
Шепанси тосгон нь Хятад улсын Хубэй мужийн Энши жөүгийн Шианфэн шяний Далуба дүүрэгт байрладаг. Уулын талбай нь 30,000 гаруй мү эзэлдэг бөгөөд ойгоор бүрхэгдсэн хэмжээ 78.8 хувьд хүрдэг байна. Энэ газарт ургамал баялаг, нектарын эх үүсвэр элбэг байдаг нь зөгий үржүүлэхэд илүү тохиромжтой.

Тосгоны иргэн Ши Шюэмин 42 настай. Шепанси тосгоны Фуэр Шид амьдардаг бөгөөд хадан цохион дээр 100 гаруй зөгийн торхтой. Түүнийг нутгийнхан нь "хадны зөгийчин" гэж нэрлэдэг.

Ши Шюэмин долоо хоног бүр ууланд эргүүл хийж, уулын замд нэг цаг алхан "Хадны зөгийн" фермд очиж, зөгийн үүрний бүрэн бүтэн байдал, зөгийн бүлгийг шалгаж, зөгийн үүрний дотор ба ёроол дахь хог хаягдлыг цэвэрлэнэ.

2014 онд Хятадад зөгийн аж ахуй эрхлэх хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байсан тул өрөөлийн нутагт ажиллаж байсан Ши Шюэмин төрөлх нутагтаа буцан ирээд бизнес эрхэлж, тосгоны иргэдээс зөгийн аж ахуй эрхлэх арга ухаанд суралцжээ. Гэрийнхээ урд, хойно зөгийн торх тавиад зогсохгүй уулын хадан цохион дээр зөгий үржүүлэхийг оролдож эхэлжээ.

2015 онд Далуба дүүргийн зөгийн аж ахуйн техникийн зааварлагч Юань Чанган Шепанси тосгонд очиж зөгийчдөд техникийн сургалт явуулжээ.
"Шинэ хатан зөгий төрсний дараа торхыг цаг тухайд нь хувааж, хатан зөгий нь зөгийн бүлгийг булааж авахгүйн тулд торхны үүдэнд механизм тавих шаардлагатай. Дугуй торхыг сайн битүүмжилсэн ч торхны дээд хэсгийг битүүмжилж болохгүй, эс бөгөөс зөгийн бал авахад зөгий гэмтдэг... Зөгий үржүүлэх олон арга бий, энэ бол техникийн ажил юм".

Сургалтад хамрагдсаны дараа Ши Шюэмин зөгийн аж ахуйд илүү итгэлтэй болж, үржлийн цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж эхэлжээ. Өдгөө тэрээр гэрийнхээ уулын ой, хадан цохион дээр 200 гаруй зөгий торх байрлуулж, жилдээ 500 кг зөгийн бал цуглуулж, 100 мянга орчим юанийн орлого олдог болжээ.

Ши Шюэмин хэлэхдээ "Хадан цохион дээр зөгийн аж ахуй эрхлэх нь зөгийн балны сайн эх үүсвэрийг өгөхөөс гадна зөгийн мөн чанарыг сэргээж, байгалийн унаган төрхөөрөө зөгийн бал цуглуулах боломжийг олгодог. Үүний зэрэгцээ зөгийн торх нь салхи, бороонд бага өртөж, могой, хархнаас хамгаалагдсан байдаг.

Хамтын хөгжил цэцэглэлтийн амтат мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2021 онд Шепанши тосгоны "хоёр хороо"-ны зохион байгуулалтаар Ши Шюэмин болон бусад томоохон тариаланчид мэргэжлийн хоршоо байгуулжээ. Тус хоршоо нь тосгоны иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх технологийн сургалт явуулж, цахим худалдааны платформоор дамжуулан борлуулалтыг дэмжиж, тариаланчдад борлуулалтын сувгийг нээж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ.

Одоогийн байдлаар Шепанши тосгоны зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо 150 хүрч, зөгийн аж ахуй нь тосгоны иргэдийн орлогоо нэмэгдүүлэх гол салбар болоод байна.
