Өнгөрсөн зууны 80-аад оны зуны нэгэн нар дулайсан сайхан өдөр тав орчим насны хөдөөний жаахан хүү аавтайгаа хоёул үхэр тэрэг хөллөн Хөвөөт Шар хошууны Баянтал сумын Бага Давс багаас сумын төвийг зорин явжээ. Юм ховор байсан тэр цагт малчид жилдээ тоотой хэдхэн удаа сумын төв орж, амуу будаа хүнс, хувцас хунар худалдан авдаг байлаа. Сумын төв ороод аав нь хүүдээ:
- Миний хүү тэргээ сахиад сууж бай, аав нь юм аваад ирье гэж хэлээд наймаа хийхээр явжээ. Хүү ч ухаантай, ааваа иртэл үхэр тэрэгнээсээ төө салалгүй суулаа. Их удалгүй аав нь ирээд:
- Заа, миний хүү ухаантай юм, аав нь чамд чихэр авч өгнө гэж хүүгээ өхөөрдөн хэлэхэд:
- Чихэр авахгүй гэж хүү тоомжиргүй хариулав.
- Тэгээд юу авах вэ? гэхэд
- Үсэн бийр авна гэж хэлээд хүүгийн нүд нь гэрэлтэв. Юм авч өгнө гэж ам гарсан аав нь хүүгийн гуйлтаар сумын төвийн их дэлгүүрт хүрч үсэн бийр хайлаа. Бичиг хэргийн зүйл ховор байсан цаг гэнэ. Арай гэж үсэн бийрийг нь олоод автал бэх байдаггүй, аргагүйн эрхэнд болд бийрийн бэх худалдан авч өгсөнд хүү эрдэнэ олсон мэт баярлан гэртээ буцсан гэдэг.
Тэр хүү бол уран бичээч Дэгжилт байсан юм. Сургуулийн босгыг ч алхаагүй бага балчир байсан Дэгжилт ингэж анхны үсэн бийрээ авч, “Өнөр цэцэг”, “Залуучууд” зэрэг сэтгүүлээс үг үсэг хайж, дуурайн бичдэг болов. Бичих тусмаа сонирхож, үзэх тусмаа урамшиж ирнэ. Улмаар үе тэнгийн хүүхдүүдээсээ эрт үсэг сурч, үсэг нь ч их эртнээс тэгшрэн сайжирчээ. Дэгжилт ийнхүү анх монгол уран бичлэгтэй хувь барилдлагатай болсон аж.

Дэгжилт
Дэгжилт долоон настайдаа бага сургуулийн босгоор алхжээ. Тэрээр бусад хүүхдүүдээс илүү багшийн хайрыг татдаг хүүхдийн нэг байлаа. Үсэг нүдлэх нь түргэн, ялангуяа үсэг тэгшхэн бичдэг хүүхэд гэж дандаа магтуулдаг болов. Сайхан нь ч сайхан. Гэхдээ заримдаа багшийн даалгасан конспект хуулах хэцүү албанд оногддог байв. Дэгжилт харин үүнээс ерөөсөө залхахгүй, харин дуртай конспектоо хуулсаар байж, үсэг нь улам ч тэгширч, бүр илүү сайхан бичдэг болжээ. Дөрөвдүгээр ангид орсны дараа нэг өдөр багш нь түүнийг албан өрөөндөө дуудав.
- Чи энэ шүлгийг тэгшхэн сайхан хуулж бичээд өг гэж бийр цаас гардуулав.
Багшийнхаа захисан ёсоор нэг ч баллаж засалгүй бичиж өгөөд тоглохоор явлаа.
Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа сургууль нь бүх багш сурагчдыг цуглуулсан ёслол болов. Чухамдаа Хөвөөт Шар хошууны анх удаагийн дунд, бага сургуулийн сурагчдын цэвэр бичлэг, уран бичлэгийн уралдааны нэгдүгээр байранд шалгарсан Дэгжилтэд шагнал гардуулах ёслол байсан гэдгийг тэрээр өөрөө ч мэдээгүй байсан аж. Бүх хошууны олон олон хүүхдийн дундаас шалгаран гарч, олны өмнө нэрээ дуудуулан шагнал хүртсэн Дэгжилт ёстой л нар өвөртөлсөн мэт баярлан монгол үсэг бичиг, уран бичлэгт илүү хайртай болж, энэ л мэргэжлээр насны замаа болгоно гэсэн итгэл зориг тэр үеэс л ургаж эхэлсэн гэдэг.

"Миний эх орон" уран бүтээл
Анх дунд сургуулиа амжилттай дүүргэж, ахлах сургуульд шалгуулах цаг ирлээ. Багш нар нь, гэр бүлийнх нь бүх хүмүүс түүнд Уран зургийн сургуульд зураачийн мэргэжлээр суралцах санал тавив. Зураач хүн нэр төр сайтай бөгөөд тухайн үеийн Шилийнгол аймагт нэр нөлөө ихтэй уран зургийн сургууль байсан учраас зураач болвол Дэгжилтийн ирээдүй саруул дардан болно гэдэгт тэд итгэж байсан аж. Дэгжилт харин өөрийн гэсэн бодолтой, балчир бага наснаас нь сайн хань болж, оюун тархийг нь хурцалж өгсөн монгол үсэг, уран бичлэгээ тэр орхино гэж бодоогүй учраас 1994 онд Өвөр Монголын Монгол зураг бичлэгийн урлагийн дээд сургуульд Монгол уран бичлэгийн мэргэжлээр суралцах болжээ. Ийнхүү Дэгжилт Өвөр Монголын ахмад, идэр үеийн алдартай монгол уран бичээч Найралт, Б.Бөх, Б.Оргил зэрэг их багш нараас монгол уран бичлэгийн мэргэжил өвлөн сурч, өөрийн сурч судалж байсан суурин дээрээ монгол уран бичлэгээ илүү төгөлдөржүүлэн системтэй суралцаж, монгол уран бичлэгийн их аяныхаа торгон жолоог шүүрэн авсан байна.

“Өвгөн буурал эх нутаг минь”
Дэгжилт 1996 онд Өвөр Монголын Монгол зураг бичлэгийн урлагийн дээд сургуулиа төгсмөгц сургуульдаа үлдэж монгол уран бичлэгийн багшаар өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрээр мөн Хөххотын Монгол сургууль, Хөххотын Үндэстний туршилтын сургуульд монгол уран бичлэгийн багшаар уригдан, долоо хоног тутамд хоёр хичээл заадаг. Уран зургийн мэргэжлийг сурч эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл тэр монгол уран бичлэг, бийр бэхээ хором ч орхилгүй 24 жил бэх хатаалгүй ажиллаж иржээ. Өдөр бүр, цаг мөч болгон бэхээ зууран, бийрээ барьж л байвал хорвоогийн хамаг бүхнийг мартан, уран бичлэгтээ л зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн. Энэ үсгийг яаж бичвэл түүний урлагийн үнэ цэнэ тодрох, ямар үсэгт ямар тиг зохих гэдгийг бараг л өөрийн үс зүс, өмсгөл гоёлоосоо илүү хичээн шинжинэ. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэрээр монгол уран бичлэгт мэргэшин цагаарч, нийт түмний хайр таашаалд хүрсэн нэрт уран бичээч болсон байна.

“Чингис хаан дэлхий дээр хамгийн их нутаг дэвсгэр бүхий эзэнт гүрнийг байгуулав”
Дэгжилт олон жилийн туршид монгол уран бичлэгийн төлөө нэгэн сэтгэлээр хичээн зүтгэж, бүх орны хэмжээнд монгол уран бичлэгийн сургалт боловсролыг зохион байгуулж хийсээр ирсэн бөгөөд өнөөдөр нийт 300 гаруй хүнийг монгол уран бичлэгийн замд ганзага нийлүүлээд байна. Түүний монгол уран бичлэгийн томоохон уран бүтээлүүд олон бөгөөд ноднин жил өөрийн уран бүтээлээсээ 70 ширхгийг сонгож, “Дээж” нэртэй уран бүтээлийн номоо хэвлүүлж ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярт бэлэг болгон барьсан байна. Онцлон тодруулахад тус номд Дэгжилтийн монгол уран бичлэгийн салбарт алдар хүндтэй гурван уран бүтээл багтжээ. Тухайлбал, “Миний эх орон” /Хятад улсын газрын зураг/, “Өвгөн буурал эх нутаг минь” /Өвөр Монголын Өөртөө Засах орны газрын зураг/, “Чингис хаан дэлхий дээр хамгийн их нутаг дэвсгэр бүхий эзэнт гүрнийг байгуулав” /Их Монгол Хаант улсын газрын зураг/ зэрэг гурван газрын зургийн монгол уран бичлэгийн бүтээл болно. Эдгээр бүтээл нь өргөнөөрөө 1.2 метр, уртаараа 1.6 метр хэмжээтэй.
- Уран бичлэг оролдож бичих нь бие махбодид сайн гэдэг ч өнөөгийн зах зээлд хуурамч бэх олшроод хэцүү байна. Хуурамч бэхийг хэрэглэхэд хүний нүд хөшиж ядраад, хүнддэж нүд сохрох магадлалтай байдаг. Ингээд би “Дээж” нэртэй үсэн бийр, бэх, цаас зэргийг үйлдвэрлэж хийлгэхээр төлөвлөж байна гэж Дэгжилт ярьж байлаа.
Дэгжилтийн ажил үүрэг гэж ар араасаа нэмэгдсээр. Энэ жил тэрээр Гирин мужийн Өмнөд Горлос, Монгол Улс, Халимаг, Буриадад очиж монгол уран бичлэгээ сонирхуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өөрийн эх нутаг Хөвөөт Шар хошуундаа уран бичлэгийн бүтээлээ бэлэглэх арга хэмжээ зохион байгуулах хүсэл бодолтой байгаа аж. Түүний шидэт гараас содон бүтээл тасаралтгүй ундрах болтугай.
Дэгжилтийн танилцуулга:
1975 онд Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошуунд төрсөн. 1996 онд Өвөр Монголын Монгол зураг бичлэгийн урлагийн дээд сургуулийг Монгол уран бичлэгийн мэргэжлээр төгсгөж, сургуульдаа үлдэн Монгол уран бичлэгийн багшаар ажилласан байна. Урьд хожид улс орны зэрэглэлийн уран бичлэгийн уралдаанд олон удаа шагнал гардаж явсан бөгөөд 2017 онд Өвөр Монгол орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн монгол уран бичлэгийн өвлөн уламжлагчийн өргөмжлөлийг хүртэв. Одоогоор Олон улсын монгол уран бичээчдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хятад улсын уран бичлэг, урлагийн нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, Өвөр Монголын монгол уран бичээчдийн нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, Өвөр Монголын “Содон” үндэстний соёлыг хөгжүүлэх ХК-ийн захирлаар ажиллаж байна.
