хүн нь хүнийхээ төлөө, ялангуяа, нялх үрсийнхээ төлөө унтах нойр, идэх хоолоо хасаад ч болов тэмцэх ёстойг бидэнд хэлж өглөө.
Энэ зуур УИХ дахь эмэгтэй гишүүд охины үхэлд эмгэнэж буйгаа хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан зарласныг олж уншив. Эмгэнэл гэдэг нэртэй энэ хэвлэлийн хурлыг олон мянган эхчүүд бухимдал, гомдол, цөхрөл, харууслаар угтаж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг айдас, доромжлол, хүчирхийллийн савраас аврах нь эмэгтэйчүүд парламентад сонгогдсоны хамгийн гол утга учир баймаар. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэд юу хийсэн юм бэ. Тоо ярьж толгой эргүүлж, жендерийн эрх ярьж ямбалснаас өөрөөр хаалттай цонхны цаана цурхиран уйлах хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө юу хийсэн юм бэ гэж асуумаар байна.
Тэд хууль тогтоох байгууллагад сонгогдсон л юм бол хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хуулийн зохицуулалтыг чангатгаж, өөрөөсөө чадал дорой нялхас руу гар далайдаг араатан авиртнуудыг дахин даврахгүй болтол нь шийтгэх талаар юу бодож, хэрэгжүүлсэн юм бэ.
Эд мөнгөө гайхуулж, энд тэндхийн шоунд манлайлж, микрофоны цаана тэмцэгчийн дүр эсгэсэн эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийн төлөө хууль хэрэгжүүлэх хамгийн чухал үүргээ хэзээ хэрэгжүүлэх юм бэ.
Тэд бүгд л эх хүн. Гэрт нь хүлээж суудаг үр хүүхдээс нь юугаараа ч ялгаагүй, бас дутуу юмгүй юм шүү дээ, тэр охин. Хүүхдүүдийнхээ дөрвөн настайдаа хэрхэн аашилдаг байсныг тэд мартаагүй л яваа. Тэгвэл тэр л цэцэг цэврүү шиг насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан охины төлөө ганцхан удаа эмгэнэл илэрхийлээд боллоо гэж үү.
Үүнийхээ оронд яг өнөөдрөөс хүүхдийн эрхийн төлөө гэсэн бүхнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, салсан, нийлсэн хосуудын дунд амьдарч буй хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг нүдээр үзэж хяналт тавьдаг системийг бий болгож, өөрсдөө үр хойчийнхоо төлөө ганц буянтай үйлс бүтээх цаг нь болсон.
Хүүхдийг хүчирхийлдэг, доромжилдог, дарамталдаг яргачдын толгойг илсэн хууль зүйн орчныг өөрчилж, сайжруулаагүй атлаа хууль тогтоогч, хүүхдийн эрхийн төлөө хэмээх том том сэтэр зүүсэн хүмүүс өөрсдөөсөө ичих ёстой. Монголд хүүхдийн эрхийг зөрчсөн хэн ч болов хатуугаас хатуу ял эдэлдэг байсан бол өнөөдөр томчуудын гарын шүүс болохоос өөр “эрх”-гүй болчихоод байгаа хүүхдүүд ингэж амиа алдахгүй байсан юм...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
