Найруулагчийн үг: 4 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба хамтарч “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага ”-ыг Хөххотод зохион байгуулсан билээ. Монгол Улсаас 23 сэтгүүлч оролцож, 5 өдрийн хугацаанд хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан хурал, уулзалтыг зохион байгуулснаас гадна, Хөххот, Ордос хотын бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийг амьдралд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдтэй танилцсан юм.
Доорх нийтлэл нь энэ удаагийн уулзалт ярилцлагад оролцсон Монгол Улсын 23 сэтгүүлчийн нэг болох Монголын Сайтын Холбооны нарийн бичгийн дарга www.undesten.mn болон www.ugluu.mn сайтын гүйцэтгэх захирал Цэрэндоржийн Мөнхбаатарын бичсэн аян замын тэмдэглэл болно.

Монголчууд бид Замын-Үүд боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөгжлийн хурдыг гайхдаг. Гэхдээ бид энэ удаад байшин барилга, зам харгуйн тухай биш, дэлхий нийтээрээ экологийн асуудлыг хурцаар тавьж байгаа энэ цаг үед манай урд хөршийн цөлжилт, элсний нүүдэлтэй хэрхэн тэмцэж байгаа туршлагаас хуваалцахыг зорилоо.
ӨМӨЗО-оор аялсан сэтгүүлчдийн 5 хоногийн аяллаас олон зүйл сэтгэлд тодхон үлдсэнээс онцлон ногоон хувьсгалыг урд хөршийнхөн маань “жинхэнэ утгаар” нь хэрэгжүүлж байгаа юм байна гэсэн бодол төрүүлсэн Хөх хотын “Монгол өвс” лаборатори компаниар зочилсон талаарх тэмдэглэлийг хүргэе.

Өвөр Монголчууд маань Эрээн хотоос эхлээд л элсэн дундах хот биш, ногоон байгууламж бүхий хот гэж санагдахуйцаар гудамж талбайгаа зүлэгжүүлж, мод бут тарьжээ. Тэнд мод тарьж, бас арчилж, ургуулж чаджээ.
Монголчууд бид мод тарина гэдэг насны буян нэмэх сайн үйл гэж үздэг. Тиймдээ ч Улаанбаатарчууд бид жил бүр мод бут тарих аяныг хэрэгжүүлдэг. Харин тарьсан модоо арчлах, ургах эсэхийг нь Хот тохижилтынхонд даатгаад үлдээдэг гэж хэлж болно.
Үнэн хэрэгтээ зүлэг мод тарина гэдэг Шинжлэх ухааны судалгаа тооцоонд үндэслэсэн асар том ажил байдаг юм байна. Үүнийг ӨМӨЗО-ны Хөх хот дах “Монгол өвс” компанийн ургамлын судалгааны лабораториор зочилж, тус лабораторийн дэлгэрэнгүй танилцуулгыг тайлбарлуулж байж сая бүрэн ойлголоо.

“Монгол өвс” компани нь бүх Хятадын хэмжээнд газрын хөрс, ургамал, өвс, модыг судлах томоохон хэмжээний лаборатори 8 байдгийн нэг нь энэхүү Хөх хот дах “Монгол өвч” компани юм байна. Тус лабораторид элсэрхэг хөрсөнд ургадаг болон халуун хүйтэнд тэсвэртэй ургамлыг судлах, лобариторийн аргаар үрслүүлж тарьж турших, мөн хотын цэцэрлэгжилтэд шаардлагатай цэцэгт ургамлын ургасан үрслэгээг нь хариуцан хот тохижилтынхонд шилжүүлэх зэрэг судалгааны болон туршилтын, дээр нь ургамлын үрслэгээний болон үндэслүүлэх ажлуудыг хариуцдаг компани ажээ.
“Монгол өвс” компанийн зүгээс ОХУ болон Монгол улстай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд тус улс орнуудад ургадаг өвс ургамлыг авч импортлон судалгааны болон туршилтын ажлуудыг хийж байгаа юм байна.
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус компаниар зочилсон нь Ногоон хувьсгал буюу дэлхий нийтэд тулгамдаж байгаа экологийн асуудал, цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг зогсоох асуудалд өмнөд хөрш маань ямарханхэмжээний анхаарал хандуулж байгааг баталсан хэрэг бизээ. Ши Жиньпин даргын ордон болон өрөөний цэцэрлэгжүүлэлтийг “Монгол өвс” компанийн эл лабораторид “бойжуулсан” амьд цэцэгсээр бүрдүүлсэн гэдгийг тус компанийн тайлбарлагч бидэнд хэллээ.
“Монгол өвс” компанид одоогоор 1000 гаруй ургамлын загварыг шилэн хоргонд байрлуулсан юм байна. Эдгээр ургамлууд нь хуурай болон хагас хуурай хөрсөнд ургадаг өвс байх бөгөөд тус лобариторид судалж, үрслэгээжүүлээд эргээд тохирох хөрсөнд нь ургуулж, бэлчээр газрыг ургамалжуулах, улмаар цөлжилтийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлдэг байна.


Өвөр Монголын газар нутгийн хэмжээний хөрсний байдлыг нь судалсны үндсэн дээр аль газар нутагт ямар өвс ургамал ургах вэ гэдгийг тус лабораторид ажиллаж байгаа биологичид яг таг тооцоолон гаргасан гэнэ. Мөн Өвөр Монголын газар нутгийн хэмжээнд цөлжиж байгаа болон цөлжих аюул нүүрлэсэн газруудад төрийн бодлогоор жилийн дөрвөн улиралд цөлжилтийн эсрэг мод бут тарих арга хэмжээг шат дараатай явуулж байгаа гэнэ.

“Монгол өвс” компанийн ургамлын үрийн агуулахад 1700 ургамлын үр агуулагдаж байгаагийн зэрэгцээ устаж үгүй болж байгаа өвс ургамлыг хамгаалж, ургуулах ажлыг хариуцан ажилладгын зэрэгцээ жилдээ 2 удаа цэцэглэдэг ургамлыг лабораторийн туршилтын аргаар гаргаж авсан ажээ.
Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх ургамал, цельсийн -30 хэмд тэсвэртэй ногоон зүлгийг бидэнд танилцуулсан юм. Түүнчлэн 1,5 м урт ургасан улиас болон бусад модлог ургамал дээр өөр бусад модлог ургамлыг залгаж ургуулсан байдал нь сонирхолтой төдийгүй үнэхээр анхаарал татсан үйл хэрэг байсныг энд дурдах нь зүй бизээ.
ӨМӨЗО-ны хаана ч очсон энд тэнд зулзаган мод тариалсан байдлыг та харах болно.


Тэгвэл Монголчууд эх орондоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод бут тарих, цаашлаад говийн бүсэд цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг зогсоох чиглэлд өмнөд хөршөөсөө судлах, суралцах, авч хэрэгжүүлэх зүйл олон байна гэсэн бодол “Монгол өвс” компаниар зочилсны дараа өөрийн эрхгүй төрж байлаа.
“Дугуйг дахин зохиодоггүй” гэдэгчлэн бид энэ чиглэлд бахдам амжилт гаргаж байгаа бэлэн жишээ болсон Өвөр монголчуудаас сурах зүйл их байна гэснээр бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.
